Японы найруулагч Шинья Цукамото дэлхий дахинд томоохон мөргөлдөөн гарах вий гэсэн айдас улам бүр нэмэгдэж байгаа нь өөрийг нь АНУ-ын Вьетнамын дайны үеийн, сэтгэл санааны хүнд шархтай ахмад дайчны тухай кино хийхэд хүргэсэн гэж баасан гарагт мэдэгджээ. Тэрбээр орчин үеийн үзэгчид дайны аймшгийг мартах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
Цукамотогийн хамгийн сүүлийн бүтээл болох “Ноён Нелсон, Та Хүн Алсан уу?” (Mr. Nelson, Did You Kill People?) кино Venice Film Festival-ийн үеэр анх удаа үзэгчдэд хүрч буй аж. Уг кино Африк гаралтай америк иргэн Аллен Нелсоны амьдралаас сэдэвлэжээ.
Нелсон Вьетнамд өнгөрүүлсэн хугацааныхаа дараа хийсэн үйлдлүүддээ гэмшиж, гэм буруугийн мэдрэмж болон гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-тэй тэмцэж амьдарсан аж.
Япон энхийг эрхэмлэсэн байр сууриасаа ухарч байна гэсэн болгоомжлол
Цукамото энэ төслийг долоон жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд тэр үед Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш баримталж ирсэн энхийг эрхэмлэсэн, пацифист байр сууриасаа аажмаар холдож байна гэсэн болгоомжлол түүнд төрж байжээ.
Цукамото Reuters агентлагт “Тэр үеийн санаа зовнил маань багасаагүй. Харин ч нэмэгдсэн” хэмээн ярьсан байна.
ХҮНИЙГ ОЙРООС ХӨНӨӨХҮЙ
Уг киног Аллен Нелсоны намтар номд үндэслэн бүтээсэн бөгөөд тэрээр туйлын ядуурлаас зугтахын тулд 18 настайдаа АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ангид элссэн тухайгаа өгүүлдэг. Гэвч Вьетнамд очоод тэрээр харгис хэрцгий дайны бодит төрхтэй нүүр тулжээ.
Тухайн үед энгийн иргэдийг Вьетконг буюу Өмнөд Вьетнамын коммунист партизануудыг дэмждэг гэж сэжиглэсний үндсэн дээр байнга хөнөөдөг байж. Кинонд аллага, айдас хүйдсийг цочирдом, маш бодитоор дүрсэлжээ.
Бие махбодын хүчтэй, ширүүн дүрслэлээрээ алдартай, Tetsuo: The Iron Man зэрэг бүтээлээрээ танигдсан Цукамото “Би дайны ямар аймшигтай болохыг мэдрүүлэх тэр мэдрэмжээс эхлэхийг хүссэн” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр “Зүгээр л оюун санаандаа төсөөлөхөөс илүүтэйгээр энэ киногоор дамжуулан үзэгчдэд дайныг биеэрээ мэдрүүлэхийг зорьсон” гэжээ.
Нелсоны дүрийг бүтээсэн жүжигчин Родни Хикс энэ дүрийг авахдаа өөрт нь “асар их хариуцлага” ногдсон мэт санагдсан гэж ярьсан байна.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Вьетнамын дайны тухай олон кино, түүх бидэнд бий. Гэхдээ Африк гаралтай америк ахмад дайчны амьдралыг төвд нь тавьсан бүтээл бараг байхгүй. Тэр ч байтугай зөвхөн цэрэг хүний тухай биш, PTSD-тэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ч хөндөж байна” гэж хэлжээ.

Нелсоны онцлог өөрийн хийсэн үйлдлээс зугтаагаагүйд байв
Цукамотогийн хэлснээр, Нелсоныг дайны тухай дурсамж, намтраа бичсэн бусад олон ахмад дайчнаас ялгаруулдаг зүйл нь өөрийн хийсэн үйлдлүүдтэй шударгаар нүүр тулах, тэдгээрээс зугтахгүй байх хандлага байжээ.
Тэрбээр дайнаас эх орондоо буцаж ирснийхээ дараа энгийн амьдралдаа эргэн ороход ихээхэн бэрхшээлтэй тулгарсан байна. Нойргүйдэл, айдас түгшүүрийн дайралт зэрэг асуудалтай байсан бөгөөд эцэст нь эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Кинонд түүний сэтгэцийн эмчийн дүрийг Жеффри Раш бүтээсэн бөгөөд эмч нь өвчтөнөөсөө дахин дахин “Чи яагаад хүмүүсийг хөнөөсөн юм бэ?” гэж асуудаг.
Японд очихдоо Нелсон хүүхдүүдийг онцгой анзаардаг байжээ
Хожим нь Нелсон дайны эсрэг үзэл санааг идэвхтэй түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй илтгэгч болсон байна. Тэрээр Японд олон удаа очиж байсан бөгөөд тус улсын энхийг эрхэмлэсэн Үндсэн хуульд гүнээ татагдсан аж.
Цукамото “Тэр дайны тухай юу ч мэддэггүй хүүхдүүдийн царайг харахдаа онцгой их баярладаг байсан” гэжээ. Мөн “Тэр ямар нэгэн байдлаар тэр хүүхдүүдийг хамгаалж, ирээдүйд тэднийг цэрэг болгохгүй байхыг хүсдэг байсан” хэмээн найруулагч ярьсан байна.
2005 онд Нелсон Вьетнамд эргэн очжээ
Эцэст нь, Нелсон 2005 онд Вьетнамд эргэн очиж, дайны үеэр болсон үйл явдлуудын төлөө гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Кинонд энэ мөчийг Вьетнамын хүмүүсийн өмнө дахин бүтээжээ. Үзэгчдийн дунд тухайн дайнд өөрсдөө оролцож байсан Вьетнамын иргэд ч байсан аж.
Родни Хикс тэр үеийн уулзалтаа дурсахдаа “80 орчим настай нэгэн эрхэм намайг тэврээд, тавихгүй байсан” гэжээ. Тэр хүн Хикст “Чи америк хүн. Би Вьетконгт байсан. Үүнийг, Аллены үгсийг сонсоод би амар амгаланг мэдэрлээ” гэж хэлсэн байна.
Нелсон 2015 онд нас баржээ
Продакшны багийн мэдээлснээр, Аллен Нелсон 2015 онд уушгины хорт хавдрын улмаас нас барсан байна. Түүний өвчин Вьетнамын дайны үеэр Agent Orange буюу Америкийн цэргийн хэрэглэсэн химийн хорт бодист өртсөнтэй холбоотой байжээ.
Цукамотогийн энэ кино Venice Film Festival Golden Lion шагналын төлөө өрсөлдөж буй 21 киноны нэг юм байна.
Алтан арслан шагналыг есдүгээр сарын 12-нд гардуулах ажээ.
Эх сурвалж: REUTERS