АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад эрчимтэй хэлэлцээ хийснийхээ дараа ням гарагт Киевт очихоор төлөвлөжээ. Ийнхүү Вашингтон Орос, Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж байна.

Уиткофф, Кушнер нар бямба гаргийн үдээс хойш Кремльд Владимир Путинтэй гурван цаг орчим уулзсан байна. Үүний дараа тэд Оросын төрийн тэргүүнтэй хамт оройн зоог барьжээ.

Кремль уулзалтын үеэр Уиткофф, Кушнер нар Путинтэй ярилцаж буй дүрс бичлэгийг нийтэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтыг “ашигтай” болсон хэмээн тодорхойлж, Америкийн төлөөлөгчид энэ удаагийн айлчлалд “нухацтай бэлтгэсэн” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид байлдааны ажиллагааг аль болох хурдан зогсоох сонирхлоо илэрхийлж, мөргөлдөөнийг зохицуулах боломжит арга замын талаар “олон төрлийн санал, байр суурь” дэвшүүлсэн байна.

Ушаков мөн Уиткофф, Кушнер нар Путинтэй хийсэн уулзалтаар олж авсан ажиглалт, үнэлгээний талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийх уулзалтын үеэр ярилцахаа мэдэгджээ.

Киевт хийх анхны айлчлал

Америкийн төлөөлөгчид ням гарагт Киевт очих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойш тэдний Украины нийслэлд хийх анхны айлчлал болох аж.

Тэднийг Киевт очих үеэр Оросын Зэвсэгт хүчин Украины нийслэл болон бусад бүс нутагт пуужин, дроны цохилт тогтмол өгч буй нөхцөл байдал үргэлжилж буй юм байна. Тухайлбал, баасан гарагт Украины Аюулгүй байдлын алба буюу УАБА-ны төв байр дроны шууд цохилтод өртжээ.

Зеленский Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөц эрс багассанаар тус улс баллистик пуужингийн довтолгоонд илүү эмзэг болсон талаар мэдэгджээ.

Путин АНУ-ын төлөөлөгчид Украинд айлчлахтай холбоотойгоор Киев рүү чиглэсэн Оросын цохилтыг гурван хоног зогсоох тушаал өгснөө мэдэгдсэн. Гэхдээ энэ нь хоёр талын хооронд өргөн хүрээний гал зогсоох тохиролцоо биш гэдгийг онцолсон байна.

Үүний хариуд Зеленский бямба гарагт Уиткофф, Кушнер нартай ярилцсан бөгөөд Украин улс Москва руу хийх цохилтоо даваа гараг хүртэл зогсооход бэлэн болохыг мэдэгджээ.

Тэрээр X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ “Бямба гаргийн үлдсэн хугацаа, мөн ням, даваа гарагт Украин Москва руу цохилт өгөхөөс татгалзахад бэлэн байна. Үүний хариуд Орос ч Киев рүү хийх цохилтоо зогсооно гэж бид хүлээж байна” гэжээ.

Мөн Зеленский “Стив Уиткофф, Жаред Кушнер нарыг хүлээж байна. Бодитой, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн мэдэгджээ.

Путин: Нөхцөл байдал амаргүй байна

Бямба гаргийн уулзалтын эхэнд Путин хэлэлцээ амаргүй болохыг хүлээн зөвшөөрөөд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт мэндчилгээ болон талархлаа уламжлахыг Уиткоффоос хүссэн байна.

Путин “Өнөөдөр бидний шийдвэрлэх ёстой нөхцөл байдал мэдээж амаргүй. Гэхдээ эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч ноён Трампад миний өмнөөс хамгийн сайн сайхныг уламжилж, талархал илэрхийлээрэй гэж хүсэж байна” гэжээ.

Харин Уиткофф Путинд хандан дипломат харилцааг илүү найрсаг өнгө аястайгаар тодорхойлж, тэдний уулзалтууд хожим дурсамж болон үлдэх талаар ярьсан байна.

Уулзалтад Юрий Ушаковын зэрэгцээ ОХУ-ын Үндэсний баялгийн сангийн тэргүүн, Кремлийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев мөн оролцжээ. Дмитриев уулзалтыг “энхийг тогтоох чухал айлчлал” хэмээн үнэлэн X платформд бичсэн байна.

Киевийн орчим дахь нисэх буудлуудад цохилт өгчээ

Зеленский мөн бямба гарагт Оросын пуужингууд Киевийн ойролцоох хоёр нисэх буудалд цохилт өгсөн талаар мэдэгджээ. Тэдгээрийн нэг нь дайны өмнө олон улсын нислэг хүлээн авдаг байсан Бориспилийн нисэх буудал аж.

Зеленский эдгээр цохилтыг АНУ-ын төлөөлөгчид онгоцоор Украинд ирэх боломжтой болох талаар яригдаж байгаатай холбоотой Оросын хариу үйлдэл байж магадгүй гэж үзжээ.

Дайн эхэлснээс хойш Украинд айлчилж буй гадаадын өндөр түвшний албан тушаалтнууд ихэвчлэн Польшоос галт тэргээр Киевт хүрдэг. Оросын дээрх цохилтууд АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

Трамп: Дайн дуусгах энхийн санал авч явна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Уиткофф, Кушнер нарыг “маш сайн хэлэлцээчид” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр “Тэд дайныг дуусгах санал авч явж байна. Бидэнд үүнийг хэрэгжүүлэх сайн боломж байж магадгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ Кремлиэс илүү болгоомжтой байр суурь илэрхийлсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ-ын зуучлагчид дайныг дуусгах шинэ санал авч явж байгаа эсэх талаар асуухад, Трамп өөрөө өмнөх өдөр “шинэ санааны тухай яриагүй” гэж мэдэгдсэн хэмээн хариулжээ.

Оросын байр суурь өөрчлөгдөөгүй

Оросын албан тушаалтнууд Москвагийн байр суурь хэвээр байгааг илэрхийлсээр байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Украины асуудлыг зохицуулахдаа 'Украины нөхцөл байдалд ашигтайгаар биш, эсрэгээрээ өөрчлөгдөж буй газар дээрх бодит байдлыг' АНУ-ын засаг захиргаа харгалзан үзэх ёстой" гэж Оросын төрийн мэдээллийн TASS агентлагт ярьжээ.

Үүний зэрэгцээ Украины зүүн хэсгийн Донецк муж дахь стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн аж үйлдвэрийн хот Оросын цэргийн хүчний өсөн нэмэгдэж буй дарамтад орж, Оросын цэргүүд сүүлийн саруудад аажмаар урагшилж байгаа талаар мэдээлсэн байна.

Баасан гаргаас бямба гарагт шилжих шөнө Оросын цохилтууд Украины бусад бүс нутагт ч үргэлжилсэн бөгөөд Хар тэнгисийн боомтууд болон төвийн Днепропетровск муж дахь үйлдвэр пуужингийн халдлагад өртжээ.

Зеленский АНУ-ын зуучлагчдын айлчлалын өмнө баасан гарагт “Бидний зорилго бол Америкийн талтай аль болох бүтээлч, үр дүнтэй хэлэлцээ хийх явдал. Энэ дайныг хэрхэн дуусгаж болох бодит боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN