Монголын банкны холбооноос өнөөдөр (2026.09.08) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, банк, санхүүгийн салбарын 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт болон Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар танилцууллаа.

Тус холбооноос энэ удаагийн банкны салбарын тойм мэдээллээ “Шоконд бэлэн үү” хэмээн нэрлэсэн бөгөөд шатахууны хомсдолоос үүдэн эдийн засагт учирч болзошгүй эрсдэл, инфляц болон өрхийн санхүүгийн дарамтын талаар онцолсон юм.

Банкны салбар тогтвортой байгаа ч иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амарын мэдээлснээр, банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өсч, шинээр олгосон зээлийн дийлэнх нь бизнесийн салбарт чиглэжээ.

Үүний зэрэгцээ банкны салбар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулж, Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилд 7.7 хувиар өссөн байна.

Харин хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдсан ч иргэдийн өр, орлогын харьцаа чангарч, зээлийг дахин санхүүжүүлэх боломж хумигджээ. Үүний улмаас иргэдийн зээлээ эргэн төлөх чадварт дарамт үүсэж, хэрэглээний зээлийн чанар муудах хандлага ажиглагдсан байна.

Монголын банкны холбоо ялангуяа цалин, тэтгэвэр, карт болон автомашины зээлийн чанаргүйдэл нэмэгдэж буй нь өрхийн өрийн дарамт нэмэгдэж байгаагийн илрэл хэмээн үзэж буй аж.

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Албан ёсны зохицуулалттай банкны салбараас шахагдаж, хамгийн эмзэг хэсгийн иргэд хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муутай албан бус санхүүгийн зах зээл рүү шилжиж байна. Энэ асуудалд төр, засгаас анхаарч, зохицуулалт хийх шаардлагатай” гэв.

Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, экспорт голлон дэмжжээ

Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхай, тээвэр ложистик болон хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, оны эхний хагаст нүүрсний экспорт өндөр хэмжээгээр нэмэгдэж, экспортын нийт хэмжээ өмнөх үеэс 58 хувиар өсжээ.

Үүнээс гадна зэсийн экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар найман улирлын дараа сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна.

Гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан болон дайвар бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь экспортын өсөлтөд мөн нөлөөлжээ.

Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарамын мэдээлснээр, эдийн засгийн 7.7 хувийн өсөлтийн 3.9 нэгж хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна. Уул уурхайн олборлолт нэмэгдэхийн зэрэгцээ тээвэр, ложистикийн салбарын идэвхжил өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжжээ.

Харин төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал дансны алдагдал буурсан ч гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан нь санхүүгийн данс алдагдалтай гарахад нөлөөлжээ.

Төсвийн зардал нэмэгдэх нь инфляцад дарамт учруулж болзошгүй

Монголын банкны холбооноос эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа хэдий ч төсвийн бодлого болон инфляцын дарамтыг анхаарах шаардлагатайг онцоллоо.

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг өргөн барьсан бөгөөд төсвийн нийт зардал 28 хувиар өсөхөөр байгаа аж.

Одоогийн инфляцын түвшин 13 орчим хувьтай буй бөгөөд төсвийн нөлөөг тооцохгүй тохиолдолд оны эцэст инфляц 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэсэн тооцооллыг танилцуулав.

Тиймээс төсвийн тодотгол батлагдаж, урсгал зардал нэмэгдэх нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлж, улмаар иргэдийн бодит орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж.

Л.Амарын хэлснээр, төсвийн тодотголоор тодорхой бүлгийн иргэдийг инфляцын нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч байгаа ч хувийн хэвшилд ажиллаж буй 800 мянга орчим иргэний бодит орлого, амьжиргаанд дарамт нэмэгдэх эрсдэлтэй юм байна.

Иймээс төсвийн бодлогод болгоомжтой хандаж, инфляцыг нэмэгдүүлэхгүйгээр иргэдийн амьжиргааг дэмжих арга замд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Зээлийн өсөлт тогтворжиж, бизнесийн зээлийн чанар сайжирчээ

Монголын банкны холбооноос "Банкны салбарын зээлийн өсөлт энэ онд 16 хувьтай байгаа нь харьцангуй тогтвортой түвшин" гэж мэдээлэв.

Өнгөрсөн 2025 онд зээлийн өсөлт 30-40 хувьд хүрч байсан бол энэ онд зээлийн өсөлт саарч, банкны салбараас эдийн засгийн хэт халалт үүсгэхээргүй түвшинд хүрсэн байна. Харин бизнесийн зээл нийт салбаруудад харьцангуй жигд олгогдож, 30 орчим хувиар өсжээ.

Үүнийг дагаад бизнесийн салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурчээ. Тухайлбал, 2024 онд 17 хувьд хүрч байсан уул уурхай болон барилгын салбарын чанаргүй зээл 8-9 хувь хүртэл буурсан бол нийт банкны салбарын чанаргүй зээлийн түвшин 5 орчим хувьтай болсон байна.

Энэ нь банкны салбарын хувьд эерэг үзүүлэлт болохыг Монголын банкны холбооноос онцоллоо.

Төгрөгийн хадгаламж 25 хувиар өсжээ

Иргэд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдэж, валютын хадгаламж буурсан байна. Энэ нь төгрөгт итгэх итгэл тодорхой хэмжээгээр сайжирсныг харуулж байгаа аж. Тухайлбал, төгрөгийн хадгаламж 25 хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөлжээ.

Гэхдээ инфляц цаашид өсөх тохиолдолд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж буурч, улмаар сөрөг болох эрсдэлтэй. Иймээс иргэдийн валютын хадгаламж руу шилжих хандлага болон эдийн засагт долларжилт нэмэгдэхээс сэргийлэх бодлогын арга хэмжээ шаардлагатайг анхааруулав.

Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчээ

Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарамын мэдээлснээр, улсын төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн нь цар тахлын үеийн түвшинтэй ойролцоо хэмжээнд хүрсэн байна.

Төсвийн татварын орлого өмнөх үеэс 10 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 20 хувиар нэмэгдсэн нь төсвийн нийт зарлага өсөхөд голлон нөлөөлжээ. Үүний үр дүнд төсвийн тэнцэл алдагдалтай гарсан байна.