Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Уг баримт бичигт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтад үндэслэн хөгжлийн төлөвлөгөөний төсөл нь бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа байдал, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагуудыг хангаж буй эсэх, мөн бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдэд нийцэж байгаа эсэхийг иж бүрэн шинжилж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан байна.
Тус зөвлөл дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг суурь хуулиуд болон “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”,
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэл болгон ашигласан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулга,
2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөө, хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт бүхий хавсралтуудыг судалж, макро эдийн засгийн төлөв байдал, болзошгүй эрсдэл, бодлогын уялдаа, стратегийн нийцэл, хуулийн шаардлага, төлөвлөлтийн чанар, шалгуур үзүүлэлт, төсөв хоорондын уялдааг SMART үнэлгээ болон нийцлийн шинжилгээний аргачлалаар нарийвчлан үнэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо, төлөвлөлтийн иж бүрдэл, зорилгод чиглэсэн байдал, нөхцөл байдлын шинжилгээ зэрэгт тодорхой ахиц дэвшил гарч буйг тэмдэглэсэн хэдий ч бодит нөхцөл байдалтай уялдах, залгамж чанарыг хадгалах, үр дүнд суурилсан хандлагыг бүрэн хэрэгжүүлэх тал дээр дутагдал байсаар байгааг онцолсон бөгөөд үүний үндсэн дээр Монгол Улсын хөгжлийн 2027 оны жилийн төлөвлөгөөнд хийсэн шинжилгээгээр хэд хэдэн чухал дүгнэлтийг гаргасан байна.
Юуны өмнө макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх шаардлага өндөр хэвээр байгаа бөгөөд 2025 оны эдийн засгийн гүйцэтгэл, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд 2026–2027 онд эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй байх таамаглалын баталгаатай байдал тодорхойгүй,
ялангуяа 2026 оны өсөлт нь томоохон төсөл, хөтөлбөр болон үйлчилгээний салбараас хамаарах эсэх нь тодорхой бус байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн үндэс болсон эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодит таамаглалыг илүү нарийвчлан боловсруулах шаардлагатайг харуулж байна.
Мөн бодлогын уялдаа болон хуулийн шаардлагыг хангах байдалд ахиц гарч, жилийн хөгжлийн төлөвлөгөө нь урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй зорилго, хэрэгжилтийн түвшинд илүү нийцтэй болж байгаа нь эерэг хандлага.
Гэвч хөгжлийн тэргүүлэх зорилт, үндэсний үр дүнг тодорхойлохдоо хэмжигдэхүйц, бодитой, урт хугацааны зорилготой уялдсан байдлыг хангах шаардлага хэвээр байгаа бөгөөд ядуурал, дундаж давхарга, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн суурь салбаруудын зорилт, үр дүнг илүү тодорхой, оновчтой үзүүлэлтээр илэрхийлэх хэрэгцээ байгааг харуулж байна.
Түүнчлэн стратегийн түвшинд бодлогын уялдаа үндсэндээ хангагдсан хэдий ч хэрэгжилтийн шатанд доголдол ажиглагдаж байгаа бөгөөд хөгжлийн төлөвлөгөө нь “Алсын хараа–2050”, дунд хугацааны хөгжлийн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй зорилгын түвшинд нийцэж буй.
Гэвч үндэсний, салбарын болон хөтөлбөрийн түвшний үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийн уялдаа бүрэн хангагдаагүй, төлөвлөгөөний арга хэмжээнүүд ямар тэргүүлэх чиглэл, ямар үр дүнтэй шууд холбогдож байгааг тодорхой илэрхийлээгүй хэвээр байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны хувьд нийт 334 шалгуур үзүүлэлтийн зарим нь зорилтот түвшингүй, ерөнхий, хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон нь үр дүнд суурилсан үнэлгээ хийх боломжийг хязгаарлаж байгаа бол санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол дутмаг байгаа нь төлөвлөгөөний хэрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Ялангуяа зарим төсөл, арга хэмжээ санхүүжилтийн эх үүсвэргүй, олон төслийн хувьд санхүүжилтийн бүтэц тодорхой бус, хэт өөдрөг төсөөлөлд тулгуурласан байдал ажиглагдаж байгаа бөгөөд мега төслүүдийн хувьд нийт өртөг, санхүүжилт, үр өгөөж тодорхойгүй, олон жил төлөвлөгөөнд тусгагдсан ч бодит ахиц сул байгаа нь төслийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр ашигт анхаарах шаардлагатайг илтгэж буй юм.
Мөн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, хэрэгжүүлэгч байгууллага тодорхой бус, үр өгөөжийн тооцоо хангалтгүй байгаа нь төсвийн хуваарилалтын үр ашиг буурах, хэрэгжилт саарах эрсдэлийг бий болгож байна.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг боловсронгуй болгох хүрээнд хэд хэдэн зөвлөмжийг дэвшүүлсэн бөгөөд үүнд юуны өмнө хөгжлийн төлөвлөгөөний үр дүнгийн хэмжүүрийг оновчтой, тогтвортой болгож, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, тэргүүлэх чиглэл, үндэсний үр дүнг хэмжигдэхүйц, бодитой, урт хугацааны зорилгод нийцсэн байдлаар тодорхойлох, биелэлтэд хариуцлага тооцох механизмыг бий болгох шаардлагатайг онцолжээ.
Мөн бодлогын уялдаа холбоог илүү гүнзгийрүүлж, хэрэгжүүлж буй арга хэмжээ бүр үндэсний үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харуулах, жилийн төлөвлөгөөнд тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийг SMART зарчимд нийцүүлэн шинэчилж, тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, бодитой, хугацаатай байдлаар тогтоох, суурь болон зорилтот түвшинг үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна.
Үүний зэрэгцээ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, эдийн засгийн үр өгөөжийг ил тод, бодитой болгох, эрсдэлтэй, үр ашиггүй төслүүдийг дахин үнэлж эрэмбэлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн шалгуурыг нарийвчлан тогтоох, төлөвлөлт ба төсөвлөлтийн уялдааг сайжруулж төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдлыг хангах шаардлагатайг дурджээ.
Түүнчлэн хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжих бодит боломжийг нарийвчлан үнэлж, үе шаттай хэрэгжүүлэх стратеги боловсруулах, судалгаагүй, ач холбогдол тодорхойгүй төслүүдийг төлөвлөгөөнд тусгахгүй байх, мөн УИХ-аас Засгийн газарт өгсөн өмнөх тогтоол, чиглэлүүдийн хэрэгжилтийг тогтмол хянах, тайлагнах механизмыг бүрдүүлэх нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.