Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 10.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.3 хувиар өсжээ. Энэ хугацаанд экспортын орлого 6.8 тэрбум ам.долларт хүрсэн бол импортод 3.6 тэрбум ам.доллар зарцуулснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна.
Зэсийн экспорт тэргүүлж байна
Нийт экспортын 45.2 хувийг зэсийн баяжмал бүрдүүлжээ. Ингэснээр ойролцоогоор 3 тэрбум ам.долларын орлого төвлөрсөн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
-Зэсийн баяжмалын биет хэмжээ 37.2 хувиар өссөн
-Орлого нь 2.2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна
-Нүүрсний экспорт огцом өсжээ.
Мөн нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 64 хувиар нэмэгдэж, 37.3 сая тоннд хүрсэн байна. Үүнээс олсон орлого жилд 43 хувиар өсөж, нийт экспортын 87.7 хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ.
Импортын бүтэц ба өөрчлөлт
Импортын зардал өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй тогтвортой байжээ. Гэвч зарим гол ангилалд өөрчлөлт гарсан аж. Тухайлбал:
-Суудлын автомашины импорт 45 хувиар буурч, 25,820 ширхэг болсон
-Ачааны автомашины импорт 30 хувиар буурч, 6,204 ширхэгт хүрсэн
-Харин шатахууны импорт 24 хувиар өсөж, 1 сая гаруй тоннд хүрсэн байна.
Ийнхүү экспортын голлох орлогыг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлжээ.