Монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа ч үүнтэй зэрэгцэн үнэ тариф болон хүчин чадлын хүрэлцээ зэрэг томоохон асуудлууд дагалдаж байна.

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ энергиэр жилд 6-8 хувь, чадлаар 10 орчим хувиар өссөн бөгөөд өнгөрсөн онд нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.цагт хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна.

Гэвч энэ өсөлтийг дотоодын үйлдвэрлэл бүрэн хангаж чадахгүй байгаа тул нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодоос, харин 21.4 хувийг импортоор хангаж байгаа нь манай улсын эрчим хүчний систем гадаад эх үүсвэрээс тодорхой хэмжээнд хамааралтай болсон нь тод харагдаж буй.

Тухайлбал, энэ онд ОХУ-аас 691 сая кВт.цаг эрчим хүч импортлох бөгөөд оргил ачааллын үе болох арванхоёрдугаар сард БНХАУ-аас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 40 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөсөн нь хэрэглээний оргил үед дотоодын хүчин чадал хүрэлцэхгүй байгааг илтгэж байна.

Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос салбар алдагдалтай ажиллаж байгааг онцолж байна. Тэдний мэдээлснээр, цахилгаан, дулааныг үйлдвэрлэсэн өртгөөс нь хямд үнээр борлуулж ирсэн нь их хэмжээний санхүүгийн алдагдал бий болгож, улмаар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан байна.

Иймд өнгөрсөн онд үнэ тарифыг зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн бөгөөд энэ удаагийн өөрчлөлтөд ашиг тооцоогүй, зөвхөн өртөгт ойртуулах зорилго баримталсан гэж тайлбарлаж байв. Мөн хэрэглэгчдэд ирэх дарамтыг аль болох багасгах хувилбарыг сонгосноо онцолж байсан билээ.

Шинэ тарифын зохицуулалтаар айл өрхийн цахилгааны үнийг хэрэглээнээс хамаарсан шаталсан хэлбэрт шилжүүлсэн нь олон улсын жишигт нийцсэн алхам болжээ. Тодруулбал, сард 0-150 кВт.цаг хэрэглэсэн тохиолдолд нэгжийг 175 төгрөгөөр, 150-300 кВт.цагийг 256 төгрөгөөр, харин 300-аас дээш хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор болсон нь бага хэрэглээтэй өрхүүдийг хамгаалах, их хэрэглээтэй хэрэглэгчдийг хэмнэлтэд уриалах зорилготой байж.

Одоогийн байдлаар нийт 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 0-150 кВт.цаг, 40 хувь нь 150-300 кВт.цаг хэрэглэдэг бол 10 гаруй хувь нь 300-аас дээш хэрэглээтэй байгаа нь шинэ тарифын бүтэц ихэнх өрхөд шууд өндөр дарамт үүсгэхгүй байхаар тооцоолсныг харуулж байна.

Үүнээс гадна оргил ачааллын үеийн тарифыг шинээр нэвтрүүлж, хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулах боломжийг бүрдүүлсэн бөгөөд шөнийн тарифыг харьцангуй хямд байхаар тогтоосон нь эрчим хүчний ачааллыг жигд хуваарилахад чиглэжээ.

Гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхийн шөнийн хөнгөлөлтийг хэвээр үлдээж, нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өмнөх нөхцөлийг хадгалсан нь бодлогын тэнцвэрийг хадгалах оролдлого гэж үзсэнтэй холбоотой аж.

Салбарын сайд Б.Найдалаа эрчим хүчний үнэ тарифыг нэмэхээс өөр аргагүй байдалд байгааг мэдээлж буй.  Тэрбээр үнийн нэмэгдлийг эдийн засгийн бодит нөхцөлтэй холбон тайлбарласан бөгөөд сүүлийн жилүүдэд мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өссөн ч цахилгааны үнэ удаан хугацаанд өөрчлөгдөөгүйг онцолсон юм.

Сайд 20 жилийн өмнө өрхүүд орлогынхоо 15 хувийг цахилгаан, дулаанд зарцуулдаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 3 хувьд ч хүрэхгүй болсныг дурдсан нь эрчим хүчний үнэ бодит өртгөөс хэт доогуур байгааг илтгэж байна.

Ийнхүү эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл, хэрэглээ тогтмол өсөж, импортын хамаарал буурахгүй, санхүүгийн алдагдал нэмэгдэж байгаа зэрэг нь тарифын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болгож байгаа аж.

Хэдийгээр үнэ нэмэгдэх нь богино хугацаанд хэрэглэгчдэд ачаалал үүсгэх боловч урт хугацаанд салбарын тогтвортой байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Энэ утгаараа бодит өртөгт ойртуулсан тариф нь эрчим хүчний системийн ирээдүйг хамгаалах чухал алхам болох юм..