Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны дурсгалт газрын 160 дугаар булшинд хийсэн Монгол, БНСУ-ын хамтарсан археологийн малтлагаар нийт 413 олдвор илрүүлжээ.

Тэдгээрийн дунд Ромын эзэнт гүрний нутагт үйлдвэрлэсэн байж болзошгүй шилэн аяга, оршуулгын зан үйлд зориулсан хаш эдлэл, мөнгөн морины чимэглэл зэрэг ховор олдвор багтсан байна.

Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей болон БНСУ-ын Үндэсний төв музей хамтран 2023-2026 онд уг булшинд археологийн судалгаа, малтлага хийжээ. Судалгааны үр дүнг арваннэгдүгээр сарын 6-нд олон нийтэд танилцуулсан байна.

Энэ удаагийн судалгаа нь шинээр булш нээсэн үйл явдал бус, өмнө нь археологийн дурсгалт газарт бүртгэгдсэн булшны бүтэц, олдвор, түүхэн ач холбогдлыг нарийвчлан судалсан ажил гэдгээрээ онцлог аж.

БНСУ-ын Үндэсний төв музейн мэдээлснээр, уг байгууламж нь Монгол Улсад одоогоор тогтоогдоод буй Хүннүгийн хамгийн том булш бөгөөд үүдэвчийг нь оролцуулаад ойролцоогоор 73 метр урт, 14.5 метр гүн ажээ.

Судлаачид булшны есөн үе чулуун дараасыг үе шаттайгаар хуулж, төв хэсэгт нь хоёр давхар модон бунхан дотор авс байрлуулсныг тогтоосон байна.

Малтлагаас илэрсэн 413 олдворын дундаас бариултай шилэн аяга онцгой анхаарал татаж байгаа аж. Судлаачид уг аягыг Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн байх боломжтой гэж үзэж байгаа ч гарал үүслийг нь эцэслэн тогтоохын тулд материалын найрлагад нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатайг өгүүлжээ.

Мөн булшнаас илэрсэн мөнгөн морины чимэглэл нь Солонгосын хойгийн Пёньян орчмын Наннангийн булшнуудаас олдсон эдлэлүүдтэй хийц, хэв шинжийн хувьд төстэй байгааг судлаачид онцолжээ. Үүнээс гадна оршуулгын зан үйлтэй холбоотой хаш эдлэлүүд олдсон байна.

Эдгээр олдвор нь Хүннүгийн язгууртнууд Евразийн өргөн уудам нутагт оршин байсан соёл, худалдаа, харилцааны сүлжээтэй хэрхэн холбогдож байсныг судлахад чухал баримт болох аж.

Гэхдээ эд зүйлсийн гарал үүсэл, хийцийн төстэй байдал нь тухайн бүс нутгуудын хооронд шууд худалдаа, харилцаа байсныг дангаараа бүрэн нотлохгүй бөгөөд энэ асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай юм байна.

Судлаачид уг булшийг манай эриний I зууны сүүл үеэс II зуунд хамааруулан үзэж байгаа ч энд оршуулсан хүний хэн болох одоогоор тодорхойгүй байгаа аж. Тиймээс авснаас илэрсэн шүд, үсний дээжид шинжилгээ хийж, оршуулсан хүний гарал үүсэл болон дагуул булшинд оршуулсан хүмүүсийн хоорондын ураг төрлийн холбоог тодруулахаар төлөвлөжээ.

Дуурлиг нарсны 160 дугаар булшны судалгаагаар илэрсэн олдворууд нь ийн Хүннүгийн үеийн оршуулгын зан үйл, язгууртны эд хэрэглэлийн соёл төдийгүй тухайн үеийн Евразийн бүс нутгуудын харилцаа холбоог тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой аж.

Э.ЭГШИГЛЭН