Улаанбаатар хотын иргэдийн өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор энэ жил 15-20 мянган тонн мах нөөцлөхөөр ажиллаж буй ажээ.
Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг тогтоосон хугацаанд бүрэн бэлтгэх, чанар болон гарал үүслийг нь сайтар хянах, иргэдэд найдвартай нийлүүлэх үүргийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад өгсөн байна.
Мөн энэ оны төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд намрын ургацаас 12 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцлөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90 гаруй хувийг нь бүрдүүлээд байгаа аж.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн явцтай танилцаж, холбогдох албаныханд тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангахын тулд жил бүр 8-15 мянган тонн, зарим жил 20 мянга хүртэл тонн нөөцийн мах бэлтгэдэг уламжлалтай. Нөөцийн махны 60 орчим хувийг хонины, 40 орчим хувийг үхрийн мах эзэлдэг аж.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг урьдчилан бүрдүүлэх замаар өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг тогтвортой байлгаж, мах болон бусад бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхыг зорьж буй юм байна.
Э.ЦЭЦЭН