Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт "АНУ-ын тал Украин улс НАТО-д элсвэл хариуд нь Донбассаас татгалзах боломжтой эсэх асуудлыг хэлэлцээний үеэр анх удаа хөндсөн" гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагын талаарх мэдээллийг арваннэгдүгээр сарын 14-нд нийтэлсэн байна.
Зеленский “Америкчууд ‘Хэрэв Украин НАТО-д элсвэл Донбассаас гарах уу?’ гэсэн асуулт тавьсан. Энэ асуудлыг анх удаа хөндлөө” хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр, хэрэв АНУ болон НАТО-гийн бусад түнш орнууд Украинд ийм нөхцөлтэйгөөр гишүүнчлэл санал болгохоо баталгаажуулвал уг асуудлыг Украины ард иргэдээр хэлэлцүүлэх аж. Учир нь, ийм шийдвэрийг тэрбээр ганцаараа гаргах эрхгүйгээ онцолсон байна.
Гэхдээ Зеленский “Энэ нь эзлэгдсэн газар нутгийг Оросынх гэж ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх гэсэн үг огт биш” хэмээн тодотгожээ.
Мөн Зеленский "Украин улс өмнө нь НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд заасан зарчмын дагуу аюулгүй байдлын баталгаа олгохыг түнш орнуудаасаа хүсэж байсан" гэж дурдсан байна. Тэрбээр “Би Америкийн талд ‘Хэрэв та бүхэн НАТО-гийн баталгаатай төстэй ямар нэгэн зүйл бидэнд олговол Америкийн цэргүүд манай газар нутагт байрлах уу?’ гэж асуусан. Тэдний хариулт ‘Үгүй’ байсан” хэмээн ярьжээ.
Одоогийн байдлаар Киев улс түнш орнуудтайгаа “аюулгүй байдлын цогц багц” асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүнд НАТО болон Европын Холбооноос олгох тодорхой аюулгүй байдлын баталгаа, шаардлагатай тооны цэргийн алба хаагч, зэвсэг техник, тодорхой хугацаанд үзүүлэх санхүүгийн дэмжлэг багтаж буй юм байна.
Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч "Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой, бодит мөнгөн эх үүсвэрээр баталгаажсан “Хөгжил цэцэглэлтийн төлөвлөгөө” буюу “Prosperity Plan”-ийг уг багцад багтаасан" гэж мэдээлжээ.
Зеленский: Путин Европ дахь хилийн шугамыг өөрчлөхийг хүсэж байна
Зеленский мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европ дахь улсын хилийн шугамыг өөрчлөхийг зорьж байна гэж үзэж буйгаа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Тэрбээр “Путин Европ дахь хилийн шугамыг өөрчлөхийг хүсэж байгаа нь бодит үнэн. Энэ нь Европын аюулгүй байдлын баталгааг дахин авч үзэх тухай түүний үзэл баримтлалд багтаж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Зеленскийн таамаглаж буйгаар, Путин цаашдын хэлэлцээний үеэр Финланд, Швед, Унгар болон Балтийн орнуудад байрлаж буй Америкийн цэргийн хүчний асуудлыг хөндөж болзошгүй аж.
Тэрбээр “Хэрэв америкчууд үнэхээр ийм яриа хэлэлцээ хийхийг хүсэж, Европын аюулгүй байдлын бүтцийн асуудлаар Оросын талын санаачилгыг дэмжиж байгаа бол энэ асуудлыг хэн нэгэн дангаараа шийдэх ёсгүй. НАТО-гийн гишүүн Европын бүх улс орон хамтдаа шийдэх ёстой” хэмээн онцолжээ.
Зеленский энэ асуудлаар Умард Европын орнуудын төлөөлөгчид болон Европын бусад түнш улсуудтай ярилцсанаа мөн дурдсан байна.
Эх сурвалж: DW