Хэдхэн хоногийн дотор дуулиан шуугиан дэлхийн зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт бичигддэг компанийн тэргүүн, NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн албан тушаалаа орхиход хүргэж, түүний гэр бүлийг олны анхаарлын төвд оруулан, хиймэл оюун ухааны салбарын ирээдүйн талаар томоохон асуултуудыг үүсгэж, улмаар АНУ-ын улс төрийн хүрээнд ч дуулиан дэгдээв.

Пүрэв гарагийн өглөө Женсен Хуанг NVIDIA-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорлоо. Түүнийг гэр бүлээс гадуурх олон харилцаатай байсан гэх мэдээллүүд гарч, улмаар олон нийтийн болон албаныхны анхаарал улам бүр нэмэгдсэн.

Тэдгээр харилцааны нэг нь Хятадын бизнес эрхлэгч, NVIDIA-ийн харилцагч Megaspeed компанийн удирдах албан тушаал хашиж байсан Элис Хуантай холбоотой. АНУ-ын албаныхан түүнийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй этгээд хэмээн үзэж, шалгаж байсан тухай мэдээлэл бий.

NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн Санхүү хариуцсан захирал (CFO) Колетт Крессыг түр гүйцэтгэх захирлаар томилов. NVIDIA ирэх мягмар гарагт гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах үеэр хөрөнгө оруулагчид болон Уолл Стритийн шинжээчид шинэ удирдлагаас олон чухал асуултын хариулт нэхэх нь тодорхой байгаа аж.

Энэ хооронд Женсен Хуанг болон Дональд Трампын засаг захиргааны зарим гол албан тушаалтнууд NVIDIA-ийн чипийг Хятад руу худалдах, шилжүүлэх асуудлаар хууль тогтоогчдын асуултад хариулах нөхцөл байдалд оржээ.

Хуангыг арванхоёрдугаар сарын 1-нд Конгрессын хаалттай сонсголд мэдүүлэг өгөхөөр дууджээ. Хэрэв тэрбээр сайн дураараа оролцохоос татгалзвал албадан ирүүлэх зарлан дуудах хуудас гаргана гэдгээ хууль тогтоогчид мэдэгдсэн байна.

Мөн АНУ-ын Худалдааны сайд Ховард Латник ирэх сард Сенатын Банкны хорооны өмнө мэдүүлэг өгөхөөр зөвшөөрчээ. Тус хороо Женсен Хуангаас мөн тайлбар сонсох хүсэлт тавьсан байна.

Хуанг огцорсон нь технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгийн хувьд нэр хүндийн оргил үеэсээ богино хугацаанд огцом уруудсан үйл явдал болов. Тэрбээр 1993 онд Denny’s рестораны нэгэн ширээний ард NVIDIA-г хамтран үүсгэн байгуулснаасаа хойш 33 жилийн турш компанийг удирдаж, бараг бүхэлдээ NVIDIA-ийн нүүр царай нь байсаар иржээ.

Пүрэв гарагт албан тушаалаа орхисон нь үүнээс хэдхэн хоногийн өмнөх нөхцөл байдлаас эрс өөрчлөгдсөн явдал байж. Ням гарагт NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуанг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгахаа мэдэгдсэн ч түүний удирдах чадварт итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Түүнчлэн компанийн нууц мэдээлэл болон үндэсний аюулгүй байдалд халдсан нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байгаагаа онцолсон байна. Мөн тэр өдөр Хуанг гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн боловч тухайн харилцаанд холбогдсон хүний нэрийг дурдаагүй аж.

Гэвч дараагийн өдрүүдэд АНУ-ын Конгресс дахь үндэсний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол улам нэмэгдэж, үүн дээр Хуанг гэр бүлээс гадуурх өөр нэг харилцаатай байсан гэх мэдээлэл нэмэгдсэнээр Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг огцруулах шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.

Тус зөвлөл лхагва гарагийн орой хуралдаж, Хуангийн цаашдын хувь заяаг хэлэлцсэн бөгөөд маргааш өглөө нь тэрбээр албан тушаалаасаа огцорсон байна.

Дуулиан шуугианы улмаас NVIDIA-гийн хувьцааны ханш ч огцом унажээ. Баасан гарагийн арилжаа хаагдах үед компанийн хувьцаа долоо хоногийн эхнээс хойш 12.75 хувиар буурч, зах зээлийн үнэлгээнээс нь ойролцоогоор 573 тэрбум ам.доллар арчигдсан байна.

Гэхдээ энэ уналтын үр дагавар зөвхөн NVIDIA болон түүний хөрөнгө оруулагчдаар хязгаарлагдахгүй аж.

NVIDIA нь S&P 500 индексийн хамгийн өндөр жинтэй компаниудын нэг бөгөөд тус индексийн нийт зах зээлийн үнэлгээний ойролцоогоор зургаан хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймээс компанийн хувьцааны ханшийн уналт олон хүний хөрөнгө оруулалтын багц болон тэтгэврийн хуримтлалд өргөн хүрээний нөлөө үзүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: CNN