АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгээс нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар өнөөдөр /2026.11.09/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэнгийн мэдээлснээр, хуулийн байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, нийслэлийн хэрэгжүүлж буй 24 төсөл, хөтөлбөр, түүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шалгаж байгаа аж.
Одоогоор нийт зургаан хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын хүрээнд 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэг хийж, холбогдох байгууллагуудаас их хэмжээний цахим файл, тендер сонгон шалгаруулалт болон санхүүгийн баримт материалыг хураан авчээ. Мөн төсөл, хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд болон хэрэгжилтэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 200 орчим хүнээс мэдүүлэг авсан байна.
Үүнээс гадна хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цуглуулсан баримт материалд судалгаа, шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт, зөвлөмж гаргуулах зэрэг ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Х.Буянтүмэнгийн мэдээлснээр, шалгаж буй зургаан хэргийн нэгийг бүрэн шалгаж дуусган, дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Харин үлдсэн таван хэрэгт эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нийт есөн хүнийг яллагдагчаар татаж, хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Х.Нямбаатарт 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон асуудлаар хэрэг үүсгэжээ
Туулын хурдны замын төслийн урьдчилгаа санхүүжилт болох 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн асуудлаар хотын дарга асан Х.Нямбаатарыг шалгаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Х.Нямбаатарыг төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо тендерийн тухай хууль тогтоомжийн тодорхой заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.
Мөн санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үеийн орлогч дарга Т.Даваадалайд шилжүүлсэн, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээдээр баталгаа гаргуулан, улмаар 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн үеийн Б албан тушаалтан урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байхад Х.Нямбаатар уг эрхийг Т.Даваадалайд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлэв.
Х.Нямбаатарт яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах зорилгоор удаа дараа дуудан ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч ирээгүй аж. Шалгалтаар тэрбээр 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, гадаад улсад зорчсон нь тогтоогджээ.
Түүний одоогийн хаяг, байршлыг тогтоолгохоор ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны шугамаар олон улсын цагдаагийн байгууллагад хандсан байна. Одоогоор албан бус мэдээллээр Канад Улсад түр оршин сууж байгаа гэх мэдээлэл аваад байгаа аж.
Монгол Улс, Канад Улсын хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй боловч хоёр улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон. Тус конвенцын хүрээнд гэмт хэрэгт холбогдсон этгээд өөр улсын нутаг дэвсгэрт байгаа тохиолдолд шилжүүлэн өгөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт үйлчилдэг талаар Х.Буянтүмэн тайлбарлалаа. Энэ хүрээнд холбогдох олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байна.
Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор Х.Нямбаатараас гадна таван хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.
Мөн төслийн гүйцэтгэгч компанийн арилжааны банкууд дахь 14 дансанд байршуулсан нийт 339 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаажээ. Урьдчилгаа төлбөрт олгосон 500 тэрбум төгрөгөөс 339 тэрбумыг дансанд нь үлдээсэн бол 160 тэрбум төгрөгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Туул голын бургасан ойг огтолсноос 352.2 сая төгрөгийн хохирол учирчээ
Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлийн ногоон бүсийн 7.2 га талбай өртсөн байна.
Төслийн хүрээнд Туул голын бургасан ойг шилжүүлэн суулгах ёстой байсан боловч энэ шаардлагыг биелүүлэлгүйгээр өргөн хүрээнд огтолсон нөхцөл байдал тогтоогджээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр байгаль орчинд 352.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн байна.

Шинэ тойрог замын 16.9 тэрбум төгрөгийн тендертэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ
Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах нэрээр 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарласан асуудлыг мөн шалгажээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн үеийн нийслэлийн орлогч дарга Т.Даваадалай нь хамаарал бүхий гурван этгээдтэй хамтран тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, холбогдох хуулийн этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон бусад гурван албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Уг хэргийг мөрдөн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Одоогоор хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байна.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.
Сэлбэ дэд төвийн 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бүтээн байгуулалтыг шалгаж байна
Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотойгоор нийт долоон багц тендер зарласан бөгөөд үүнээс 4.2 багц буюу 994 айлын 14 блок барилгыг 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тус төслийн хүрээнд нэр бүхий хуулийн этгээдүүдийг сонгон шалгаруулахдаа тухайн үед хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг тендерт шалгаруулах ажиллагаанд оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.
Мөн хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий этгээд, хуулийн этгээдүүдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа талаар мэдээллээ.
Үүний нэг жишээ нь Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын зураг төсөв боловсруулах ажилтай холбоотой тендер юм. Х.Нямбаатарыг өөртэй нь нэгдмэл ашиг сонирхолтой гэж үзэж буй С гэх этгээдийн үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 3.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажилд шалгаруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.
Түүнчлэн тухайн хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын төв өргөөний засварын ажлын 678 сая төгрөгийн тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй гэж үзжээ.
Мөн Хэнтий аймгийн Бэрх тосгонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт уг хуулийн этгээдийг 2023 оны есдүгээр сард хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй асуудлыг тус тус мөрдөн шалгаж байна.
Ийнхүү АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тендер сонгон шалгаруулалт, санхүүжилт, хөрөнгийн зарцуулалт болон албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.