АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер "Ирээдүйд Орос улс Умард Атлантын цэргийн эвсэл (НАТО)-ээс сөргөлдөөний аюул заналхийлэлтэй тулгарахгүй гэдэгт итгэлтэй байх баталгааг АНУ эрэлхийлж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр X нийгмийн сүлжээндээ "Бид Украины аюулгүй байдлыг хангасан, Европ илүү хүчирхэг болсон, харин НАТО сөргөлдөөн хийхийг зорихгүй гэдэгт Орос улс итгэлтэй байх ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж байна" хэмээн бичсэн байна.
Кушнер мөн Киевт олгох аюулгүй байдлын баталгааг дайны дараах Европын аюулгүй байдлын ерөнхий тогтолцооноос тусад нь авч үзэж, батлах боломжгүйг онцолжээ. Түүнчлэн тэрбээр "Мөргөлдөөн үүсэх эрсдэлийг бууруулах илүү үр дүнтэй механизмуудыг боловсруулах шаардлагатай" гэж үзэж байгаа аж.
Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоо хэлэлцээний гол сэдэв болжээ
Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрдүүлэх асуудал нь арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Абу-Даби хотод болсон Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байв.
Москва НАТО Европ дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаад удаа дараа санаа зовниж буйгаа илэрхийлсээр иржээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам НАТО-той яриа хэлэлцээ хийхэд нээлттэй буйгаа мэдэгдсэн боловч ийм яриа хэлэлцээ нь талуудын эрх тэгш байдлын үндсэн дээр явагдах ёстой гэж онцолжээ.
Үүний зэрэгцээ Москва "Барууны орнууд Европ тивийг цэрэгжүүлэх бодлогоосоо татгалзах ёстой" гэж үзэж байга аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс НАТО-гийн гишүүн орнууд руу довтлох бодолгүй гэдгийг удаа дараа, дэлгэрэнгүй тайлбарлаж ирсэн байна.
Гэвч Москвагийн тал "Барууны орнуудын улс төрчид дотоодын асуудлаас олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд оршин тогтнохгүй аюул заналхийлэл зохиомлоор бий болгон, иргэдээ айдаст автуулж байна" гэж мэдэгддэг аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI