Хятад улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Эдийн засгийн удирдагчдын 33 дахь удаагийн уулзалтыг Шэньжэнь хотноо зохион байгуулагч орны хувьд нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааг хэлэлцэх асуудлынхаа тэргүүлэх гурван чиглэл болгон дэвшүүлжээ.
Долоо хоногийн турш үргэлжилсэн хуралдаан, хэлэлцүүлгүүдээр оролцогчид Ази, Номхон далайн бүс нутагт бүтцийн өөрчлөлтүүдийг хэрхэн даван туулах, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцсон байна.
Нээлттэй бүс нутгийн интеграцчлалаар дамжуулан инновацын боломжийг бүрэн нээж, технологийн үр өгөөжийг хуваалцах Хятадын зорилт өргөн хүрээнд дэмжигдэж байгаа аж. Энэ нь тус улсын инновацын чадавхыг зах зээлийн илүү өргөн боломж болгон хувиргаж, эдийн засгийн өсөлт болон Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах үйл явцад шинэ эрч хүч нэмж буй юм байна.
ИННОВАЦЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ХҮН БҮР ХҮРТЭХ ЁСТОЙ
Тайландын Чиангмайн их сургуулийн туршилтын дурианы тариалангийн талбайд хөдөө аж ахуйн багш Супакорн Вонгсук нисгэгчгүй нисэх төхөөрөмжөө нислэгт бэлтгэж байгаа аж. Тэрбээр Хятадад суралцаж төгссөн бөгөөд одоо тус улсад эзэмшсэн технологийн мэдлэгээ ашиглан халуун орны жимс тариалах илүү үр ашигтай аргуудыг судалж буй юм байна.
Дрон агаарт жигд хөөрч, дурианы моддын эгнээ дээгүүр нисэн, модны навч, мөчирт нарийн ширхэгтэй пестицид цацна. Супакорн "Пестицид цацахдаа дрон ашигласнаар ажлын бүтээмж нэмэгдэж, тариаланчид химийн бодист шууд өртөх нь багасахын зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах боломжтой" гэж ярьжээ.
Түүний үзэж байгаагаар, Хятадын технологийн инновацын үр өгөөж зөвхөн хөдөө аж ахуйн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээр хязгаарлагдахгүй аж. Тэрбээр "Залуучуудын хувьд дрон жолоодох, удирдах ажил нь хөдөлмөр эрхлэх шинэ боломжуудыг ч бий болгож чадна" гэж онцолсон байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Хятадын технологийн инновацууд үйлдвэрлэлийн улам бүр олон салбар, хүмүүсийн өдөр тутмын амьдралын өргөн хүрээнд нэвтэрч байгаа аж. Инновацын асуудал нь Шэньжэнь хотноо болсон АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын 2026 оны дээд хэмжээний уулзалтын үеэр ч онцгой анхаарал татсан сэдэв байжээ.
Индонезийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Андиня Н. Бакри хэлэхдээ "Инновац маш чухал. Гэхдээ инновацыг нэг шөнийн дотор бий болгох боломжгүй. Үүний тулд боловсролын хүчтэй дэмжлэг, олон жилийн турш хуримтлуулсан туршлага шаардлагатай. Энэ чиглэлд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж бид үзэж байна" хэмээн мэдэгджээ.
Оттавагийн их сургуулийн Мэргэжлийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал Жулиен Леклер-Дионн мөн "Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Ялангуяа технологийн чадавх, инновацын экосистем болон шинээр бий болж буй технологийг өргөн хүрээнд нэвтрүүлж, хөгжүүлэх туршлагыг нь харгалзан үзвэл энэ нь тодорхой харагдаж байна" гэжээ.
Тэрбээр цааш нь "Эцсийн дүндээ хамгийн чухал зүйл бол технологи хэр зэрэг дэвшилтэт болохдоо бус, харин инновацыг бүс нутгийн хэмжээнд хүмүүс, байгууллага, хамт олонд бодит боломж болгон хэр үр дүнтэй хүргэж чадаж байгаад оршино" хэмээн онцолсон байна.
НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ ШИНЭ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ
Лхагва гарагт нийтэлсэн АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын 2026 оны дээд хэмжээний уулзалтын Шэньжэний санаачилгад хиймэл оюун ухаан зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд нийгэм, эдийн засгийг өөрчлөх асар их боломжтойг онцолжээ.
Үүний зэрэгцээ эдгээр технологийг дагалдан гарч болох эрсдэл, зохицуулалтын сорилтуудыг хүлээн зөвшөөрч, бүс нутгийн хэмжээнд уялдаа холбоотой хяналт, зохицуулалт хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Уг баримт бичгийн гол цөмд бизнесийн салбарын удирдагчдын нэгдмэл байр суурь тусгалаа олжээ. Тодруулбал, аливаа улс орон технологийн томоохон нээлтүүдийн үр өгөөжийг дангаараа хүртэх, эсвэл тэдгээрийн үүсгэж болзошгүй сөрөг нөлөөг дангаар хянах боломжгүй. Харин бүс нутгийн гүнзгий хамтын ажиллагаа л инновацыг нийтээр хүртэх хөгжил цэцэглэлт болгон хувиргаж чадна гэсэн үзэл санаа аж.
Шинэ Зеландын Оклендын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Саймон Бриджес дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед хамтын ажиллагаа чухал болохыг онцолжээ.
Тэрбээр "Миний бодлоор хамтын ажиллагаа бол АПЕК-ийн гол зарчим юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болсныг бид бүгд мэдэж байна" гэж хэлсэн байна. Түүнчлэн Хятадын хиймэл оюун ухааныг хөгжүүлэх арга барил нь бусад улс орон тус улсын технологийн дэвшлээс суралцах боломж олгож буй «маш сайн жишээ» болж байгааг нэмж дурджээ.
Хятадын хиймэл оюун ухааны загваруудын сонирхол, хэрэглээ бүс нутгийн хэмжээнд улам бүр нэмэгдсээр байгаа аж
Өмнөд Солонгост энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг нээлттэй эхийн платформ болох Hugging Face-д орон нутгийн хөгжүүлэгчдийн байршуулсан хиймэл оюун ухааны загваруудын бараг тал хувь нь Хятадын суурь загваруудад тулгуурласан байжээ.
Цахим худалдаа, технологийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компани WPIC Marketing + Technologies-ийн гүйцэтгэх захирал Жейкоб Кук хэлэхдээ "Хятад улс нээлттэй жинтэй, нээлттэй эхийн, өртөг багатай хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэх замыг сонгосон. Эдгээр загварыг дэлхийн өнцөг булан бүрийн бизнес эрхлэгчид ашиглах боломжтой болж байна" гэжээ.
Тэрбээр дээд хэмжээний уулзалтын үеэр цааш нь "Хятадын эдгээр компаниуд уг технологийг хүмүүст туслах зорилгоор түгээхийн төлөө чадах бүхнээ хийж байна" хэмээн онцолсон байна.
Шэньжэний санаачилгыг нийтэлсэн нь АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтын 30 жилийн түүхэн дэх чухал үйл явдал болжээ. Энэ нь Хятадын нээлттэй бодлогын тэргүүн эгнээнд явж ирсэн, өдгөө дэлхийн инновацын томоохон төв болон хөгжсөн Шэньжэнь хотын хувьд түүхэн мөч байсан аж.
Өмнөд Солонгосын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн дэргэдэх АПЕК судлалын үндэсний төвийн захирал Ли Жү Гваны хувьд Шэньжэний тасралтгүй хөгжиж буй инновацын чадавх тус хотод байрлах цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн төв байранд зочлох үеэр бодитоор харагджээ.
Тэрбээр тус хотын технологийн хөгжил, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрийн нүдээр үзэж танилцсан байна. Ли Жү Гван "Миний үзсэн зүйлс үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа үйлдвэрлэлийн дамжлагад өмнө нь хүний гараар гүйцэтгэдэг байсан ажлуудыг роботууд хийж байгааг хараад ихэд гайхсан" гэж ярьжээ.
Тэрбээр мөн "Энэ жил АПЕК-ийг зохион байгуулахдаа Хятад улс нээлттэй байдал, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн санаачилгуудаа дэвшүүлж, шинэчлэн эрчимжүүлэх боломжийг ашиглалаа. Эдгээр хүчин чармайлт анхаарал татаж, дэмжлэг хүлээх ёстой гэж би үзэж байна" хэмээн онцолсон байна.
НОГООН ИННОВАЦ
Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс "Үнэхээр гайхалтай аялал байлаа" хэмээн ярьжээ. Тэрбээр өнгөрсөн зуны турш Италийн Ром хотоос БНХАУ-ын Хонконг хүртэл BYD компанийн цахилгаан автомашинаар нийт 15 мянган километр зам туулсан аяллаа ийнхүү дурссан байна. Энэхүү аяллаар тэрбээр Марко Пологийн түүхэн аяллын замыг дахин туулжээ.
Саксын хэлснээр, уг аялал нь ногоон технологи хэр зэрэг хөгжсөнийг бодитоор харуулсан байна. Тэрбээр АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын 2026 оны дээд хэмжээний уулзалтын өндөр түвшний хэлэлцүүлгийн үеэр "Энэ технологи хэдийнэ бий болсон. Тэдгээрийн ихэнх нь хөгжлийнхөө хамгийн дэвшилтэт шатанд Хятадад хүрээд байна" гэж мэдэгджээ.
Мөн Хятад улс ногоон технологийн өртгийг үлэмж бууруулснаар байгаль орчинд ээлтэй хөгжилд шилжих үйл явцыг илүү хүртээмжтэй, санхүүгийн хувьд боломжтой болгосныг онцолсон байна.
Тэрбээр "Ногоон хөгжилд шилжинэ гэдэг нь эх дэлхийгээ хамгаалахын тулд нэмэлт ачаалал үүрнэ гэсэн үг биш. Харин өртөг багатай, тогтвортой, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан эрчим хүчний системтэй болох тухай асуудал юм" гэж хэлжээ.
Хятадын ногоон инновацын үр өгөөж Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоулберн хотын оршин суугчдад ч хүрч байгаа аж.
Хятадын нэгэн компанийн нийлүүлсэн нарны эрчим хүч болон эрчим хүч хадгалах системийг хослуулсан цогц шийдлийн тусламжтайгаар тус орон нутгийн иргэд өөрсдийн нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ.
Уг байгууламж энэ оны гуравдугаар сараас эхлэн цахилгаан эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж эхэлсэн байна. Жилийн ашгийнхаа тодорхой хэсгийг эрчим хүчний ядууралд өртсөн, цахилгааны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оршин суугчдад туслах орон нутгийн санхүүжилтийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Гоулберн хотын оршин суугч Дэйв Саттл "Бид энэ тухай олон жилийн турш гэр бүлийнхээ хүрээнд ярилцсаар ирсэн. Харин одоо гэнэтхэн нарны хавтангуудын дунд зогсож, нарны гэрэл цахилгаан энерги болон хувирч, хүмүүсийн хэрэгцээнд хүрч байгааг нүдээрээ харж байна. Миний хүүхдүүд хүртэл орон нутгийн иргэдтэйгээ хамтран энэ төслийн багахан хэсгийг эзэмшиж байна" гэж ярьжээ.
Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Шинжлэх ухааны тэргүүлэх профессор, нарны зайн болон сэргээгдэх эрчим хүчний инженерчлэлийн мэргэжилтэн Мартин Грин Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа "Хятадын оролцоо байгаагүй бол нарны зайн хавтангууд өнөөдрийнх шиг хямд үнэтэй болох боломжгүй байсан нь гарцаагүй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Хятадын нарны фотоцахилгаан үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй жилийн турш хамтран ажилласан туршлагатай бөгөөд өдгөө Хятадын түншүүдтэйгээ нарны эрчим хүчний технологийн дараагийн үеийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй аж.
Мартин Грин "Хятад улстай хамтран ажилласнаар нарны зайн технологийн үр ашгийг илүү богино хугацаанд дээшлүүлэх боломжтой гэж бид үзэж байна" хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: XINHUA