“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг. Энэ хүрээнд насанд хүрэгчдийн зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтад 44 нэр, төрлийн эм нэмж, нийт 546 болгожээ.
Харин хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV жагсаалтад нийт 238 нэрийн эм багтсанаас энэ онд 22 нэр, төрлийн эмийг шинээр нэмсэн байна. Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн жагсаалтаас 85, хүүхдийн жагсаалтаас 30 нэрийн эмийг тус тус хасжээ.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв “Зайлшгүй шаардлагатай эм гэдэг нь эмнэлзүйн зааварт хэрэглээ, үр нөлөө нь нотлогдсон, эмчлүүлэгчдэд нэн хэрэгцээтэй, эмчилгээний нэгдүгээр сонголтод багтдаг эмийг хэлнэ.
Жагсаалтад шинээр эм нэмэх, эсвэл хасахтай холбоотой саналыг мэргэжлийн байгууллагын салбар зөвлөлөөс хоёр жил тутам ирүүлдэг.
Энэ жилийн шинэчлэгдсэн жагсаалтаас иргэдийн өргөн хэрэглэдэг Урсофальк эмийг хассан. Тус эм нь цөс хөөх, цөсийг шингэлэх үйлдэлтэй болохоос элэгний үрэвслийн үед хэрэглэх, элэг хамгаалах үйлчилгээтэй эм биш юм. Мөн эмчийн хяналтад, заасан тунгаар хэрэглэх шаардлагатай бөгөөд зохисгүй хэрэглэвэл эсрэг заалт, гаж нөлөө илрэх эрсдэлтэй. Иймээс эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас хассан.
Түүнчлэн тархины цусан хангамжийг сайжруулах дэмжих эмчилгээнд хэрэглэдэг Цитиколин эмийг хассан. Учир нь уг эмчилгээний нэгдүгээр сонголт болох нь батлагдаагүй бөгөөд эмнэлзүйн нотолгооны түвшинд хангалттай судлагдаагүй.
Мөн бөөрний архаг дутагдлын үед, гемодиализийн эмчилгээнд орохоос өмнө хэрэглэдэг Ноцид эмийг жагсаалтаас хассан. Энэ эмийг Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгаагүй, олон улсад дэмжих эмчилгээний хүрээнд хэрэглэдэг тул зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад үлдээх үндэслэлгүй гэж үзсэн” гэв.
Э.ЦЭЦЭН