Дэлхийн зах зээлд 2025 онд түүхэн өсөлт үзүүлж, 2026 оны эхээр нэг унц нь 5,500 ам.доллар даван шинэ дээд түвшинд хүрсэн алтны ханш сүүлийн саруудад огцом буурч, хөрөнгө оруулагчид болон төв банкуудын анхаарлыг татаж байна.
Өмнө нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн зөрчил, инфляцын эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай хөрөнгийн нэг гэж тооцогдож байсан алт ийнхүү богино хугацаанд үнэ цэнээ алдаж буй нь зах зээлд шинэ нөхцөл байдал үүсгэжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, алтны спот ханш 2026 оны нэгдүгээр сарын оргил үеэр нэг унц нь 5,594.82 ам.долларт хүрсэн бол арваннэгдүгээр сарын 20-ны арилжааны үеэр 3,513.54 ам.доллар хүртэл буурсан байна. Ингэснээр алт оргил ханшаасаа дээд цэгийн өдрийн уналтаар тооцоход 37 орчим хувиар хямдарчээ.
Мөн арваннэгдүгээр сарын 20-ны арилжаагаар спот алт 3,585.92 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан бол долоо хоногийн хугацаанд найман орчим хувиар буурсан нь сүүлийн найман сарын долоо хоногийн хамгийн огцом уналт болов.
Алтны ханш яагаад ингэж огцом буурав?
Алтны ханшийн уналтын хамгийн гол шалтгаан нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой аж. АНУ-д инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд Холбооны нөөцийн сангийн зарим удирдлагууд үнийн өсөлтийг тогтоон барихын тулд мөнгөний бодлогоо улам чангаруулах шаардлагатай гэж үзэж буй юм байна. Тухайлбал,
Холбооны нөөцийн сангийн захирагч Лиза Күүк арваннэгдүгээр сарын 20-нд инфляц буурах хангалттай шинж тэмдэг харагдахгүй байгаа тул бодлогын хүүг цаашид өсгөх шаардлагатай гэж мэдэгджээ. Зах зээлд арванхоёрдугаар сарын 8–9-нд болох Холбооны нөөцийн сангийн хурлаар бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх хүлээлт давамгайлж байна.
Энэ нь алтны зах зээлд шууд дарамт үзүүлдэг. Учир нь, алт өөрөө хүүгийн орлого бий болгодоггүй хөрөнгө. Харин АНУ-ын Засгийн газрын бонд болон мөнгөний зах зээлийн бусад хэрэгсэл хүүгийн өгөөж санал болгодог.
Бодлогын хүү өсөхийн хэрээр бондын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид хүүгийн орлого өгдөггүй алтаас илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл рүү хөрөнгөө шилжүүлэх сонирхолтой болдог. Үүний зэрэгцээ ам.долларын ханш чангарснаар бусад улсын валют эзэмшигчдийн хувьд доллароор үнэлэгддэг алт илүү үнэтэй болж, худалдан авах эрэлт нь сулардаг байна.
Алтны ханшид нөлөөлж буй дараагийн хүчин зүйл нь дэлхийн хөрөнгийн зах зээл дэх хөрвөх чадварын эрэлт юм. Тухайлбал, хиймэл оюун ухааны салбарын хувьцаануудын огцом уналтын улмаас Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ аравдугаар сарын эхнээс арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл 1.9 их наяд ам.доллароор буурсан талаар Reuters мэдээлжээ.
Ийм нөхцөлд бусад хөрөнгө оруулалтаасаа алдагдал хүлээсэн зарим хөрөнгө оруулагч бэлэн мөнгө босгохын тулд алт зэрэг хөрвөх чадвар өндөртэй хөрөнгөө зарж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд эрсдэл нэмэгдэх бүрд алт заавал өсдөг гэсэн уламжлалт ойлголт богино хугацаанд үйлчлэхгүй байж болохыг энэ удаагийн уналт харуулж буй юм.
Геополитикийн хямрал алтны ханшийг яагаад өсгөсөнгүй вэ?
Ерөнхийдөө дайн, олон улсын зөрчил, улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор алт худалдан авдаг. Гэвч энэ удаад Ойрхи Дорнодын хурцадмал байдал алтны ханшийг тогтвортой дэмжиж чадсангүй.
Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ, Израилийн Ираны эсрэг дайн хоёрдугаар сарын сүүлээр эхэлснээс хойш газрын тосны үнэ өсөж, дэлхийн инфляцын дарамт нэмэгдэх болгоомжлол бий болсон байна.
Газрын тосны үнийн өсөлт инфляцыг дахин өдөөж, төв банкууд бодлогын хүүгээ бууруулахын оронд өсгөх шаардлагатай болж болзошгүй гэсэн хүлээлтийг нэмэгдүүлжээ. Энэ нь эргээд алтны эрэлтэд сөргөөр нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, геополитикийн хямрал алтны эрэлтэд эерэг нөлөө үзүүлэх нэг талтай боловч газрын тос, инфляц, бодлогын хүүгээр дамжин эсрэг нөлөө үзүүлж болохыг энэ удаагийн зах зээлийн хөдөлгөөн харуулж байна.
Төв банкууд алт худалдан авсаар байгаа ч зах зээлийн байдал өөрчлөгдөв
Алтны ханш буурч байгаа хэдий ч дэлхийн төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлогоос бүрэн татгалзаагүй байна. Дэлхийн алтны зөвлөлөөс 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд нийтэлсэн гуравдугаар улирлын судалгаагаар, төв банкууд болон албан ёсны байгууллагууд гуравдугаар улиралд нийт 321 тонн алтны цэвэр худалдан авалт хийжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улирлаас хойших улирлын хамгийн өндөр худалдан авалт болсон байна. Харин 2026 оны эхний есөн сарын байдлаар төв банкуудын нийт худалдан авалт 675 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өсжээ.
Польш, Хятад зэрэг орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож байгаа боловч худалдан авалтын хэмжээ улс орон бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал, Reuters-ийн арваннэгдүгээр сарын 16-ны мэдээллээр Польшийн төв банк 700 тонн алтны нөөцтэй болох зорилтоо биелүүлсний дараа худалдан авалтаа түр зогсоож болзошгүй байгаа ажээ.
Хятадын төв банк сүүлийн хоёр жилийн турш алт худалдан авах бодлогоо үргэлжлүүлж буй. Энэ нь улс орнууд валютын нөөцөө төрөлжүүлэх, ам.долларын хамаарлаа бууруулах, олон улсын санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор алтыг стратегийн хөрөнгө гэж үзсээр байгааг харуулж буй аж.
Хувийн хөрөнгө оруулагчдын худалдан авалт ч суларчээ
Алтны ханш өндөр түвшинд хүрсэн нь зөвхөн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдод төдийгүй энгийн иргэдийн худалдан авалтад ч нөлөөлж байна. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, 2026 оны гуравдугаар улиралд алтны гулдмай, зоосны нийт эрэлт өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурч, 268 тонн болжээ.
Энэтхэгийн хувьд энэ төрлийн худалдан авалт 40 хувиар буурсан бол Хятадад долоон хувиар өссөн байна. Өндөр үнэ болон ханшийн цаашдын чиг хандлагын талаарх тодорхойгүй байдал нь жижиг хөрөнгө оруулагчдыг худалдан авалтаа хойшлуулахад хүргэжээ.
Гэхдээ байгууллагын хөрөнгө оруулалтын зах зээлд эсрэг дүр зураг ажиглагдсан буй аж. Алтаар баталгаажсан биржийн сангууд буюу ETF-д гуравдугаар улиралд 211 тонн алттай тэнцэх хэмжээний хөрөнгө шинээр орж иржээ.
Ингэснээр эдгээр сангийн алтны нийт эзэмшил 4,256 тоннд хүрч, түүхэн амжилт тогтоосон байна. Энэ нь алтны зах зээлд богино хугацааны ханшийн уналт ажиглагдаж байгаа ч институцийн хөрөнгө оруулагчдын хувьд урт хугацааны сонирхол бүрэн алга болоогүйг илтгэж байна.
Цаашид алтны ханш ямар чиглэлд өөрчлөгдөх вэ?
Одоогийн нөхцөл байдлаас харахад алтны ханшийн цаашдын хөдөлгөөнд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого голлох нөлөө үзүүлэхээр байна. Хэрэв инфляц буурахгүй, бодлогын хүү өсөх хүлээлт хэвээр үргэлжилж, ам.доллар чангарвал алтны ханшид үзүүлэх дарамт үргэлжилж болзошгүй.
Харин инфляц саарч, бодлогын хүү буурах хүлээлт бий болж, ам.долларын ханш суларвал алтны эрэлт дахин сэргэх боломжтой аж.
Дэлхийн алтны зөвлөлийн арваннэгдүгээр сарын 3-нд танилцуулсан судалгаанд ч дөрөвдүгээр улирлын алтны зах зээлд эсрэг чиглэлийн хүчин зүйлс зэрэгцэн үйлчилнэ гэж дүгнэжээ.
Өндөр хүү, бондын өгөөж, ам.долларын чангаралт алтны эрэлтийг сулруулах бол геополитикийн эрсдэл, инфляцын болгоомжлол, төсвийн тогтвортой байдлын асуудал болон санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал алтны эрэлтийг дэмжих боломжтой гэж үзсэн байна.
Тиймээс зарим хөрөнгө оруулагчдын хувьд алтны ханшийн одоогийн уналтыг "худалдан авах боломж" гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь ханш тогтворжих хүртэл хүлээх байр суурь баримталж байгаа аж.
Хэдийгээр алт богино хугацаанд цаашид хэлбэлзэх эрсдэлтэй байгаа ч дэлхийн төв банкуудын нөөцийн төрөлжүүлэлт, олон улсын санхүүгийн тогтолцооны тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлс түүний урт хугацааны ач холбогдлыг хадгалсаар буй юм.
Эх сурвалж: REUTERS, WORLD GOLD COUNCIL