2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны ням гарагт Оросын цэргүүд Украины хэд хэдэн бүс нутагт цохилт өгсний улмаас олон арван хүн амь үрэгдэж, сураггүй болж, шархадсан байна.
Киев мужид долоогоос доошгүй хүн амиа алджээ
Киев мужид болсон халдлагын улмаас наад зах нь долоон хүн амь үрэгдсэн байна. Вышгород дүүргийн Дымер сууринд өнгөрсөн шөнө Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) орон сууцны таван давхар барилгыг онож, дөрвөн хүн амиа алджээ.
Оройн байдлаар нурангин дор дарагдсан байж болзошгүй 10 хүний байршил тогтоогдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байсан аж. Өмнө нь нурсан орцны нурангийг цэвэрлэх ажиллагааны үеэр нэг хүүхдийг эсэн мэнд аварсан тухай мэдээлж байжээ.
Киев мужийн Буча дүүргийн Вишневе хотод Оросын цэргийн халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна.
Киев мужийн Цэргийн захиргааны мэдээлснээр, халдлага үйлдсэн цохилт нь үйлчлүүлэгчидтэй байсан супермаркетад тусжээ. Шархадсан хүмүүсийн нэгийн биеийн байдал хүнд байгаа аж. Барилгад гарсан галыг бүрэн унтраасан байна.
Украины Telegram сувгуудад мэдээлснээр, Оросын нисгэгчгүй төхөөрөмж "Новус" худалдааны төвд туссан байна.
Белая Церковь дүүрэгт гал гарчээ
Киев мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко Оросын Зэвсэгт хүчний халдлагын улмаас Белая Церковь дүүргийн хувийн сууцанд гал гарсан талаар мөн мэдээлжээ.
Энэ үеэр нэг эрэгтэй амиа алдсан бөгөөд аврагчид түүний цогцсыг нурсан барилгын нуранги дороос гаргаж авсан байна. Мөн дөрвөн хүн шархаджээ. Нэг эмэгтэй тархины гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бол өөр нэг эмэгтэй дэлбэрэлтийн долгионы нөлөөгөөр гэмтсэн байна.
Белая Церковь хотод Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэлтэрхий дэлгүүрийн ойролцоо унасны улмаас хоёр хүн шархадсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ.
Мөн хувийн орон сууцны байшин, хоёр автомашин болон нэг үйлдвэрийн барилга байгууламжид гэмтэл учирсан гэж Тимур Ткаченко мэдээлсэн байна.
Днепропетровск мужид нэг эмэгтэй амиа алдаж, есөөс доошгүй хүн шархаджээ
Днепр хотод Оросын халдлагын улмаас нэг эмэгтэй амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлжээ.
Тэрбээр нийгмийн сүлжээндээ "Днепр хотод орон сууцны барилгууд болон дэд бүтцийн байгууламжууд гэмтсэн. Нэг эмэгтэй амиа алдсан. 22 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байна. Харин 49 настай эрэгтэйн биеийн байдал дунд зэрэг байна" хэмээн бичжээ.
Мөн эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгсөн байна. Түүний мэдээлснээр, өдрийн турш Оросын цэргүүд мужийн таван дүүрэгт нисгэгчгүй нисэх төхөөрөмж, их буу болон агаарын бөмбөг ашиглан 40 гаруй удаа халдлага үйлджээ.
Никополь дүүрэгт гурван хүн шархадсан байна. Тэдний дунд 64 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, 65 настай эмэгтэйн биеийн байдал дунд зэрэг байгаа аж.
Каменское дүүрэгт 51 болон 62 настай хоёр эрэгтэй шархадсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа бөгөөд дэд бүтцийн байгууламжууд мөн гэмтжээ.
Синельниково дүүрэгт хоёр хүн шархадсан байна. Мөн дэлгүүр, автомашин болон дэд бүтцийн байгууламжууд эвдэрч сүйдсэн байна.
Днепр дүүрэгт Оросын цохилтын бай нь дэд бүтцийн объектууд байжээ.
Славянск хотод хоёр хүн амь үрэгджээ
Донецк мужийн Славянск хотод Оросын цэргүүд орон сууцны барилга руу «ФАБ-500» загварын агаарын бөмбөг хаясан талаар мужийн прокурорын газраас мэдээлжээ.
Уг халдлагын улмаас нэг эмэгтэй болон тус хотын 56 настай эрэгтэй нийт хоёр хүн амиа алдсан байна. Мөн гурван хүн шархаджээ. Хотын хэмжээнд нийт есөн орон сууцны барилга эвдэрч гэмтсэн байна.
Запорожье хотод FPV дрон автомашиныг онож, Полтава орчимд үйлдвэрт халджээ
Запорожье хотод Оросын цэргүүд FPV төрлийн нисгэгчгүй төхөөрөмжөөр энгийн иргэний автомашин руу халджээ. Уг халдлагын улмаас 68 настай жолооч шархадсан бөгөөд түүний биеийн байдал дунд зэрэг байгаа талаар Запорожье мужийн Цэргийн захиргааны дарга Михаил Семикин мэдээлсэн байна.
Харьков хотын Салтовскийн дүүрэгт Оросын дрон есөн давхар орон сууцны барилгын дээврийг оножээ. Үүний улмаас нэг эмэгтэй шархадсан талаар мужийн Цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубов мэдээлсэн байна.
Харин Полтава дүүрэгт Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хувийн үйлдвэрийн эзэмшлийн талбайд унажээ. Урьдчилсан мэдээллээр, хүний амь нас хохироогүй байна гэж Полтава мужийн Цэргийн захиргаанаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW