“Бидний загалмайлсан ёс. Тэргүүн” төслийн хүрээнд кино найруулагч Эмир Кустурицагийн хийсэн ярилцлага
Эмир Кустурица: Энэхүү кинонд оролцохыг зөвшөөрсөн танд баярлалаа. Миний бодлоор энэ гайхалтай, сайн кино болно.
Эхний асуулт. Таныг төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд Орос орон таны өмнө улам бүр гайхамшиг, нууцлаг ертөнц болон нээгдэж, түүнийг удирдан жолоодохын тулд итгэл бишрэл, залбирал шаардлагатайг та мэдэрсэн гэж хэлж болох уу?
Владимир Путин: Орос улс мянга гаруй жилийн түүхтэй, асар баялаг түүхтэй орон гэдгийг та мэднэ. Энэ хугацаанд Оросын тухай өнгөц, түр зуурын ойлголтоос эхлээд мөн чанар, гүн гүнзгий утга агуулгыг нь хөндсөн олон зүйл бичиж, ярьсан. Бас сонин хачирхалтай зүйлс ч бий.
XVIII зуунд Миних хэмээх нэгэн фельдмаршал байжээ. Тэрээр нэгэнтээ “Орос бол Бурханаар шууд удирдуулдаг улс. Эс бөгөөс энэ улс хэрхэн оршин тогтнож байгааг ойлгохын аргагүй” хэмээн хэлсэн гэдэг. Наад зах нь түүнд ийм үг хамааруулдаг юм.
Үүнээс бараг зуун жилийн дараа, XIX зуунд эзэн хаан II Александр Оросыг удирдах хэцүү юу, ийм уудам, олон янзын орныг хэрхэн удирддаг вэ гэсэн асуултад “Оросыг удирдах огтхон ч хэцүү биш, харин туйлын ашиггүй ажил” хэмээн хариулсан гэдэг.

Эмир Кустурица: Германы яруу найрагч Райнер Мария Рильке "Орос бол Бурхантай хиллэдэг орон" гэж бичсэн байдаг.
Владимир Путин: Илүү нухацтай яривал би ингэж хэлнэ. Хүн гэдэг зөвхөн яс, арьснаас бүрдсэн биологийн биет зүйл биш. Харин хүний хамгийн гол, үндсэн мөн чанар нь сүнс юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бидэнд заяасан тэрхүү сүнс нь орчлон ертөнцийн адил мөнх бөгөөд хязгааргүй гэж үзвэл энэ нь орос хүмүүст ч, Орос улсад амьдарч буй бүх хүнд ч хамаатай.
Энэ утгаараа энд гайхамшиг ч бий, нууцлаг зүйл ч бий. Орос оронд ч энэ бүхэн гарцаагүй оршдог.
Эмир Кустурица: Гэхдээ өнөөдөр Орос улс хүн төрөлхтний сайн сайхны төлөө оршиж буй метафизикийн нэгэн онцгой илэрхийлэл гэж би итгэдэг. Үүний төлөө танд талархаж байна. Бид энэ төслөөрөө Орос оронд ямар үнэт зүйлс оршиж байгаа, Оросын үнэн алдартны сүм хийд болон Оросын соёл иргэншил эдгээр үнэт зүйлийг хадгалан хамгаалахын төлөө хэрхэн ажиллаж буйг харуулахыг зорьж байна.
Владимир Путин: Яг тийм.
Эмир Кустурица: Оросын үнэн алдартны сүм хийд өнөөдөр дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна. Харин Оросын төр улс нь бүхэл бүтэн Оросын соёл иргэншлийн үндэс суурь болдог. Оросын соёл иргэншил Христэд итгэгч бүх хүн аврагдан хоргодож болох нэгэн төрлийн хөлөг онгоц буюу авралын хөвөгч авдар болж чадах уу?
Владимир Путин: Чадна. Чадна. Гарцаагүй.
Би ингэж итгэлтэй хэлж байгаа нь зөвхөн Оросын теологи, философийн сэтгэлгээнд олон зууны турш оршин ирсэн “Москва бол гурав дахь Ром, дөрөв дэх нь хэзээ ч байхгүй” гэсэн үзэл санаатай холбоогүй юм.
Энэ нь юу гэсэн үг вэ? Христийн шашин Эртний Ромд үүссэн. Дараа нь Ром унаж, христийн шашин Ромын эзэнт гүрний зүүн хэсэг болох Византид шилжсэн. Тэнд анхны христийн шашинт эзэн хаан Константин төрийн тэргүүн болсон. Хожим Византи ч мөхсөн.
Гэвч тэр үед христийн шашин Оросын газар нутагт, Москва руу хэдийнэ нэвтэрсэн байсан. Москва энэ итгэл бишрэл, уламжлалыг үргэлжлүүлэгч болсон юм. Энэ утгаараа Москва гурав дахь Ром болж, эдгээр ариун нандин зүйл, өв уламжлалын оюун санааны хамгаалагч болсон хэрэг.
Гэхдээ гол нь энэ олон зууны турш Орост оршин ирсэн теологи, философийн үзэл санаанд ч биш юм. Харин өнөөдрийн бодит байдалд оршиж байна.

Өнөөдөр манай улсад бусад орноос, тэр дундаа Европын зарим улсаас Орос руу нүүн ирж буй хүмүүс бий. Энэ нь олон нийтийг хамарсан үзэгдэл биш ч гэсэн ийм тохиолдол гарч байна. Би тэдгээр хүмүүстэй ярилцахад Орос руу нүүх болсон гол шалтгаан нь өөрсдийн үнэт зүйлсээ хадгалах, гэр бүлээ хамгаалах, хүүхдүүдийнхээ ирээдүйг баталгаажуулах хүсэл эрмэлзэл байсан гэж ярьдаг.
Тэдний үзэж байгаагаар, хүүхдүүд нь уламжлалт шашны үнэт зүйлсийн хүрээнд өсөж хүмүүжих эрхтэй байх ёстой аж. Таны "Орос улс хүмүүсийг авран хамгаалах ийм хөвөгч авдар болж чадах уу?" гэсэн асуулт зөвхөн үнэн алдартны шашинтнуудад төдийгүй ер нь зөвхөн христийн шашинтнуудад ч хамаарахгүй.
Орос улсад уламжлалт дөрвөн шашин бий. Эдгээр нь буддын шашин, иудейн шашин, ислам болон үнэн алдартны шашин юм. Эдгээр шашны төлөөлөгчид хамтдаа хөгжиж байна. Ерөнхийдөө бидний уламжлалт үнэт зүйлс нийтлэг. Тухайн шашны зарим хүмүүс өөрсдийн урсгалын онцлогийг онцлон харуулахыг хүсдэг байж болох ч суурь үнэт зүйлс нь ижил байдаг.
Орос улс эдгээр уламжлалт үнэт зүйлсийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр хүмүүс тэдгээр үнэт зүйлд тулгуурлан амьдрах боломжтой орчныг бий болгож байна. Энэ утгаараа Орос улс таны хэлсэн тэрхүү авралын хөвөгч авдар болж чадна.
Үүний зэрэгцээ өнөөдөр бид олон нийгэмд, ялангуяа барууны орнуудад янз бүрийн цөөнхийн эрхийн төлөөх тэмцлийг ажиглаж байна. Энэ үнэндээ шинэ зүйл үү? Огт шинэ зүйл биш. Хүн төрөлхтний оршин тогтносон бүхий л түүхийн туршид ийм зүйл давтагдсаар ирсэн. Зүгээр л өнөөдөр тодорхой бүлгүүд илүү түрэмгий байр суурьтай болж, эрхээ илүү хүчтэй шаардах болсон хэрэг.
Дашрамд хэлэхэд, бид хэнийг ч ямар нэг зүйлээр хязгаарладаггүй. Харин Оросын үнэн алдартны сүм хийдийн үзэл санаа, Патриархын олон нийтийн өмнө байнга ярьдаг байр суурь, мөн Оросын төрийн бодлогын гол зорилго бол хүнийг, түүний оюун санааны мөн чанарыг, хамгийн гол нь биологийн хувьд оршин тогтнох чадварыг нь хамгаалах явдал юм.
Төрийн бодлогоороо үүнийг баталгаажуулж, сүм хийдийн энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих нь бидний зорилго. Мэдээж өнөөгийн соёл иргэншлийн шаардлага, цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн ажиллах ёстой. Гэхдээ энэ бол сүм хийдтэй хамтран хэрэгжүүлж буй бидний ажлын үндсэн чиглэл юм.
Энэ утгаараа Орос улс болон үнэн алдартны шашин таны хэлсэн тэрхүү авралын хөвөгч авдрын үүргийг гүйцэтгэж чадна.
Эмир Кустурица: Энэ нь барууны орнуудад христийн сүм хийд нийгэмд Оросын үнэн алдартны шашинтай адил асар их үүрэг гүйцэтгэхээ больсон бодит байдалтай хэрхэн холбогдож байна вэ?
Владимир Путин: Миний бодлоор энэ нь дараах зүйлтэй холбоотой. Бид Европ дахь ахан дүүсдээ хүндэтгэлтэй ханддаг. Христийн шашны зарим урсгалд үндэслэлгүй халдлага, дайралт гарч байгааг харах үедээ тэднийг дэмжихийг ч хичээдэг.
Гэхдээ сүмийн тодорхой журам, зарчмаас ухрах нь тухайн сүм хийдийн нийгэм дэх байр суурийг бэхжүүлэхэд тусалдаггүй, харин ч эсрэгээрээ нөлөөлдөг гэж би боддог.
Магадгүй эдгээр журам, зарчмаас ухарч байгаа нь ямар нэг зүйлийг шинэчлэх, илүү орчин үеийн, хүмүүст ойлгомжтой болгох, өнөөгийн амьдралд нийцүүлэх зорилготой байж болох юм. Гэвч миний бодлоор бодит байдал дээр энэ нь христийн шашны үзэл санааны нэр хүнд, сүм хийдийн хүмүүсийн ухамсар болон нийгэмд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх бус, харин бууруулахад хүргэж байна.
Эмир Кустурица: Сүүлийн таван жилийн хугацаанд Хойд Америкт нэг сая хагас шинэ үнэн алдартны шашинтан бий болсон.
Владимир Путин: Тийм ээ, би яг энэ тухай ярьж байна. Харин үнэн алдартны шашин миний сая хэлсэн үнэт зүйлсийг хамгаалдаг учраас хүмүүсийг өөртөө татаж байна.
Эмир Кустурица: Та ер нь “Оросын соёл иргэншил” гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлдог вэ?
Владимир Путин: Энэ бол амаргүй асуулт. Бид Оросын соёл иргэншлийн тухай ярьдаг. Гэхдээ энэ асуудлыг хөндөхдөө шударга байр сууринаас хандаж байгаа гэж боддог. Энд ямар нэгэн өөрийгөө хэт дөвийлгөх, бардамнах, биеэ тоох зүйл огт байхгүй.
Бид Оросын соёл иргэншлийг дэлхийн агуу соёл иргэншлүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Бид Хятадын соёл иргэншил гэх мэт бусад соёл иргэншлийг ч мэднэ. Хятадын соёл иргэншил хэдэн мянган жилийн түүхтэй.
Түүхээс бид юу болсныг мэднэ. Тухайлбал, монголчууд нэгэн цагт Хятадтай дайтсаар байгаад эцэст нь өөрсдийн монгол-хятадын угсаа залгамжлах төрийг хүртэл байгуулсан. Үр дүнд нь юу болсон бэ? Хятадууд монголчуудыг өөртөө уусгасан.
Эмир Кустурица: Тэнд үнэн алдартны шашин асар их үүрэг гүйцэтгэсэн.
Владимир Путин: Тийм ээ, би яг энэ тухай ярих гэж байна. Та туйлын зөв хэллээ.
Хятадын төр улс, ард түмэн нь тэдгээр байлдан дагуулагчдыг өөртөө уусгасан. Ингээд тэд бүрэн уусаж, ассимиляцид орсон. Эсвэл эртний Энэтхэгийн соёл иргэншлийг авч үзье. Маш сонирхолтой. Энэ талаар хэдийчинээ их танилцана, төдийчинээ сонирхол татдаг.
Би саяхан Ерөнхий сайд Модитой ярилцаж байхдаа “Танай улсын хэдэн иргэн үндсэн хэлээрээ ярьдаг вэ?” гэж асуусан юм. Тэрбээр “Ойролцоогоор 600 сая” гэж хариулсан. Би “Тэгвэл нийт хүн ам нь хэд вэ?” гэхэд “Нэг тэрбум таван зуун сая” гэсэн. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын гуравны нэг нь л гол үндэстний хэлээр ярьдаг. “Харин үлдсэн гуравны хоёр нь?” гэхэд “Өөр өөрийн хэлээр ярьдаг” гэсэн. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Үнэхээр гайхалтай!
Тэгвэл Оросын буюу Оросын соёл иргэншлийн ялгарах онцлог юу вэ? Та мэднэ, би энэ талаар байнга боддог. Тэгээд нэгэн дүгнэлтэд хүрдэг юм.
Оросын соёл иргэншил хэзээ ч хэн нэгнийг хүчээр өөртөө захирч байгаагүй. Харин Оросын ард түмэн, орос угсаатны хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Оросын эзэнт гүрэн, Оросын төр улсын нэгэн гэр бүлийн бүрэлдэхүүнд багтаж байсан бусад ард түмэн, угсаатны бүлгүүдийг ч хөгжих нөхцөлөөр хангаж ирсэн.
Бүгдэд нь хөгжих боломж олгож, өөрсдийнх нь оюун санааны тусгаар тогтнол, шашин шүтлэг, уламжлал, хэлийг хадгалан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байсан. Энэ нь тодорхой хэмжээгээр өвөрмөц онцлог бөгөөд Оросын соёл иргэншлийн давтагдашгүй шинж чанар юм.
Таны эхний асуултад эргэн хариулахад, Оросын нууцлаг байдал, онцлог юунд оршдог вэ гэдэг талаар Достоевский маш оновчтой хэлсэн байдаг.
Тэрээр "Орос хүн бусадтай амархан харилцаж, хамт амьдарч, өөр орчинд амархан дасан зохицдог" гэж хэлсэн. Ер нь орос хүнд хүн төрөлхтний нийтлэг чанарыг мэдрэх маш хүчтэй төрөлх зөн совин байдаг. Энэ нь Оросын соёл иргэншлийг бусдаас ялгаруулдаг зүйлсийн нэг юм.

Эмир Кустурица: Оросын төрийн тэргүүний хувьд та Оросын үнэн алдартны сүм хийдийг төр улсынхаа чухал, ариун нандин, оюун санааны салшгүй хэсэг гэж үздэг үү? Мөн та Патриарх Кириллтэй ямар харилцаатай байдаг вэ?
Владимир Путин: Сүүлчийн асуултаас тань эхэлье. Бидний харилцаа маш сайн, найрсаг. Төр, сүм хийдийн хоорондын харилцаа миний бодлоор маш бат бөх тогтсон. Үнэндээ энэ харилцаа өвөрмөц юм.
Оросын эзэнт гүрний үед ч эзэн хаан, төрийн тэргүүн нь шууд утгаараа сүмийн тэргүүн байгаагүй ч сүм хийдийн хамгаалагч, ивээн тэтгэгч гэж тооцогддог байлаа.
Өөрөөр хэлбэл, Англи, Их Британийнх шиг хатан хаан Англикан сүмийн тэргүүн байдаг шууд холбоо манайд байгаагүй. Гэхдээ төрийн тэргүүн сүм хийдтэй тодорхой хэмжээгээр холбоотой, чухал үүрэгтэй байсан.
Дараа нь Синод хэмээх улсын шашны дээд эрх мэдлийн байгууллага, мөн Ариун Синодын ерөнхий прокурор буюу төрийн төлөөлөгчийн бүтэц бий болсон.
Зөвлөлтийн үед төр засгаас сүм хийдийг төрөөс тусгаарласан гэж зарласан. Гэвч бодит байдал дээр Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, түүний орон нутаг дахь салбарууд ажиллаж, улс орны шашны амьдралыг удирдахыг оролддог байв. Ер нь хэн нь хэндээ илүү нөлөөлж байсныг хэлэхэд хэцүү.
Би ажлын гараагаа улсын аюулгүй байдлын байгууллагаас эхэлсэн. Тэнд дотоодын сөрөг хүчний үйл ажиллагааг хариуцсан тусгай нэгжүүд байсан. Зөвлөлт Холбоот Улсын үед сүм хийд нь төрийн эсрэг орших цорын ганц хууль ёсны сөрөг хүчин, өөр үзэл суртлыг илэрхийлэгч байгууллага байлаа.
Миний таньдаг, энэ чиглэлээр ажиллаж байсан КГБ-ийн бүх ажилтан нэгдүгээрт, бүгд загалмай хүртсэн хүмүүс байсан. Тэгэхээр төр, КГБ хоёр сүм хийдэд илүү нөлөөлж байсан уу, эсвэл сүм хийд төр засаг болон КГБ-ийн ажилтнуудад илүү нөлөөлж байсан уу гэдэг нь тодорхойгүй.
Удирдлагын бусад ажилтнууд бидэнд Улаан өндөгний баяраар уламжлалт баярын талх, будсан өндөг авчирдаг байлаа. Гэхдээ шашны амьдралд нөлөөлөх оролдлого байсныг үгүйсгэх аргагүй.
Харин өнөөдөр, Патриарх ч энэ тухай ярьдаг, төр, сүм хийдийн жинхэнэ тусгаар байдал бий болсон. Төр сүмийн дотоод амьдралд оролцохоо больсон.
Миний бодлоор, энэ нь маш том давуу талтай. Учир нь, сүм хийд төрийн аппарат, тогтолцооны нэг хэсэг болон хувирсан үед төрийн үйл ажиллагаа, эрх баригчдын ажлын үр дүнг шүүмжлэх нь ямар нэг байдлаар сүм хийдэд ч хамаатай болж ирдэг байсан.
Сүм хийдийг төрийн механизмын нэг хэсэг гэж үздэг байв. Тухайлбал, 1917 оны хувьсгалын дараах эхний жилүүдэд сүм хийдийг аймшигтай харгис хэрцгийгээр хавчин гадуурхаж байсан шүү дээ. Яагаад гэвэл тухайн үед хуучин төрийн тогтолцооны нэг хэсэг гэж үзэж байсан сүм хийдийг дарж устгахыг зорьсон хэрэг.
Харин өнөөдөр ийм зүйл байхгүй. Миний бодлоор энэ бол маш сайн, зөв зүйл. Ингэснээр сүм хийд өөрийн дотоод хууль, зарчмын дагуу чөлөөтэй хөгжих боломжтой болж байна.
Оросын төр улсын түүхэн дэх шашин, сүм хийдийн үүрэг, байр суурийн тухайд гэвэл үнэхээр онцгой юм.
Ямар ч нийгэмд шашны амьдрал, сүм хийд асар их ач холбогдолтой байдаг. Хэн юу гэж ярьсан ч энэ үнэн. Гэхдээ Оросын төр улсын түүхэнд сүм хийд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Яагаад гэвэл 988 онд хунтайж Владимир Русь нутгийг христийн шашинд оруулахаас өмнө юу байсан бэ? Нэгдсэн Орос улс байгаагүй, тусдаа угсаатны бүлэг болох нэгдмэл орос ард түмэн ч бүрэлдээгүй байлаа.
Ойролцоогоор 15 славян угсаатны бүлэг байсан гэж би санаж байна. Древлян, полян, кривич, вятич болон баруун хойд нутгийн бусад бүлгүүд гэх мэт. Гэхдээ нэгдмэл орос ард түмэн байгаагүй.
Харин хунтайжийн нэгдсэн засаглал, өнөөгийн бидний нэрлэдгээр нэгдсэн зах зээл буюу эдийн засгийн нийтлэг үйл ажиллагаа, мөн нэг хэл байсан нь маш чухал. Гэвч нэгдсэн шашин байгаагүй. Тэд бүгд шүтээн шүтдэг байсан. Шүтээнүүд нь зарим талаараа ижил, зарим талаараа өөр байж болох ч нэгдсэн шашин байгаагүй юм.
Тэгээд хамгийн сүүлчийн алхам хийгдсэн нь нэгдсэн шашин бий болсон явдал байлаа. Үүний дараа нэгдмэл орос ард түмэн, төвлөрсөн Оросын төр улс бүрэлдэн тогтсон.
Энэ утгаараа Оросын үнэн алдартны сүм хийд нь орос үндэстэн болон Оросын төр улсын үүсэл, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Тиймээс манай улсын хувьд Оросын үнэн алдартны сүм хийдэд хандах хандлага онцгой байдаг. Оросын үнэн алдартны сүм хийд ард түмэнтэйгээ үргэлж хамт байж, хамгийн хүнд хэцүү сорилтын үед ч дэргэд нь байсаар ирсэн.
Дашрамд хэлэхэд, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр, миний санаж байгаагаар Сталинградын болон Курскийн тулалдааны дараа буюу 1943 онд Сталин Патриархын тогтолцоог сэргээх шийдвэр гаргасан нь тохиолдлын хэрэг биш юм.
Зөвлөлт Холбоот Улсад үнэн алдартны сүм хийд, ер нь шашныг хэчнээн харгис хэрцгийгээр хавчин гадуурхаж, санваартнуудыг шууд утгаараа хэчнээн олноор нь устгаж байсан ч Аугаа эх орны дайны хүнд сорилт эхлэхэд сүм хийд эх орноо хамгаалахын төлөө эргэлзэлгүйгээр нэгдсэн юм.
Эмир Кустурица: Энэ сүмийн 1500 жилийн туршид суурь үндэс, журмууд нь өөрчлөгдөөгүй. Өнөөдөр технологи, биологийн хөгжил дунд төлөвшсөн шинэ үеийн хүн ирээд эндээс амьдралынхаа бат бөх суурийг олж харж байна. Магадгүй үүнээс болоод Америкийн зарим хүн үнэн алдартны шашинтан болохыг хүсдэг байх. Учир нь, энэ шашин 1500 жилийн турш өөрчлөгдөөгүй шүү дээ.
Владимир Путин: Тийм ээ. Би тантай санал нэг байна. Дөнгөж сая би ч бас бараг ийм зүйлийн тухай ярьсан. Бид мэдээж урагшлах ёстой. Бидний хөгжил дэвшилд юу ч саад болох ёсгүй. Гэхдээ хүнийг жинхэнэ хүн болгодог, хүн төрөлхтний үргэлжлэн оршин тогтноход тусалдаг суурь үнэт зүйлс гэж бий. Энэ бүхэн бол үнэн алдартны шашны үндсэн үнэт зүйлс юм.
Эмир Кустурица: Зөвхөн үнэн алдартны шашны төдийгүй хүн төрөлхтний үнэт зүйлс үү?
Владимир Путин: Мэдээж.
Эмир Кустурица: Та оросууд болон украинчуудыг дайснуудын өдөөсөн ахан дүүсийн хоорондын дайнд татагдан орсон нэг ард түмэн гэж олон удаа хэлж байсан. Та өнөөдөр украинчуудад юу хэлэхийг хүсэж байна вэ? Оросын ялалт тэдний эрх ашигт хэрхэн нийцэх вэ?
Владимир Путин: Маш эмзэг асуулт байна. Хариулах уу, болих уу гэдгээ ч сайн мэдэхгүй байна.
Эртний Ромын нэгэн алдартай хэлц үг бий. Энэ бол “Хувааж захир” гэсэн үг. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Эртний Ромын Сенатын зарчмуудын нэг юм. Утга нь маш энгийн. Хэрэв хүчирхэг, том, үр ашигтай, өсөн дэвжиж, нөлөө бүхий ямар нэгэн зүйл бий болвол тэр нь бодит байдал дээр Ромын хувьд аюул заналхийлэл болж хувирдаг. Тиймээс түүнийг хувааж, өөрийн эрх ашигт захируулан ноёрхох хэрэгтэй гэсэн санаа.
Манай улсын түүхэнд ийм зүйл олон удаа тохиолдсон. Орос улс хүчирхэгжиж, нөлөө нь өсөх бүрд түүнийг хувааж, захирахыг хүссэн хүчнүүд гарч ирдэг байлаа.
Дашрамд хэлэхэд, орчин үеийн түүхэнд Орос руу чиглэсэн бүх томоохон довтолгоо ч миний бодлоор үүнтэй холбоотой. Наполеоны довтолгоо, Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайн буюу манайхны нэрлэдгээр Аугаа эх орны дайн, нацист Германы түрэмгийлэл гээд бүгд. Эдгээрт үзэл суртлын шалтгаан хоёрдугаар, бүр гуравдугаар зэргийн ач холбогдолтой байсан гэж би боддог. Харин геополитикийн ашиг сонирхол, Оросыг хувааж захирах гэсэн зорилго хамгийн чухал байжээ.
Эртний үед ч Орост яг ийм зүйл тохиолдсон. Түүхэн олон нөхцөл байдлын улмаас Оросын нутаг дэвсгэр бутран хуваагдсан.
Оросын газар нутгийг дахин нэгтгэх үйл явц эхэлж, Монголын дарлал гэж нэрлэдэг үе дууссаны дараа Эртний Русийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Киев, түүний эргэн тойрон, өнөөгийн Чернигов, Житомир мужууд Орос-Литвийн улсын бүрэлдэхүүнд орсон. Улмаар Польштой байгуулсан холбооны үр дүнд Польшийн мэдэлд буюу Хамтын нөхөрлөлийн улсын бүрэлдэхүүнд шилжиж, тэнд польшууд голлох байр суурь эзлэх болсон.
Мэдээж тэд польшчлох бодлого явуулж эхэлсэн. Бүгдийг нэг хэвэнд оруулахыг зорьж, хэл ярианд ч анхны өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Тухайн үед эдгээр нутаг дэвсгэрт амьдарч байсан, өөрсдийгөө орос гэж нэрлэдэг өнөөгийн оросууд болон украинчуудын өвөг дээдэст нэлээд хатуу, бүр хэрцгий хандаж байжээ. Тэднийг хоёрдугаар зэргийн хүмүүс гэж үздэг байсан. Энэ байдал хожим, Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үед ч үргэлжилсэн.
Би одоо энэ тухай маргах гэсэнгүй. Сайн, муу байсан эсэхээс үл хамааран түүх ийм замаар өрнөсөн. Миний бодлоор өнөөдөр болж буй үйл явдал ч мөн л “хувааж захирах” бодлогын үргэлжлэл бөгөөд Оросын чадавхыг сулруулж, илүү буулт хийдэг болгох, эцсийн дүндээ ямар нэг хэлбэрээр өөрийн эрх ашигт захируулах гэсэн оролдлого юм.
Үүнийг хүн бүр ойлгож, мэдэж байх ёстой. Орос улсад амьдарч буй хүмүүс ч үүнийг ойлгож байгаа. Би манай нийгмийн өнөөгийн байдлаас үүнийг мэдэрч, харж байна. Мөн өнөөгийн Украины нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс ч үүнийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр болж буй бүх үйл явдал, тэр дундаа Оростой сөргөлдөж буй нөхцөлд Украиныг дэмжиж байгаа хүмүүс хүртэл Украины эрх ашгийн төлөө бус, харин өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байна. Тэд бүгдийг сулруулж, хэсэг хэсгээр нь хувааж, өөрийн хүсэл зоригт захируулахыг зорьж байгаа юм.
Үүнийг ойлгосон цагт бид бүгд, тэр дундаа өнөөгийн Украины нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс нэгдэхийг эрмэлзэх ёстой гэж би боддог. Заавал нэг улсын бүрэлдэхүүнд нэгдэх тухай яриагүй. Огт тийм биш. Харин хамгийн өргөн утгаараа нэгдэх тухай ярьж байна.
Зөвлөлт Холбоот Улсын үед, миний санаж байгаагаар 1986 онд хүн амын тооллого хийхэд өнөөгийн Украины нутаг дэвсгэрт 51-52 сая хүн амьдарч байжээ. Энэ бол Европын хамгийн том, аж үйлдвэр өндөр хөгжсөн бүс нутгуудын нэг байсан.
Харин ЗХУ задарч, Украин тусгаар тогтносны дараа юу болсон бэ? Тус улс бүхнээ алдсан. Усан онгоцны үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэл, пуужингийн үйлдвэрлэлээ алдсан. Хүн амын тоо ч эрс буурсан. Хорь гаруй жилийн дараа хүн ам нь эхлээд 41 сая, дараа нь 31 сая болсон. Харин одоо Украины нутаг дэвсгэрт ердөө 20 сая орчим хүн үлдсэн гэж ярьж байна. Үүний зэрэгцээ аж үйлдвэргүйжилт явагдаж, бүх зүйл нуран унасан.
Энэ бүхэн одоо, Оросын пуужингийн цэргийн хариу цохилтын улмаас, сүүлийн хэдэн долоо хоногт бий болсон зүйл биш. Үгүй. Энэ бүхэн өөрөө аяндаа доройтож, нуран унасан.
Яагаад ийм болов? Учир нь, Украинд засгийн эрхийг Украины эх орончид бус, харин үндсэрхэг үзэлтнүүд авсан юм. Эх оронч үзэл, үндсэрхэг үзлийн ялгаа нь мэдээжийн хэрэг: эх оронч хүн эх орноо хайрладаг бол үндсэрхэг үзэлтэн бусад ард түмнийг үзэн яддаг. Гол ялгаа нь энэ. Гэхдээ бусад ард түмнийг үзэн ядах үзлээр хол явахгүй.
Тиймээс украинчуудын тухайд би тэдэнд нэг зүйлийг сонсгохыг хүсэж байна. Өнөөдөр ямар ч үйл явдал болж, ямар ч эмгэнэлт явдал тохиолдож байсан ирээдүйнхээ тухай, үр хүүхдийнхээ ирээдүйн тухай бодох хэрэгтэй. Хэрэв бид хүчирхэг, нөлөө бүхий байж, сайн сайхан хөгжих нөхцөл боломжтой байхыг хүсэж байгаа бол мэдээж хамт байх ёстой. Өөрөөр хэлбэл, нийтлэг зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй.
Украины зэвсэгт хүчний алба хаагчдын тухайд гэвэл би өмнө нь хэлсэн. Тэдэнд “бууж өг” гэж хэлмээргүй байна. Энэ нь нэг талаар доромжилсон мэт сонсогдож магадгүй. Тэд эцсээ хүртэл тууштай тулалдаж байгааг бид харж байна. Харин би “манай талд нэгдээрэй” гэж хэлмээр байна. Учир нь, энэ бол бидний нийтлэг тал юм. "Түүхийн зөв талд, бидний хамтын талд нэгдээрэй" гэж хэлмээр байна.
Эмир Кустурица: Николай Трубецкойн тухай нэг асуулт байна. Энэ бол урьдчилан төлөвлөөгүй, миний хувьд онцгой асуулт юм.
Владимир Путин: Тэгээрэй, сонсож байна.
Эмир Кустурица: Николай Трубецкой Монгол морины хурдыг Оросыг ялан дийлэх нэгэн төрлийн “ялалтын код” байсан гэж бичсэн байдаг. Харин өнөөдрийн дайнд пуужингийн хурд хамгийн чухал байна уу, эсвэл үнэн алдартны шашны оюун санааны хүч чухал байна уу? Пуужингийн хурд уу, эсвэл оюун санааны хүч үү? Ялалт, төгсгөлийн тухай бодох үед Оросын ард түмний оюун санааны хүч, орос хэлний далд код хэмээн миний боддог тэрхүү соёл иргэншлийн хүч чухал уу?
Владимир Путин: Миний бодлоор, өнөөдөр пуужингийн хурд ч биш, харин сэтгэлгээний хурд маш чухал, зарчмын ач холбогдолтой болж байна.
Цэргийн мэргэжилтнүүд надад хэлэхдээ, урьд нь орчин үеийн зэвсэглэлд техникийн үзүүлэлтүүд чухал байсан бол өнөөдөр математикийн мэдлэг илүү чухал болжээ. Учир нь, цэрэг, техникийн салбарын өөрчлөлтийн хурд үнэхээр гайхалтай болсон.
Хэн илүү оновчтой сэтгэж, болж буй үйл явдал, сорилтод хэн илүү хурдан хариу үйлдэл үзүүлж байна, тэр л ялна. Харин оюун санааны үндэс суурь, сэтгэлийн тэнхээний тухайд гэвэл энэ бол мэдээжийн хэрэг. Үүнийг хэн ч үгүйсгээгүй.
Эмир Кустурица: Таны төлөө улс орны иргэд залбирч байгаа гэдгийг та мэдэрдэг үү?
Владимир Путин: Үүнийг би мэдэх боломжгүй.
Тийм ээ, би сүмд очих үедээ энэ тухай хааяа сонсдог. Санваартнууд, сүмийн ажилтнууд заримдаа надад хэлдэг юм. Гэхдээ би өөрөө үүнийг мэдэж чадахгүй.
Харин миний баттай мэдэж байгаа нэг зүйл бол би Оросын төлөө, ард түмнийхээ төлөө өдөр бүр залбирдаг.
Та мэдэх үү, би нэгэнтээ өөртөө гэнэтийн байдлаар анзаарсан нэг зүйлийнхээ тухай ярьж байсан. Манай эрдэмтэд, урлагийн зүтгэлтнүүд, тамирчдын амжилтыг, бүр жирийн хүмүүсийн өөрсдийн гараар бүтээж буй өвөрмөц зүйлсийг харах үед надад нэгэн онцгой мэдрэмж төрдөг.
Тухайлбал, хэн нэгэн хүн өөрийн гараар гайхалтай бүтээл хийж, эсвэл Зөвлөлт Холбоот Улсын үед ч, хаант Оросын үед ч урьд өмнө хурааж байгаагүй асар их ургац хураахыг харахад би тэднийг зүгээр л танихгүй хүмүүсийн амжилт гэж хүлээж авдаггүй.
Харин тэднийг авьяаслаг, гарамгай, сайхан сэтгэлтэй, надад ойр дотнын хүмүүс, бараг л гэр бүлийн минь гишүүд мэтээр мэдэрдэг. Тэдний амжилтыг өөрийн хувийн амжилт, ялалт мэт хүлээж авдаг юм. Энэ бол үнэхээр таатай мэдрэмж.
Мэдээж манай ард түмний дэмжлэгийг би мэдэрдэг бөгөөд үүнд маш их талархаж явдаг. Учир нь, энэ дэмжлэггүйгээр ажиллах төдийгүй ямар нэгэн үр дүнд хүрэх, Оросын төлөөх бидний нийтлэг зорилгыг биелүүлэх боломжгүй юм.
Эмир Кустурица: Фёдор Михайлович Достоевский Оросын төр улсын үндэс суурь нь хамтдаа нийгмийг бүтээн байгуулдаг итгэлт хүмүүсийн нэгдэл, нэгэн төрлийн симфони юм гэж хэлсэн байдаг. Энэ томьёолол өнөөдөр ч үйлчилж байна уу?
Владимир Путин: Мэдээж. Миний бодлоор энэ нь ерөнхийдөө бүх нийгэмд үйлчилдэг. Хэрэв ийм зүйл байхгүй, эсвэл энэ зарчим ажиллахгүй бол нийгэм, төр улсад асуудал үүсдэг.
Өнөөдөр Европын томоохон хотуудад зүгээр л танхай этгээдүүд гудамжаар хэсүүчилж байгаа хэрэг биш гэж би боддог. Энэ бол нийтлэг шинжтэй ямар нэгэн асуудлын илрэл юм.
Би одоо улс орнуудын эмзэг асуудлыг хөндөхийг хүсэхгүй байна. Улс бүрийн түүхэнд иймэрхүү үйл явдал байдаг. Заримдаа үүнээс ч илүү ноцтой, илүү их үр дагавартай зүйл тохиолддог.
Гэхдээ энэ бүхэн дотоод асуудлуудын илрэл, нийгмийн тэрхүү симфони, тэнцвэрт байдал алдагдаж байгаагийн шинж юм. Мэдээж хүмүүс үүнд ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх ёстой. Ялангуяа нийгмийн төлөв байдал ямар байх нь тэднээс хамаардаг хүмүүс үүнд анхаарах хэрэгтэй.
Эмир Кустурица: Тэнд либерал тогтолцооны логик байсан, харин энд коммунист тогтолцоо байсан. Энд тэрхүү симфони зарчим ажиллаж байна. Харин тэнд маш сайн ажиллаж байна гэж хэлэх боломжгүй.
Владимир Путин: Тийм ээ. Гэхдээ та мэдэх үү, таны хэлсэнтэй уялдуулан үзвэл Зөвлөлт Холбоот Улс ч гэсэн тодорхой нэгэн симфони зарчмын хүрээнд бий болсон юм.
Яагаад гэвэл социалист үзэл санаа дэлхий даяар маш их алдартай байсан. Энэ үзэл санаа өөрөө маш их дэмжлэг авч байлаа. Уг санаа нь өөрөө маш сайхан бөгөөд христийн шашны үзэл санаатай төстэй. Ах дүүсэг ёс, эв нэгдэл гэх мэт.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа дэлхий даяар энэ үзэл санааг дэмжигчид маш олон байсан. Тиймээс энэ нь тодорхой хэмжээгээр Оросын дотоод дахь нэгэн төрлийн симфони зарчим байжээ.
Тийм ээ, хожим энэ нь хэлмэгдүүлэлт, өөр үзэл бодлыг дарах, хорих лагерь байгуулах зэрэг зүйл болон хувирсан. Гэхдээ эхний үедээ үнэхээр тийм байлаа. Нэгэн төрлийн симфони зарчим байсан юм.
Дашрамд хэлэхэд, тухайн үед Зөвлөлтийн тагнуулын алба асар их амжилтад хүрсэн нь ч үүнтэй холбоотой. Яагаад гэвэл нэгэн судлаачийн бичсэнээр тэд үзэл санааны эх орныхоо төлөө өөрийгөө бүрэн зориулан ажилладаг байжээ. Энэ бол нийтлэг үзэл санаа байсан. Харин үзэл санаа гэдэг хамгийн хүчирхэг зэвсэг юм.
Эмир Кустурица: Христийн шашин үргэлж шашин байсаар ирсэн. Үүний зэрэгцээ нийгмийн амьдралын хөгжил дэвшил ч зэрэгцэн өрнөж байсан.
Владимир Путин: Тийм ээ.
Эмир Кустурица: Бусад шашинд ийм зүйл тийм ч олон байдаггүй.
Владимир Путин: Яагаад гээч? Би дахин хэлье. Үнэт зүйлс нь нийтлэг, үүнтэй хэн ч маргахгүй. Харин тодорхой газар нутаг, тодорхой цаг үед бий болсон зарим онцлог нь хүмүүсийн өмнө тулгарсан сорилт, бэрхшээлд өгсөн хариу үйлдэл байсан юм.
Эмир Кустурица: Миний бодлоор Юстиниан, Византигаас эхлэлтэй тэрхүү суурь маш чухал. Хожим эрдэмтэд Сэргэн мандалтын үеийн үндэс суурь нь Византид бий болсон шинжлэх ухаан, хууль эрх зүйн тогтолцоо байсан гэж бичсэн байдаг. Мөн Хойд Италид бидний ярьж буй тэрхүү нууцлаг, оньсого мэт зүйл үндэс суурь нь болсон гэж боддог.
Таныг өнөөгийн Патриарх Кириллийн эцэг, таны оюун санааны эцэг болсон санваартан Михаил загалмай хүртээсэн гэдэг. Хүний хувь заяанууд ингэж огтлолцох нь зүгээр нэг тохиолдол гэж үзэхэд бэрх юм. Патриархын 80 насны ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд та түүнд юу хүсэж ерөөх вэ?
Владимир Путин: Бид Патриархтай тийм ч олон удаа уулзаж, ярилцдаггүй. Гэхдээ юуны өмнө тэрбээр маш сонирхолтой хүн гэдгийг хэлмээр байна. Тэр бол өргөн мэдлэгтэй, оюунлаг хүн. Мэдлэг боловсролтой, ухаалаг хүмүүстэй ярилцах үргэлж сонирхолтой байдаг.
Бодоод үз дээ, бид одоо түүний 80 насны ойг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, тэр 1946 онд төрсөн гэсэн үг. Миний санаж байгаагаар 1974 онд Ленинградын шашны академийн ректор болсон. 1974 оноос 1946 оныг хасвал 28 настай байжээ.
Тэрбээр шашны семинарын бус, академийн ректор болсон юм. Энэ бол маш нэр хүндтэй, теологи, философийн чиглэлээр гүн гүнзгий боловсрол олгодог сургууль. Тэрбээр ийм залуу насандаа уг албан тушаалыг хашиж эхэлсэн бөгөөд миний бодлоор дор хаяж арван жил ажилласан.
Өөрөөр хэлбэл, дараа жил нь эсвэл зургаан сарын дараа “Та арай залуу байна, түр өөр газар ажиллаж бай” гэж хэлээгүй. Үгүй. Тэрбээр арван жилийн турш амжилттай ажилласан.
Тэгэхээр тэр бол үнэхээр оюунлаг хүн. Түүнтэй ярилцах сонирхолтой. Энэ бол зөвхөн эхлэл нь. Бид уулзаж, ярилцдаг бөгөөд энэ харилцаа надад үргэлж ихээхэн ач холбогдолтой, сонирхолтой байдаг.
Таны дурдсан түүхийн тухайд гэвэл би энэ талаар өмнө нь ярьж байсан. Та санаж байгаа байх. Ээж маань намайг хэрхэн загалмай хүртсэн тухай ярьж өгсөн юм.
Аав маань Коммунист намын гишүүн байсан учраас ээж намайг түүнээс нууцаар загалмай хүртүүлсэн. Учир нь, Коммунист нам шашингүй үзэл баримтлалтай байгууллага байсан. Тухайн үед сүм хийдтэй ямар нэгэн байдлаар холбоотой байх, сүмийг дэмжиж буйгаа илэрхийлэх нь зохисгүй зүйл гэж үздэг байлаа.
Ээжийн ярьснаар, тэрээр бидний амьдардаг нийтийн байранд хамт амьдардаг хөрш эмэгтэйтэй хамт намайг нууцаар загалмай хүртүүлэхээр явсан юм. Энэ үйл явдал бидний амьдардаг газраас холгүй орших Хувиралтын сүмд болсон.
Ээж маань намайг өөрийнх нь дууддаг байсан “Аня эмээ” хэмээх хөрш эмэгтэйтэй хамт загалмай хүртүүлэхээр очиход санваартан “Өнөөдөр Гэгээн Михаилын өдөр учраас хүүдээ Михаил гэдэг нэр өгвөл зохистой юм байна” гэж хэлсэн гэдэг.
Тэгэхээр энэ явдал арваннэгдүгээр сарын 21-нд болсон гэсэн үг. Санваартан өөрийгөө Михаил гэж танилцуулжээ. Харин ээж маань “Аавынх нь нэрээр бид хүүхдээ хэдийнэ Владимир гэж нэрлэсэн юм, санваартан минь, уучлаарай” гэж хэлсэн байна.
Тэгэхэд санваартан “Маш сайн, гайхалтай. Энэ бол Русь нутгийг христийн шашинд оруулсан манай гэгээнтний нэр шүү дээ. Хараач” гээд дээш зааж, “Тэнд та нарын дүрс зураг байх болно” гэж хэлсэн гэдэг.
Дашрамд хэлэхэд, би хожим намайг загалмай хүртээсэн Хувиралтын сүмийн ханан дээрх тэрхүү дүрсийг олж харсан. Энэ л болсон түүх.
Хожим нэг удаа Патриархтай ярилцаж суухдаа би түүнээс “Та, санваартан минь, ер нь хэрхэн сүмийн амьдралд орсон юм бэ?” гэж асуусан. Тэрээр “Миний аав санваартан байсан” гэж хариулсан.
Би “Үнэн гэж үү? Тэр хаана ажиллаж байсан юм бэ?” гэхэд “Ленинградад” гэсэн. “Ленинградын хаана?” гэж асуухад “Хувиралтын сүмд” гэж хариулсан юм.
Тэр үед би бага зэрэг гайхаж, “Таны аавыг хэн гэдэг байсан бэ?” гэж асуусан. Тэр “Михаил” гэсэн.
Би “Тухайн үед тэнд Михаил гэдэг өөр санваартан байсан уу?” гэхэд “Байгаагүй” гэж маш итгэлтэй хариулсан. Тэр миний ээжийн ярьсан түүхийг мэдэхгүй байсан шүү дээ.
Тэгэхэд нь би “Ариун дээдэс ээ, таны аав надад загалмай хүртээсэн бололтой” гэж хэлсэн. Тэр үнэхээр их гайхсан. Тэгээд би түүнд энэ бүх түүхийг ярьж өгсөн юм.
Харж байна уу, таны эхний асуулт Оросын тухай байсан. Орос улс миний өмнө ямар нэгэн гайхамшиг, ариун нандин нууцлаг зүйлээ нээж байгаа юм биш биз гэж та асуусан.
Тэгвэл энэ бол үнэхээр гайхалтай түүх. Патриарх Кириллийн эцэг, санваартан Михаил жирийн ажилчин гэр бүлийн хүүхдийг, яг үнэндээ жирийн нэгэн нярай хүүхдэд загалмай хүртээсэн байна. Харин түүний хүү, ирээдүйн Патриарх Кирилл 15 настайдаа гэр бүлээ орхин, бие даасан амьдралаа эхлүүлжээ.
Эмир Кустурица: 15 настайдаа гэж үү?
Владимир Путин: Тийм ээ, 15 настайдаа бие даасан амьдралаа эхлүүлэхийг хүсэж, геологич болох замыг сонгосон. Картографи буюу газрын зураг судалж, дараа нь геологич болж, геологийн хайгуулын экспедицид ажиллажээ.
Эцэст нь, санваартан Михаилын хүү Москва ба бүх Оросын Патриарх болсон бол түүний загалмай хүртээсэн ажилчин гэр бүлийн тэр жаахан хүү ОХУ-ын Ерөнхийлөгч болжээ.
Энэ чинь ямар нэгэн гайхамшиг биш гэж үү?
Эмир Кустурица: Амьдрал өөрөө гайхамшиг юм.
Владимир Путин: Гэхдээ энэ бол бодит түүх. Зохиомол зүйл биш шүү дээ.
Бид энэ тухай ярилцах үед би түүнд түүхээ ярьж өгсөн юм. Эхэндээ тэр зүгээр л миний яриаг сонсож, хариулж байсан. Харин ээжийн минь ярьсан хэсэгт хүрэх үедээ нүдээ том болгож, үнэхээр их гайхсан.
Тиймээс биднийг холбож байдаг онцгой, хувийн харилцаа бий. Гэхдээ би дахин хэлмээр байна. Тэр бол маш сонирхолтой хүн. Түүнтэй хамт байж, ямар ч сэдвээр ярилцахад үргэлж сонирхолтой байдаг.
Түүнд юу хүсэж ерөөх вэ гэвэл, өнөөгийн Патриарх хэзээ ч сүмийнхээ хүрээнд өөрийгөө хязгаарлаж, ямар нэгэн хийдийн ханан дотор тусгаарлагдаж байгаагүй. Тэр үргэлж ард түмнийхээ дунд байж, хүмүүстэй харилцаж ирсэн бөгөөд одоо ч энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Би түүнд “Ариун дээдэс ээ, та энэ бүхнийг арай тайван, аядуу хийж болохгүй юу. Өөрийгөө жаахан бодож, гамнах хэрэгтэй” гэж хэлдэг юм.
Тэр байнга замд явж байдаг хүн. Нэг бол Алс Хойдод, нэг бол өмнөд нутагт, эсвэл өөр хаа нэгтээ явж байдаг. Үргэлж хөдөлгөөнтэй. Тиймээс өөрийгөө, эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй.
Тэр үргэлж ард түмнийхээ дунд байдаг. Оросын үнэн алдартны сүм хийд ч түүхийнхээ бүхий л хугацаанд улс орон, ард түмнийхээ дэргэд байсаар ирсэнтэй адил юм.
Патриархад урьдын адил шавхагдашгүй эрч хүч, Оросын ард түмэн, Оросын ард түмэн, эх орныхоо сайн сайхны төлөө үйлчлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөе. Патриарх албан тушаал, байр суурийнхаа хувьд эх орноо хамгаалагчдын нэг юм.
80 насны ойн баярын мэнд хүргэе!
Эмир Кустурица: Мөн Оросын соёл иргэншлийн төлөө.
Танд маш их баярлалаа.
Владимир Путин: Баярлалаа.
Эх сурвалж: KREMLIN, OFFICIAL DATA