Ажилгүйдлийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж олгох журамд хэд хэдэн өөрчлөлт орж хэрэгжиж эхлэхээр болжээ. Шинэ зохицуулалтаар тэтгэмж авах эрх үүсэхэд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааран тэтгэмж олгох хугацааг ялгаатай тогтоох юм байна.
Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмж анх удаа хүсэж буй иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ хоёроос доошгүй жил төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байх шаардлагатай аж. Одоо мөрдөж буй зохицуулалтаар нийт нэг жил, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байхад тэтгэмж авах эрх үүсч буй билээ.
Мөн тэтгэмж олгох хугацаанд өөрчлөлт оруулж, бүх иргэнд ажлын 76 өдрийн тэтгэмж олгодог байсныг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаар нь ялгахаар болжээ. Тухайлбал, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн иргэнд ажлын 55 өдрийн хугацаанд тэтгэмж олгох бол бусад шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон иргэдэд өмнөхийн адил ажлын 76 өдрийн тэтгэмж олгох юм байна.
Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцох аргачлалыг шинэчилж, дараалсан есөн сарын хөдөлмөрийн хөлсний дунджаар бус, сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогыг үндэслэн тооцохоор болжээ. Ингэхдээ шимтгэл төлсөн хугацаанаас хамааран дундаж орлогын 50-70 хувиар тэтгэмж тогтоодог одоогийн жишгийг хэвээр хадгалахаар тусгасан байна.
Эдгээр өөрчлөлтийг хийх болсон гол шалтгаан нь Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага орлогоосоо давж, санхүүгийн алдагдал нэмэгдсэнтэй холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар тус санд 134.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн бол 33,929 иргэнд ажилгүйдлийн тэтгэмж олгоход нийт 159.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, сангийн зарлага орлогоосоо 24.6 тэрбум төгрөгөөр давсан байна.
Ийнхүү шинэ зохицуулалтаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх нөхцөлийг чангатгаж, олгох хугацаа болон тооцооллын аргачлалыг шинэчилснээр Ажилгүйдлийн даатгалын сангийн санхүүгийн ачааллыг бууруулахыг зорьж байгаа аж.
Э.ЦЭЦЭН