Умард Европын арван улсын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10-нд бүс нутагтаа ОХУ-ын цэргийн түрэмгийллийг тогтоон барих зорилгоор тэнгисийн цэргийн хүчнүүдийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Энэ талаар Их Британийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Ричард Найтон арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагт Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тэрбээр ярилцлагадаа Их Британи Европын холбоотнуудтайгаа, тэр дундаа ОХУ-тай газар зүйн хувьд ойр оршдог, Москвагаас учирч болзошгүй аюул занал болон Украины дайны үр дагаврыг илүү хурцаар мэдэрч буй орнуудын батлан хамгаалах чадавхтай хөл нийлүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Найтон “Бид зориудаар үйлдсэн аллага, хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлагын талаар ярьж байна. Эдгээр нь Оросын төрөөс хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагаа бөгөөд Европт, тодорхой хэмжээгээр Их Британид ч үүнийг нотлох баримт бидэнд бий” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Ричард Найтон цэргийн алба хаагчдыг болзошгүй дайнд бэлтгэхийг уриалж, улс төрийн удирдагчид Москваг оролцуулсан цэргийн мөргөлдөөнд иргэд хэрхэн бэлтгэх талаар тун удахгүй нээлттэй ярилцаж эхэлнэ гэж анхааруулсан байна.

Тэрбээр Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа дахин илэрхийлж, “Бид хэдийчинээ хүчирхэг байна, Орос улс бидний хүч чадлыг сорих оролдлого хийхээс төдийчинээ сайн сэргийлж чадна” гэж мэдэгджээ.

JEF: Харилцан ойлголцлын санамж бичгээс бодит хамтын ажиллагаанд шилжинэ

Умард Европын хамтарсан экспедицийн хүчин (Joint Expeditionary Force-JEF)-д Их Британи, Дани, Эстони, Финланд, Исланд, Латви, Литва, Нидерланд, Норвеги, Швед гэсэн арван улс багтдаг.

Хэлэлцээрт Их Британийн Хааны Тэнгисийн цэргийн хүчний HMS Prince of Wales нисэх онгоц тээгч хөлөг дээр гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ нь тус хөлөг дээр зохион байгуулагдах Atlantic Future Forum олон улсын бага хурлын өмнө болох аж.

Ричард Найтоны хэлснээр, уг хэлэлцээрийг байгуулснаар Их Британийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг JEF-ийн гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, мэдээлэл солилцох, зөвлөлдөх шатнаас бодит хамтарсан ажиллагаанд шилжих боломж бүрдэх юм байна.

Тэрбээр “Нэн чухал зорилтуудын нэг нь Оросын шумбагч онгоцуудыг тогтоон барих явдал юм. Ингэснээр дайны үед тэд далайн тээврийн замд цохилт өгөх, эсвэл далайн тээвэрт аюул занал учруулах боломжгүй болно” хэмээн онцолжээ.

Түүний үзэж буйгаар, ийм хамтын ажиллагаа нь зөвхөн Европын төдийгүй АНУ-ын зүүн эргийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.

Европын хойд хэсгийн орнуудын хамтын ажиллагаа Трампын бодлоготой ч холбоотой

Умард Европ дахь Европын орнуудын цэргийн оролцоог нэмэгдүүлэх нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус бүс нутгийн орнуудыг батлан хамгаалах асуудалдаа илүү хариуцлагатай хандахыг уриалсны нэг илрэл гэж Financial Times сонин бичжээ.

Учир нь, Европ болон Хойд Америкийг холбосон мэдээлэл дамжуулах амин чухал усан доорх кабелиудын ихээхэн хэсэг энэ бүс нутгаар дамжин өнгөрдөг байна.

АНУ-д болсон завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдсаны дараа Трампын улс төрийн байр суурь суларсан гэж тус сонин тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч Ричард Найтон АНУ-ын гадаад бодлогын анхаарал Европоос Энэтхэг-Номхон далайн бүс нутаг руу шилжих үйл явц одоогийн Ерөнхийлөгч засгийн эрхэнд гарахаас нэлээд өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 15 гаруй жилийн турш үргэлжилж байгааг онцолсон байна.

Эх сурвалж: DW