Оросын “Би-2” хамтлаг шинэ цомог болох “Нарны эргэн тойронд аялахуй” (Путешествие вокруг Солнца) цомогт багтсан “26 дугаар дуулал” (Псалом 26) дууныхаа клипийг олон нийтэд хүргэжээ.

Аравдугаар сарын 30-ны баасан гарагт нээлтээ хийсэн уг клипийг театрын найруулагч Максим Диденко найруулж, гол дүрүүдэд жүжигчин Максим Суханов болон Варвара Шмыкова нар тоглосон байна.

Хөгжимчдийн тодорхойлсноор, “26 дугаар дуулал” нь шинэ цомгийнх нь голлох бүтээлүүдийн нэг аж. Уг дуунд Библийн эх бичвэрийг орчин үеийн өнцгөөс дахин тайлбарлаж, айдас, бузар муутай тэмцэх, хамгаалалт эрж хайх, итгэл найдвараа олох зэрэг сэдвийг хөнджээ.

Клипийн үйл явдлын үндэс нь дарангуйлагчийн амьдралын нэг өдрийн тухай өгүүлэмж аж. Бүтээлч багийнхны онцолсноор, энд тодорхой нэг хүний тухай бус, бусдын хувь заяаг захиран шийдэх эрхийг өөртөө авсан эрх баригчийн ерөнхий дүр төрхийг харуулжээ.

Бүтээлийг туурвигчдын санаагаар цаг үе, орчин нөхцөл, тайз засал өөрчлөгдөж болох ч айдас дээр суурилсан эрх мэдлийн тогтолцооны механизм өөрчлөгддөггүй ажээ.

Клипийн зохиолыг “Би-2” хамтлагийн дуучин Лёва Би-2 (жинхэнэ нэр нь Егор Бортник) болон Максим Диденко нар хамтран бичсэн байна.

Зураг авалт 2026 оны наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхээр Латвийн Рига хотын хуучин циркийн барилгад болжээ. Хөгжимчдийн хэлснээр, энэхүү өвөрмөц байршил нь ирээдүйн клипийн уур амьсгал, дүр төрхийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байна.

Театрын уран сайхны шийдлийг эрх мэдлийн мөн чанарын тухай эргэцүүлэлтэй хослуулжээ

“Би-2” хамтлагийн дуучин Лёва Би-2 тус төслийн эхэнд энгийн нэгэн хөгжмийн клип бус, бүрэн хэмжээний драмын өгүүлэмж бүтээж чадах театрын найруулагчийг эрэлхийлж байсан тухайгаа ярьжээ.

Дарангуйлагчийн амьдралын нэг өдрийг харуулах санаа Максим Диденкогийн сонирхлыг татсан аж. Тэрбээр үйл явдлын талаар өөрийн гэсэн өвөрмөц үзэл баримтлалыг дэвшүүлж, түүнийгээ дэлгэцийн бүтээл болгон хэрэгжүүлэхэд тусалсан байна.

Харин найруулагч өөрөө дэлгэцийн хэдхэн минутын дүрслэл дээр ажилласан ч ажлын цар хүрээ, зохион байгуулалтын хувьд жинхэнэ кино бүтээж байгаатай адил санагдсаныг хүлээн зөвшөөрчээ.

Түүний хэлснээр, төслийн уран бүтээлийн өндөр амбиц, цар хүрээ нь энэхүү ажилд оролцох хамгийн сонирхолтой, сэтгэл татам талуудын нэг байсан аж.

Жүжигчин Максим Сухановын хувьд хөгжмийн клипийн зураг авалтад оролцсон анхны тохиолдол нь энэ болжээ. Тэрбээр “Би-2” хамтлагийн уран бүтээлд эртнээс дуртай байсан учраас уг саналыг баяртайгаар хүлээн авчээ. Жүжигчин клипийн үйл явдал ч өөрт нь ер бусын, олон давхар утга агуулгатай санагдсан тухайгаа ярьсан байна.

Харин Варвара Шмыкова төслийн ажил эхлэхээс өмнөхөн Лёва Би-2-той танилцсан, "Клипийн үзэл санаа, агуулга нь анхнаасаа түүний сонирхлыг татсан" гэж онцолжээ. Клипийн бүтээлд мөн кино урлагийн томоохон баг ажилласан байна.

Зураглаач-найруулагчаар Фёдор Лясс ажилласан бол ерөнхий зураачдын үүргийг Дмитрий Астафьев, Антонина Краевская нар гүйцэтгэжээ. Харин бүжиг, хөдөлгөөний найруулгыг Константин Коваль хариуцсан байна.

Бүтээл туурвигчдын үзэл баримтлалаар “26 дугаар дуулал” нь зөвхөн хөгжмийн клип төдий бус, бие даасан уран сайхны дүрслэл бүхий бүтээл аж.

Энэхүү бүтээлд театрын өвөрмөц уран сайхны шийдлийг эрх мэдлийн мөн чанар, айдас хүйдэс болон хүний эрх чөлөөний тухай гүнзгий эргэцүүлэлтэй хослуулан харуулжээ.

Эх сурвалж: DW