БНХАУ-ын Засгийн газар “Нэг Хятад” зарчим болон “1992 оны зөвшилцөл”-ийн үндсэн дээр Тайваньтай үндэсний нэгдлийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа аж. Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Хятад Улсын анхны Ерөнхийлөгч Сунь Ятсэний (1866–1925) мэндэлсний 160 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Тэрбээр “Бид Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа болон үндэсний нэгдлийн асуудлаар “Нэг Хятад” зарчим, “1992 оны зөвшилцөл”-ийг баримталдаг Тайванийн нийгмийн бүх давхаргын эрүүл саруул ухаантай төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж, зөвлөлдөхөд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.
“1992 оны зөвшилцөл” гэдэг нь тухайн үед Тайванийг удирдаж байсан Гоминьданы нам болон БНХАУ-ын Коммунист намын төлөөлөгчдийн Хонконгт хийсэн түүхэн, албан бус уулзалтын үеэр хүрсэн тохиролцоо аж.
Уг тохиролцооны гол агуулга нь дэлхий дахинд зөвхөн нэг л Хятад улс оршин байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршдог байна. Гэхдээ талууд уг ойлголтыг өөр өөрийн байр сууринаас тайлбарлах эрхтэй аж.
Тухайлбал, Бээжингийн хувьд энэ нь 1949 оны аравдугаар сарын 1-нд Хятадын иргэний дайны үр дүнд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ). Харин Тайбэйн хувьд 1949 оноос өмнө эх газрын Хятадад оршин тогтнож байсан Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) гэж үздэг байна.
Эх сурвалж: TASS