Хүмүүн.мн сайт энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа алтны ханшийн савлагаа, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, цаашдын төлөвийн талаар онцолж байна. 

Алтны зах зээл энэ оны наймдугаар сард хөрөнгө оруулагчдад нэгэн зэрэг хоёр өөр мессэж өгөв. Нэг талаас алтны үнэ гурван сарын дээд түвшин болох 4696 ам.долларт хүрч, зах зээлийн өсөх хандлага хэр хүчтэй байгааг харуулж буй юм.

Нөгөө талаас, сарын сүүлээр АНУ-ын Холбооны нөөцийн банкны байр суурь өөрчлөгдөж, алт богино хугацаанд 3 гаруй хувиар огцом унасан нь энэ зах зээл ямар эмзэг, савлагаатай болсныг дахин сануулав. Гэхдээ алтны өнөөдрийн түүхийг зөвхөн “өсөв”, эсвэл “унасан” гэсэн хоёрхон үгээр тайлбарлах боломжгүй болжээ.

Учир нь, алтны эрэлтийн цаана одоо зөвхөн жижиг хөрөнгө оруулагчид бус, дэлхийн төв банкууд, Азийн хөрөнгө оруулагчид, институцийн сангууд болон геополитикийн эрсдэлээс хамгаалах хүсэл зэрэг илүү том хүчин зүйлүүд зэрэгцэн оршиж буй юм. Алтны дараагийн хөдөлгөөн хаашаа чиглэх вэ?

Алт яагаад ийм хүчтэй өсөлт үзүүлж байна вэ?

Алтны үнэ огцом өсөх бүрд хүмүүсийн хамгийн түрүүнд асуудаг асуулт бол “Яагаад?”. Хариулт нь энэ удаа цор ганц биш. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж, улс орнуудын өрийн хэмжээ өсөж, геополитикийн зөрчил хурцдахын зэрэгцээ төв банкууд валютын нөөцөө төрөлжүүлэх сонирхлоо нэмэгдүүлж буй.

Ийм нөхцөлд алт улам бүр “хямралын үед худалдаж авдаг үнэт металл” гэхээс илүү “санхүүгийн системийн эрсдэлийн эсрэг стратегийн нөөц” гэсэн байр суурь эзлэх болсон. Үүнийг хамгийн тодорхой харуулж байгаа зүйл бол төв банкуудын худалдан авалт юм.

World Gold Council-ийн хамгийн сүүлийн тайлангаар дэлхийн төв банкууд 2026 оны хоёрдугаар улиралд 288.9 тонн цэвэр алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 62 хувиар өссөн үзүүлэлт аж.

Энэ тоо алтны зах зээлийн урт хугацааны чиглэлийг ойлгоход маш чухал. Учир нь, төв банк алт авахдаа маргаашийн үнийг бус, дараагийн 5-10 жилийн санхүүгийн эрсдэлийг тооцдог.

Төв банкууд алтнаас яагаад татгалзахгүй байна вэ?

Энэ бол өнөөгийн алтны зах зээлийн хамгийн сонирхолтой асуултуудын нэг. 2026 оны World Gold Council-ийн төв банкуудын судалгаагаар, судалгаанд оролцогчдын 89 хувь нь ирэх 12 сарын хугацаанд дэлхийн төв банкуудын алтны нөөц өснө гэж үзсэн бол 45 хувь нь өөрийн байгууллагын алтны нөөцийг нэмэгдүүлнэ гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, алтны өндөр үнэ төв банкуудын сонирхлыг бүрэн зогсоож чадсангүй. Үүний цаана нэг том шалтгаан бий. Алт бол аль нэг улсын өр төлбөр биш.

Доллар, евро зэрэг валютын нөөц тодорхой улсын санхүүгийн систем болон бодлоготой холбоотой байдаг бол алт нь ийм шууд эсрэг талын эрсдэлгүй хөрөнгө юм. Тиймээс дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрэх тусам алтны стратегийн ач холбогдол нэмэгдэх хандлагатай.

Goldman Sachs Research ч 2026 онд төв банкууд сард дунджаар 50 тонн орчим алт худалдан авна гэж тооцоолж байгаа нь 2022 оноос өмнөх сард дунджаар 17 тонн худалдан авч байсан түвшнээс эрс өндөр дүн юм.

Алтны хамгийн том саад нь Fed болж байна

Алтны урт хугацааны зураг эерэг байсан ч богино хугацаанд зах зээлийг хөдөлгөж буй хамгийн хүчтэй хүчин зүйл бол АНУ-ын мөнгөний бодлого хэвээр байна.

Наймдугаар сарын 28-нд Холбооны нөөцийн банкны тэргүүн Кевин Уорш инфляцын дарамт хангалттай буураагүй хэвээр байгааг онцолж, төв банк инфляцыг 2 хувийн зорилтот түвшинд хүргэхийн тулд цаашид хийх ажил их бийг илэрхийлжээ.

Үүний дараа зах зээл есдүгээр сарын хурлаар хүү өсөх магадлалыг илүү өндөр үнэлж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 31-ний байдлаар энэ магадлал ойролцоогоор 57 хувь болсон байна. Энэ нь алтны хувьд богино хугацаанд муу мэдээ.

Яагаад гэвэл өндөр хүү долларыг дэмжинэ. Бондын өгөөжийг өсгөнө. Хүү төлдөггүй алтны харьцангуй сонирхлыг бууруулна. Тиймээс наймдугаар сарын сүүлчийн алтны огцом уналтыг зөвхөн ашиг түгжсэн хөрөнгө оруулагчдын үйлдэл гэж харах нь учир дутагдалтай аж. Үүнд Fed-ийн бодлогын хүлээлт гол үүрэг гүйцэтгэжээ.

Богино хугацааны үнэ болон урт хугацааны суурь эрэлт хоёр заавал ижил чиглэлд хөдөлдөггүй. Fed хатуу байр суурь илэрхийлэхэд алт хэдхэн өдөрт хүчтэй уналт үзүүлж болно. Гэхдээ төв банкуудын худалдан авалт, Азийн эрэлт, геополитикийн тодорхой бус байдал зэрэг хүчин зүйлүүд хэдхэн өдөрт алга болохгүй.

World Gold Council-ийн Q2 тайланд ч 2026 оны хоёрдугаар хагаст хөрөнгө оруулалтын эрэлт алтны эрэлтийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд үүнд OTC зах зээл болон Азийн худалдан авалт улам бүр дэмжлэг үзүүлнэ гэж үзжээ. Харин өндөр үнэ нь үнэт эдлэлийн эрэлтэд дарамт үзүүлсэн хэвээр байх төлөвтэй аж.

Өнөөдрийн алтны зах зээлд үнэт эдлэлийн худалдан авагчийн эрэлтээс илүү хөрөнгө оруулалтын эрэлт чухал болж байна.

Азийн эрэлт алтны дараагийн том хөдөлгүүр болж байна

Алтны дэлхийн эрэлтийн бүтцэд Ази улам бүр чухал байр суурь эзэлж байна. Ялангуяа Хятад зэрэг зах зээлд төв банкны худалдан авалт болон хөрөнгө оруулагчдын сонирхол алтны үнийг дэмжих хүчин зүйл болж буй.

World Gold Council-ийн Q2 тайланд Азийн худалдан авалт болон OTC эрэлт хүчтэй байсныг онцолсон бөгөөд оны хоёрдугаар хагаст ч Азийн эрэлт чухал дэмжлэг болно гэж үзжээ. Ингэснээр алтны үнэ зөвхөн Нью-Йорк, Лондоны зах зээлийн шийдвэрээс хамаарахгүй нь.

Дэлхийн алтны эрэлтийн төв улам бүр олон туйлтай болж байна.

Геополитик: Алтны бас нэг хамгаалалт

Одоогийн зах зээлд геополитикийн эрсдэл дахин хүчтэй яригдаж байна. АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал наймдугаар сарын сүүлээр нефтийн үнийг өсгөж, инфляцын болгоомжлолыг нэмэгдүүлэн, дэлхийн бондын өгөөжид дарамт үзүүлж буй.

Энэ нь нэг талаар алтны хамгаалалтын эрэлтийг нэмэгдүүлэх боловч нөгөө талаар инфляцыг өсгөж, Fed-ийг хатуу бодлого барихад хүргэж болох учраас алтанд эсрэг нөлөө үзүүлж чадах билээ. Тиймээс геополитикийн хямрал бүрийг “алт өснө” гэж шууд тайлбарлаж болохгүй нь.

Хямрал өөрөө алтанд эерэг байж болох ч хямралаас үүдсэн инфляц, хүүгийн өсөлт нь алтанд сөрөг нөлөө үзүүлж болох талтай. Энэ бол өнөөдрийн зах зээлийн хамгийн сонирхолтой парадоксуудын нэг юм.

Унци алт 5000 ам.доллар хүрэх үү?

Энэ асуултад хэн ч баттай хариу өгөх боломжгүй. Гэхдээ томоохон санхүүгийн байгууллагуудын зарим нь алтны урт хугацааны төлөвийг эерэгээр үнэлж байгаа аж. Тухайлбал, Goldman Sachs-ийн 2026 оны эцсийн алтны төсөөлөл 4900 ам.доллар/унц орчимд байгаа бөгөөд үүний гол үндэслэл нь төв банкуудын тогтвортой худалдан авалт.

Мөн Wells Fargo Investment Institute 2026 оны алтны зорилтот хүрээг 4900-5100 ам.доллар гэж үзэж байгаа талаар зах зээлийн мэдээлэлд дурдсан байна. Гэхдээ эдгээр нь таамаглал болохоос баталгаа биш юм.

Ялангуяа одоогийн нөхцөлд алт 4600-4700 ам.долларын орчимд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Fed-ийн бодлогоос шалтгаалсан огцом засварууд гарах эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс: 5000 ам.доллар бол боломжгүй түвшин биш. Гэхдээ түүнд хүрэх зам шулуун байхгүй нь.

Монголчуудын хувьд нэг зүйлийг мартаж болохгүй

Монголын хөрөнгө оруулагчдын хувьд дэлхийн алтны үнийг зөвхөн ам.доллараар харах нь хангалтгүй. Учир нь, Монголд мэдрэгдэх алтны үнэ нь үндсэндээ дэлхийн алтны үнэ × ам.доллар/төгрөгийн ханш гэсэн хоёр том хүчин зүйлээс хамаардаг.

Иймд дэлхийн зах зээл дээр алт бага зэрэг буурсан ч төгрөг суларвал Монгол дахь алтны үнэ харьцангуй өндөр хэвээр байх боломжтой. Нөгөө талаас биет алт худалдан авах үед авах болон зарах үнийн зөрүү, гулдмайн шимтгэл, тухайн байгууллагын нөхцөл зэргийг заавал тооцох шаардлагатай юм.

Дараагийн хөдөлгөөнийг юу шийдэх вэ?

Одоо алтны хөрөнгө оруулагчдын анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол Fed-ийн дараагийн шийдвэр. Гэхдээ Fed өөрөө ч эдийн засгийн мэдээллээ харах тул ойрын хугацаанд АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан, инфляцын шинэ мэдээлэл, бондын өгөөж, ам.долларын ханш гэсэн дөрвөн үзүүлэлт алтны хөдөлгөөний гол чиглүүлэгч болох нь.

Наймдугаар сарын 31-ний байдлаар зах зээл есдүгээр сарын хүүгийн шийдвэрт онцгой анхаарал хандуулж байгаа аж. Хэрэв инфляц буурч, хөдөлмөрийн зах зээл суларч эхэлвэл Fed-ийн хүү өсгөх дарамт багасна. Тэр үед доллар сулрах, бондын өгөөж буурах, алтанд хөрөнгө оруулалт нэмэгдэх сценари хүчтэй болох нь.

Харин инфляц өндөр хэвээр үлдэж, Fed хүүгээ өсгөх дохио өгвөл алт дахин засвар хийх боломжтой.

Алт шинэ шатанд шилжиж байна 

Алтны өнөөдрийн зах зээлийг харахад нэг зүйл улам тодорхой болж байна. Алтны үнэ өндөр болсон. Гэхдээ алтны ач холбогдол буураагүй. Харин ч дэлхийн санхүүгийн систем өөрчлөгдөх хэрээр алтны үүрэг өөрчлөгдөж буй.

Төв банкууд алт нөөцөлж байна. Азийн хөрөнгө оруулагчид алт сонирхож байна. Геополитикийн эрсдэл нэмэгдэж байна. Дэлхийн өрийн асуудал улам томорч байна. Гэхдээ нөгөө талд АНУ-ын мөнгөний бодлого алтанд хүчтэй сорилт болж буй.

Иймд алтны дараагийн хөдөлгөөнийг “өсөх үү, буурах уу?” гэсэн энгийн асуултаар харах бус, “ямар нөхцөлд өсөх, ямар нөхцөлд засвар хийх вэ?” гэж харах нь илүү зөв болжээ.

Өнөөдрийн алтны зах зээлийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, алтны урт хугацааны суурь хүчтэй хэвээр, харин богино хугацааны зам нь улам бартаатай болж байна. Тиймээс 4600-4700 ам.долларын орчимд хүрсэн алтны үнийг хараад айж сандрах ч, “одоо шууд 5000 ам.долларт хүрнэ” гэж хэт хөөрөх ч хэрэггүй юм.

Зах зээл боломжийг хамгийн ихээр үнэ унасан үед биш, харин айдас ба бодит үнэ цэнийн хоорондын ялгаа хамгийн их болсон үед өгдөг.

Алтны дараагийн том давлагаа эхлэх эсэхийг одоо Fed, доллар, инфляц, төв банкуудын худалдан авалт гэсэн дөрвөн хүчин зүйл шийдэхээр байна. Харин нэг зүйл бараг тодорхой: Дэлхийн төв банкууд алтнаас татгалзаагүй цагт алтны урт хугацааны түүх дуусахгүй юм.

Эх сурвалж: REUTERS, WOLD GOLD COUNCIL