Монгол Улсын хэмжээнд гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй бөгөөд тус өвчин нь цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг.
Иймд эдгээр иргэдийн эмчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор рекомбинант VIII, IX фактор болон шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулж, эмийн нэгж үнийг бууруулснаар 350 сая төгрөгийн хэмнэлт бий болголоо.
Хэмнэсэн хөрөнгөөр нэмж 3 нэр төрлийн эм захиалж, нийт 5 нэр төрлийн рекомбинант факторын хангамжийг бүрдүүллээ.Төсвийн хэмнэлт бол зөвхөн мөнгө хэмнэх бус, хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэх бодит үр дүн байх ёстой" гэв.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон "Өнөөдөр ийнхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна.
НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

