АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаргийн орой АНУ Венесуэлтэй газрын тосны салбарт хамтран ажиллах томоохон хэлэлцээр байгуулсан талаар мэдэгджээ. Түүний хэлснээр, уг тохиролцоо нь Америкийн газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, нийлүүлэлтийг өсгөн, улмаар шатахууны үнийг бууруулах боломж бүрдүүлэх аж.
Трамп нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ "Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дайны нарийн бичгийн дарга Пит Хегсет нар Венесуэлийн түр Ерөнхийлөгч Дельси Родригестэй нягт хамтран ажилласны үр дүнд хувийн хэвшлийн компаниудтай түншлэн, Венесуэлийн баталгаатай газрын тосны 65 тэрбум гаруй баррель нөөцийн дийлэнх хэсэгт АНУ-ын хяналтыг тогтоох тохиролцоонд хүрсэн" гэжээ.
Тэрбээр "Үүнийг Америкийн татвар төлөгчдөд ямар нэгэн зардалгүйгээр хэрэгжүүлнэ" хэмээн онцолсон байна.
Трамп шатахууны үнийг бууруулах асуудлыг АНУ-ын завсрын сонгууль болохоос бараг хоёр сарын өмнө ийн онцолж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татжээ. Одоогийн байдлаар тус улсын хэмжээнд шатахууны дундаж үнэ галлон тутамд 4 ам.доллараас даваад байгаа аж.
Трамп уг хэлэлцээрийг “түүхэн тохиролцоо” хэмээн нэрлээд, Америкийн газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, газрын тосны нийлүүлэлтийг мэдэгдэхүйц өсгөн, цаашид америкчуудын шатахууны үнийг үлэмж хэмжээгээр бууруулахаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Венесуэлийг эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн замд ороход нь туслахаа илэрхийлсэн байна.
Венесуэлийн түр Ерөнхийлөгч Дельси Родригес ч мөн хэлэлцээрийг сайшааж, улс орон эрчим хүч үйлдвэрлэгч томоохон гүрний байр сууриа бэхжүүлж, асар их газрын тосны нөөцөө үндэсний хөгжил, ажлын байр бий болгох, ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ашиглах зорилготой гэж мэдэгджээ.
Цагаан ордны албаны хүний мэдээлснээр, уг хэлэлцээрийн хүрээнд шинээр байгуулагдах хувийн хамтарсан компани газрын тосны нөөцөөрөө дэлхийд хоёр дахь том хувийн газрын тосны компани болох бөгөөд АНУ нийт олборлолтын 55 хувьд бодитой хяналт хэрэгжүүлэх аж.
Мөн АНУ-ын дэмжлэгтэйгээр Родригес газрын тосны ордуудыг ашиглах эрхийг хувийн компанид 100 жилийн хугацаатай олгосон байна. Тус компани нь АНУ-ын Засгийн газар болон Венесуэлийн хувийн операторын хамтарсан төсөл байх ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг тохиролцоог “Америк болон Венесуэлийн ард түмний хувьд асар том ялалт” хэмээн нэрлэсэн байна. Түүний хэлснээр, энэхүү хэлэлцээрийн үр дүнд Венесуэлийн эдийн засагт ойролцоогоор 100 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт орж, өндөр цалинтай олон мянган ажлын байр бий болж, тус улсын эдийн засгийг сэргээн босгоход түлхэц өгөх аж.
Энэ үйл явдал нь АНУ Венесуэлийн улс төр, эдийн засагт оролцоогоо эрчимтэй нэмэгдүүлж буй үед болж буй юм. Оны эхээр АНУ-ын цэргийн хүч Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурог баривчилж, түүнийг эхнэрийнх нь хамт Нью-Йорк хотод аваачин, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Үүний дараа Трамп Америкийн компаниуд Венесуэлийн газрын тосны салбарыг сэргээн босгоход оролцоно гэж мэдэгдэж байв.
Мөн нэгдүгээр сард Венесуэлийн хууль тогтоогчид Родригесийн дэмжлэгтэйгээр гадаадын компаниудыг тус улсын газрын тосны салбарт оролцоход хялбар болгох хууль эрх зүйн өөрчлөлтийг баталжээ.
Венесуэл улс дэлхийн аль ч улсаас илүү их баталгаатай газрын тосны нөөцтэй. Тиймээс энэхүү хэлэлцээр хэрэгжсэн тохиолдолд дэлхийн эрчим хүчний зах зээлд төдийгүй АНУ, Венесуэлийн эдийн засаг, хоёр улсын харилцаанд томоохон өөрчлөлт авчрах боломжтой аж.
Эх сурвалж: CNN