Жүжигчин Мел Гибсон Канадын Торонто хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон FanExpo Canada арга хэмжээний үеэр уулзалтад оролцохдоо дохионы хэлний хэлмэрчийг шоолон дуурайсан мэт үйлдэл гаргаснаар олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарчээ.
Жүжигчин тайзан дээр гарч ирэх үедээ Америкийн дохионы хэлний (ASL) хэлмэрчийн гарын хөдөлгөөнийг дуурайж байгаа мэт харагдаж буй бичлэг цахим сүлжээнд хурдан тархсан байна. Гибсоны үйлдлийг мэдрэмжгүй, зохисгүй хэмээн үзсэн шүүмжлэгчид X платформд байр сууриа илэрхийлцгээжээ.
Нэг хэрэглэгч “Энэ сонголтыг би үнэхээр ойлгохгүй байна. Хэлмэрч ажлаа хийж байхад, хүмүүс чамайг алга ташин дэмжиж байхад Мел Гибсон ямар ч шалтгаангүйгээр ASL хэлмэрчийг шоолж байна” хэмээн бичсэн байна.
Өөр нэг хэрэглэгч түүний үйлдлийг үзэн ядалтаас илүү хүүхдэрхүү, бодлогогүй зан гэж тодорхойлжээ. Тэр “Энэ бол төлөвшөөгүй байдал. Заавал үзэн ядалт байх албагүй. Зүгээр л бодлогогүй үйлдэл. Насанд хүрсэн хүн найман настай хүүхэд шиг бусдын сонссон аялгыг тоглоомоор дуурайж байгаатай адил хачирхалтай” хэмээн бичжээ.
Мөн зарим нь түүнийг “асар их өөртөө итгэлгүй байдал” харууллаа гэж шүүмжилсэн бол нэгэн хэрэглэгч “хошигнох гэж оролддог ч өсөж том болоогүй арван настай хүү шиг” хэмээн ёжилжээ.
Гэвч шүүмжлэл үүгээр дуусаагүй байна. Нэгэн хэрэглэгч “Мел Гибсон FanExpo-ийн уулзалтын үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн хэрэглэдэг ASL хэлний дохиог шоолж байна. Түүнийг дэмжихээр ирсэн сонсголгүй шүтэн бишрэгчид байхад ингэж хандсан нь үнэхээр харамсалтай” хэмээн бичжээ.
Өөр нэг шүүмжлэгч түүний үйлдлийг ёжтойгоор “Шинэ киногоо сурталчлах сайхан арга байна. Тайзан дээр гараад хэн нэгнийг шоолоод бай” гэжээ.
Гибсон уучлалт гуйжээ
Шүүмжлэлийн дараа Мел Гибсон хэд хэдэн хэвлэлээр мэдэгдэл хийж, уучлалт гуйсан байна. Тэрбээр “Заримдаа тайзан дээр гарч, олны анхаарлын төвд ороход толгой дотор бүх зүйл холилдчихдог. Тэгээд бодлогогүй, утгагүй үйлдэл гаргах үе байдаг” гэжээ.
Мөн “Үүнд ямар нэгэн санаатай хорлонтой зүйл байгаагүй. Гэхдээ үүнд гомдсон хэн бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Гэвч түүний уучлалт олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг бүрэн тайвшруулж чадсангүй. Variety уг үйл явдлын талаар X платформд нийтлэхэд зарим хэрэглэгч “Уучлалт гуйсныг нь хүлээн зөвшөөрөхгүй”, “Хариуцлага хүлээх нь зөвхөн нэр хүндээ хамгаалахаас илүү чухал”, “Яагаад зүгээр л олонд гараа даллаад өнгөрч болоогүй юм бэ?” гэх мэтээр хариу бичжээ.
Гибсон өмнө нь ч маргаан дагуулж, шүүмжлэлийн бай болж байжээ
Мел Гибсоны энэ үг, үйлдэл олны шүүмжлэлд өртсөн анхны тохиолдол биш юм. Түүний өмнөх маргаантай үйлдлүүдийн дунд 2006 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баривчлагдсаныхаа дараа антисемит үзэлтэй үг хэлсэн гэх мэдээлэл, 2010 онд олон нийтэд цацагдсан бичлэгт арьс өнгөөр ялгаварласан доромж үг хэрэглэсэн хэрэг, мөн 1991 онд Испанийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа ижил хүйстнүүдийн талаар доромж өнгө аястай үг хэлсэн зэрэг асуудлууд багтдаг аж.
Мөн жүжигчин Вайнона Райдер 2010 онд Гибсон Холливудын нэгэн үдэшлэгийн үеэр ижил хүйстнүүд болон еврейчүүдийн талаар доромж, ялгаварласан хошигнол ярьж байсан гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: PARADE, PPEOPLE, VARIETY, BUSINESS INSIDER, GQ