Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт түр үйлчлэхгүй болжээ. Ингэснээр тухайн өдөр автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой байхаас үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

Тэгш, сондгой зохицуулалт хэрхэн хэрэгжих вэ?

Есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Тус зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд мөрдөгдөнө.

Тэгш өдөр: Улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Сондгой өдөр: Улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Энэ жилийн автомашины улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал хэрэгжиж байгаа юм.

Есдүгээр сарын 1-нд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа

Есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд жолооч, зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, хурдаа тохируулан, явган зорчигч болон бага насны хүүхдэд онцгой анхаарал хандуулж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.