ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Белгород мужийн хятад хэлний багш Дмитрий Баланчукoвтой ярилцах үеэрээ Украин дахь дайныг байгаль дахь амьдралын хуультай зүйрлэн тайлбарлажээ.
Тэрбээр багшийн Хойд туйлд хийсэн аяллын талаар ярилцахдаа алуурчин халим цагаан баавгайг иддэг гэх жишээ дурдаж, үүнийг “идэш тэжээлийн хэлхээ” хэмээн нэрлэсэн байна.
Путин “Тэд эдгээр баавгайг жижиг амьтан шиг л иддэг. Бүлгээрээ дайрч, хэсэг хэсгээр нь урдаг. Энэ бүхэн их сонирхолтой. Ийм л идэш тэжээлийн хэлхээ байдаг. Үүнийг ч бас хүүхдүүдэд ярьж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд бидний ямар ертөнцөд амьдарч байгааг, мөн бид яагаад тусгай цэргийн ажиллагаа явуулж байгааг ойлгоно” гэж хэлсэн байна.
Мөн Путин зохиолч Жек Лондоны бүтээлүүдэд дүрслэгдсэн хойд нутгийн ард түмний зан заншлын талаар дурджээ. Түүний хэлснээр, зарим омог хөгшчүүлээ өөрсөдтэйгөө авч явах боломжгүй болсон үед нь чононд идүүлэхээр орхидог байсан гэнэ.
Путин “Тийм ээ, энэ бүхэн нэлээд хатуу сонсогдож байна. Гэхдээ тэдний амьдрал ийм байсан” гэж нэмж хэлжээ.
Оросын армийн хохирол нэмэгдсээр байна
Путины эхлүүлсэн Украины эсрэг бүрэн хэмжээний дайн Оросын армид ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Стратегийн болон олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тооцоолсноор, 2026 оны долдугаар сарын байдлаар Оросын армийн нийт хохирол 1.4 сая хүнээс давсан бөгөөд үүнд амиа алдсан болон хүнд шархадсаны улмаас дахин байлдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон цэргийн алба хаагчид багтаж буй аж.
Мөн Оросын Батлан хамгаалах яам шинээр цэрэг элсүүлж буй хэмжээнээсээ сар бүр ойролцоогоор 6000-аар илүү цэргээ Украины дайнд алдаж буй талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ 2022 онд Орос улс цэргийн дайчилгаа зарласнаас хойш тус улсаас 600 мянгаас нэг сая гаруй хүн гадаад руу гарсан гэх янз бүрийн тооцоо бий аж.
Эх сурвалж: MOSCOW TIMES