Украины зургаан мужид ОХУ-ын цохилтын улмаас цахилгаан эрчим хүч тасарсан байна. Украины үндэсний эрчим хүчний компани “Укрэнерго” наймдугаар сарын 31-ний даваа гарагийн өглөө "Донецк, Днепропетровск, Запорожье, Харьков, Сумы болон Николаев мужийн зарим суурин газарт цахилгаан тасарсан" гэж мэдээлжээ.
Аюулгүй байдлын нөхцөл боломжтой бүх газарт ослын дараах сэргээн засварлах ажил хэдийнэ эхэлсэн байна. “Укрэнерго” компани "Эрчим хүчний салбарын ажилтнууд халдлагын үр дагаврыг аль болох хурдан арилгахын тулд бүх хүчээ дайчилж байна" гэж мэдээлэв.
Херсонд хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ
Наймдугаар сарын 31-ний өглөө Оросын цэргийнхэн Херсон хотын төв дэх эмнэлгийн байгууллагад дроноор халдсан байна. Үүний улмаас тус эмнэлгийн хоёр ажилтан шархаджээ. Херсон хотын цэргийн захиргаа "Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн байна" гэж мэдээлсэн аж.
Мөн Хотын цэргийн захиргааны дарга Ярослав Шанько "Тэр өглөө Херсон хотын төвд Оросын цохилтын улмаас орон нутгийн хоёр иргэн амиа алдсан" гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Корабельный дүүрэгт болсон дроны халдлагын үеэр шархадсан 33 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна. Тэрбээр мина, дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтэл авсан аж. Мөн Днепровский дүүрэгт Оросын дроны цохилтод өртөж шархадсан 84 настай эрэгтэй эмнэлгийн тусламж авахаар хандсан байна.
Кривой Рог болон Киев мужид хүн шархаджээ
Кривой Рог хотын цэргийн захиргааны дарга Александр Вилкул " Оросын цэргүүд “Шахед” төрлийн реактив дроноор аж үйлдвэрийн нэгэн үйлдвэрт цохилт өгсөн" гэж хотын мэдэгджээ. Тэрбээр Telegram хуудсандаа “Ослын аврах ажиллагаа үргэлжилж байна. Гал түймрийг аль хэдийн хяналтад авсан” гэж бичсэн байна.
Вилкулын мэдээлснээр, уг халдлагын улмаас хоёр эрэгтэй шархаджээ. Мөн Киев мужийн захирагч Тимур Ткаченко "Киев мужид Оросын цохилтын улмаас дөрвөн хүн шархадсан байна" гэж мэдээлсэн аж. Түүний хэлснээр, хоёр эрэгтэй мөчдөө хэлтэрхийн шарх авч, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байгаа аж.
Түүнчлэн Броварын дүүрэгт хоёр хүн шархадсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж буй юм байна. Ткаченкогийн мэдээлснээр, Броварын дүүрэгт агуулахын барилга болон худалдааны байгууламж, Борисполь дүүрэгт гурван агуулахын барилга болон олон айлын орон сууцны барилга гэмтжээ.
Славянск хотод хүн амиа алдаж, шархадсан байна
Донецк мужийн прокурорын газар "Донецк мужийн Славянск хотод ФАБ-500 загварын агаарын бөмбөг олон давхар орон сууцны барилгад унасны улмаас 61-66 насны дөрвөн хүн шархадсан" гэж мэдээлжээ. Мөн халдлагын улмаас 34 олон айлын болон хувийн орон сууцны барилга, зургаан автомашин гэмтсэн байна.
Уг хэрэгт дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Украины Онцгой байдлын алба "Мөн Славянскийн нэгдлийн Билбасовка сууринд Оросын агаарын цохилтын улмаас хоёр хүн амиа алдсан" гэж мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь хүүхэд байсан бөгөөд өөр нэг хүн шархаджээ.
Украины Зэвсэгт хүчин: Орос нэг пуужин, 121 дроноор довтолжээ
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын цэргүүд наймдугаар сарын 31-нд шилжих шөнө Украины нутаг дэвсгэрт Х-59 загварын нэг удирдлагатай нисэхийн пуужин, 121 нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдсан байна. Тэдгээрийн дотор “Шахед”, “Гербера” төрлийн дронууд болон “Пародия” загварын дуураймал дронууд багтжээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчний нэгжүүд 96 дроныг устгаж, эсвэл ажиллагааг нь таслан зогсоосон талаар мэдээлсэн байна. Х-59 пуужин нь зорьсон байдаа хүрээгүй аж. Украины Зэвсэгт хүчин "Үүний зэрэгцээ 11 цэгт цохилт бүртгэгдэж, устгагдсан нисгэгчгүй төхөөрөмжүүдийн хэлтэрхий найман газарт унасан" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: DW