Оросын Зэвсэгт хүчин Киевийн ойролцоох суурьшлын бүсэд байрлах сум, зэвсгийн агуулахад дроноор цохилт өгсний дараа хүчтэй гал гарч, хэдэн цагийн турш дараалсан дэлбэрэлтүүд болжээ. Үүний улмаас наад зах нь 37 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.
Халдлага Киевийн ойролцоох Буча дүүрэгт болж, энэ үеэр Оросын агаарын довтолгоо бараг тасралтгүй үргэлжилж байжээ. Гэхдээ агуулахад хадгалж байсан сум, зэвсэг дэлбэрсэн нь нөхцөл байдлыг маш хүнд болгосон бололтой.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэсрэх бодис, зэвсгийг иргэдийн оршин суудаг газарт ийм ойр хадгалахыг зөвшөөрсөн хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
Киев мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко бямба гаргийн үдээс хойш өгсөн мэдээлэлдээ, одоогийн байдлаар 37 хүн амиа алдсан нь тогтоогдсон, хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэжээ.
Энэ нь дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны хугацаанд Киевт болсон хамгийн олон хүний амь эрсэдсэн халдлагуудын нэг болсон байна.
Ткаченко “Энэ бол аймшигтай, нөхөж баршгүй гарз. Амиа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье” хэмээн хэлжээ.
Агуулахад байсан сум, мина, дронууд дэлбэрчээ

Орон нутгийн иргэдийн авсан гэрэл зураг, дүрс бичлэгт бараг бүрэн сүйрсэн хэд хэдэн барилга, шатсан газар, нурсан барилгын үлдэгдэл харагджээ.
Зеленский халдлагын талаар ярихдаа "Цохилт сум, зэвсэг хадгалдаг агуулахад туссан бөгөөд ийм байгууламжийг орон сууцны бүсэд байрлуулах ёсгүй байсан" гэж онцолжээ.
Түүний хэлснээр агуулахад хадгалж байсан их бууны сум, мина, бусад төрлийн зэвсэг, сум хэрэгсэл, нисгэгчгүй онгоцууд дэлбэрсэн байна.
Зеленский “Энэ бол үнэхээр аймшигтай нөхцөл байдал. Хүмүүсийн амьдарч буй газрын яг дэргэд тэсрэх материал хадгалсан хүмүүсээс ноцтой хайхрамжгүй байдал гарсан” гэж хэлжээ. Тэрбээр уг хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар мэдэгдсэн байна.
Украины Ерөнхий прокурорын газар мөн уг байгууламжид “тэсрэх аюултай зүйл, материал” хадгалж байсан гэж мэдэгдээд, дэлбэрэлт хэрхэн болсон болон үүнд хариуцлага хүлээх албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгахаар мөрдөн байцаалт эхлүүлжээ.
Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө мөн адил хэрэг гарчээ
Энэ явдал нь Киевийн ойролцоох Вишневе хотын орон сууцны бүсэд их хэмжээний сум, зэвсэг хадгалдаг агуулахад Оросын цохилт өгсний улмаас долоон хүн амиа алдсанаас хэдхэн долоо хоногийн дараа болж байгаагаараа анхаарал татжээ.
Вишневе нь бямба гаргийн дэлбэрэлт болсон газраас ойролцоогоор 20 км-ийн зайд оршдог байна.
Зеленскийн мэдээлснээр сүүлийн халдлагын үеэр өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн газар зэрэг олон арван барилга эвдэрч сүйджээ.
Ослын газарт 300 гаруй аврах албаны ажилтан ажилласан байна. Мөн орон нутгийн захиргааг олон жил удирдсан Тарас Дидыч хүмүүст туслахаар ослын газарт очоод амь үрэгдсэн гэж Украины эрх баригчид мэдээлжээ.
Украины Сэргээн босголт, дэд бүтэц, тээврийн сайд Микола Калашник “Тэр үргэлж ард иргэдийнхээ дэргэд байсан. Оросын эзлэн түрэмгийллийн үед ч хүмүүсээ орхилгүй, тусламж дэмжлэг үзүүлж, хамгийн аймшигтай үеийн нэгэнд нутгийн иргэдээ нэгтгэн барьж байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Киевт хоёр өдрийн турш бараг тасралтгүй халджээ
Энэхүү үхлийн аюултай дэлбэрэлт Киев хот хоёр гаруй хоногийн турш Оросын бараг тасралтгүй үргэлжилсэн агаарын довтолгоонд өртөж байх үед болсон байна.
CNN-ийн тооцоолсноор, пүрэв гаргийн шөнө дундаас бямба гаргийн үд хүртэл Киевт 28 удаа агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, нийтдээ 28 цагаас илүү хугацаанд үргэлжилжээ.
Киев хотын дарга Виталий Кличко бямба гарагт болсон халдлагуудын нэгийн үеэр хүнд шархадсан хоёр настай охин шархаа даалгүй нас барсан талаар мэдээлсэн байна. Хотын хэмжээнд өөр таван хүн шархаджээ.
Мөн шөнө Украины бусад мужуудад цохилт өгсөн бөгөөд Одесса, Днипро, Запорожье, Сумы, Херсон, Харьков, Николаев, Донецк болон Чернигов мужуудад халдлага болсон байна.
Зеленскийн мэдээлснээр, халдлагад 260 гаруй нисгэгчгүй онгоц, мөн “Бандероль” төрлийн дронууд оролцжээ.
Реактив хөдөлгүүртэй дронуудын хэрэглээ нэмэгджээ
Пүрэв гарагт зарим пуужингийн цохилт бүртгэгдсэн боловч сүүлийн хэдэн өдрийн халдлагын ихэнхийг реактив хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоцуудаар хийсэн байна. Эдгээр нь Оросын зэвсэглэлд харьцангуй шинэ төрлийн зэвсэг бөгөөд анх энэ оны эхээр ажиглагдаж эхэлжээ.
Тэдгээр дронууд цагт 500 км хүртэл хурдалж, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг сөрөн нэвтрэх боломжтой байна. Мөн хурд ихтэй учир Украины хөдөлгөөнт галын бүлгүүдэд устгахад хүндрэлтэй бөгөөд тэднийг буудаж унагаахын тулд газраас агаарт харвах пуужин эсвэл сөнөөгч онгоц шаардлагатай аж. Гэвч эдгээр хэрэгсэл Украины талд маш хязгаарлагдмал байгаа юм.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Павло Палиса “Оросууд реактив хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоцны хэрэглээг эрс нэмэгдүүлсэн. Тэдгээрийн үр нөлөөг Оросын тал ойлгож байгаа учраас тоо нь цаашид нэмэгдэх болно” гэж хэлжээ.

Тэрбээр "Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг шинэ нөхцөлд дасан зохицуулах шаардлагатай" гэж хэлжээ. Түүний хэлснээр, Украины одоо ашиглаж буй сөрөн устгагч дронууд онолын хувьд реактив дронуудыг устгах боломжтой боловч одоогоор хүлээж байсан үр дүнгээ бүрэн үзүүлж чадахгүй байгаа аж.
Палиса “Үүнийг шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Бид асуудлыг шийдэх арга замыг хайж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN