Оросын Зэвсэгт хүчин Киев хотод наймдугаар сарын 29-ний бямба гаргийн орой нисгэгчгүй онгоцоор довтолж, 12 давхар орон сууцны байранд гал гарчээ.
Киев хотын дарга Виталий Кличко Telegram хуудастаа “Оболон дүүрэгт нисгэгчгүй онгоц орон сууцны барилгуудын хоорондох талбайд унасан. Оболонь дахь 12 давхар орон сууцны хоёрдугаар давхраас тавдугаар давхар хүртэл гал гарсан” хэмээн мэдээлсэн байна.
Үүний дараа тэрбээр Подольск дүүрэгт эмнэлгийн түргэн тусламж дуудсан талаар мэдээлжээ. Киев хотын Цэргийн захиргаа тус дүүрэгт агуулахын зориулалттай барилга галд өртсөн талаар мэдээлсэн баайна.
Мөн Кличко Голосеевскийн дүүрэгт хоёр давхар, орон сууцны бус барилга оногдсон, харин Днепровскийн дүүргийн ногоон бүсэд нисгэгчгүй онгоц унасны улмаас гал гарсан гэж мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар, энэ нь Трухановын арал байж болзошгүй юм байна.
Түүнчлэн наймдугаар сарын 29-ний өдөр Оросын цэргүүд Украины нийслэлд хэд хэдэн удаа халдлага үйлдсэний улмаас нэг хүүхэд амиа алдаж, найман хүн шархаджээ.
Орос довтолгооны тактикаа өөрчилжээ
Сүүлийн өдрүүдэд Оросын цэргүүд турбореактив хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоц ашиглан Киев болон түүний орчимд өдөр, шөнөгүй довтлох болжээ. Наймдугаар сарын 27-ноос 29-ний хооронд буюу сүүлийн гурван хоногт Киев хотод агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио 30 гаруй удаа дуугарсан аж.
Ойролцоогоор цагт 180 км-ийн хурдтай нисдэг сэнст хөдөлгүүртэй Shahed дронуудаас ялгаатай нь шинээр ашиглаж буй нисгэгчгүй онгоцууд турбореактив хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд цагт 400–500 км хүртэл хурдалдаг байна.
Энэ нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн ажиллагааг илүү хүндрүүлж байгаа ажээ.
Николаевт мөн агуулах шатжээ
Мөн наймдугаар сарын 29-ний орой Николаев хотын орчимд Оросын цэргүүдийн Shahed төрлийн нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас хүнсний үйлдвэрлэлийн компанийн агуулах гэмтэж, улмаар гал гарсан байна.
Николаев мужийн Цэргийн захиргааны дарга Георгий Решетиловын мэдээлснээр, хүний амь эрсдээгүй байна.
Эх сурвалж: DW