XXI зууны эцэс гэхэд кактусын 25 хувийн амьдрах орчны тархац 80 хүртэл хувиар хумигдана гэж АНУ-ын эрдэмтэд үзэж байна

Дэлхийн дулаарал болон үүнээс үүдэлтэй хэт халалтын давтамж нэмэгдсэнээр XXI зууны эцэс гэхэд кактусын зүйлийн 25 хувийн амьдрах орчны тархац 80 хүртэл хувиар хумигдана гэж эрдэмтэд дүгнэжээ.

Үүний улмаас эдгээр ургамлын олон зүйл устах аюулд өртөж, нэн ховордсон ангилалд шилжих эрсдэлтэй байна. Энэ тухай АНУ-ын Өмнөд Флоридагийн их сургуулийн (USF) хэвлэлийн алба мэдээлжээ.

USF-ийн эрдэм шинжилгээний ажилтан Мишель Пилле “Дэлхийн дулаарал нь байгаль орчны өргөн хүрээний урьдчилсан тооцоонд тэр бүр тусгагддаггүй цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамжийг эрс нэмэгдүүлж байна.

Бидний боловсруулсан загварт ган гачгийн давтамж мэдэгдэхүйц өсөх нөхцөлийг харгалзан үзэж, чийгийн дутагдалд дасан зохицох чадвар өндөртэй ургамлын овогт энэ нь хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон. Гэвч кактусын дасан зохицох чадвар нь цаашид амьд үлдэхэд хангалтгүй болох нь тогтоогдсон” гэж мэдэгдсэнийг тус сургуулийн хэвлэлийн алба эш татжээ.

Пилле болон бусад эрдэмтдийн тэмдэглэснээр, дэлхий дээр кактусын бараг 1,000 зүйл ургадаг бөгөөд Rhipsalis baccifera зүйлээс бусад бараг бүх зүйл нь зөвхөн Шинэ ертөнцийн нутаг дэвсгэрт буюу Америк тивд тархсан байдаг байна.

Кактусын нийт зүйлийн бараг гуравны нэг нь аль хэдийн Улаан номд бүртгэгджээ. Энэ нь хүний үйл ажиллагаа тэдгээр ургамлын амьдрах орчинд нэвтэрч, тархац нутаг нь хэсэг хэсгээр тасарч, хуваагдсантай холбоотой аж.

Хэдэн жилийн өмнө Пилле болон бусад судлаачид агаарын температурын өсөлт, хур тунадасны хэмжээний өөрчлөлт болон дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг уурын бусад нөлөөлөл нь хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ өндөр, дунд, бага байхаас үл хамааран кактусын хэдэн зуун зүйлийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлөхийг тогтоожээ.

Энэхүү судалгааны үр дүнд эрдэмтэд удаан хугацаагаар үргэлжлэх ган гачиг, хэт халалтын давалгаа зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд кактусын популяцид хэрхэн нөлөөлөхийг нэмж судлахаар болсон байна.

Кактусын оршин тогтнолд учирч буй уур амьсгалын аюул

Энэхүү судалгааны хүрээнд эрдэмтэд кактусын өнөөгийн тархац, популяцын талаарх 648 мянган удаагийн эрдэм шинжилгээний ажиглалтад үндэслэн одоогоор хамгийн нарийвчилсан мэдээллийн санг бүрдүүлжээ.

Үүний үндсэн дээр цаг уурын янз бүрийн нөхцөлд эдгээр ургамлын амьдралын үйл явцыг тодорхойлох загвар боловсруулсан байна. Уг загварыг ашиглан дэлхийн дулаарал болон цаг агаарын эрс тэс үзэгдлүүд хөрснөөс кактусын шингээж авах усны хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг тооцоолжээ.

Судалгааны тооцооллоор, XXI зууны эцэс гэхэд кактусын зүйлийн 55 гаруй хувийн тархац нутаг дөрөвний нэгээс илүү хувиар хумигдах төлөвтэй байгаа аж. Харин нийт зүйлийн 25 хувийн хувьд тархац нутаг нь 80-аас дээш хувиар багасах бөгөөд ингэснээр тэдгээрийн олон популяци устах аюулын ирмэгт хүрэх нь.

Ялангуяа Чили, Перу болон Бразилийн зүүн хойд хэсэгт ургадаг кактусууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх төлөвтэй байна. Тодруулбал, эдгээр бүс нутагт одоо оршин байгаа кактусын дөрөв, тав, долоон зүйл тус тус бүрмөсөн устаж болзошгүй гэж эрдэмтэд тооцоолжээ.

Пилле “Дэлхийн дулаарал кактусын тархац нутгийг аль хэдийн хязгаарлаж эхэлснийг бид өнөөдөр ажиглаж байна. Бидний тооцооллын үр дүнг Улаан номыг шинэчлэх, мөн Байгаль хамгаалах олон улсын холбооноос (IUCN) шинэчилсэн урьдчилсан үнэлгээ, таамаглал боловсруулахад харгалзан үзнэ.

Амьдрах орчны доройтол болон кактусыг хууль бусаар түүж бэлтгэх зэрэг хүчин зүйлсийн улмаас ихэнх тохиолдолд нөхцөл байдал улам муудах чиглэлд өөрчлөгдөнө гэж бид үзэж байна” хэмээн судалгааны үр дүнг дүгнэжээ.

Эх сурвалж: TASS