Дуучин Н.Наранбаатар буюу Наагийгийн “Khuree Jazz Vol.1” пянз дуудлага худалдаагаар 200 сая төгрөгийн үнэд хүрсэн нь Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа жазз хөгжмийн ертөнцөд онцлох үйл явдал болов.

Тус пянзанд Монголын хөгжмийн урлагийн алтан санд багтсан, цаг хугацааны шалгуурыг даван өнөөг хүртэл үнэ цэн, утга агуулгаа хадгалсаар ирсэн есөн сор бүтээлийг багтаажээ. Тодруулбал, пянзны А талд “Мандах нар”, “Ийм нэгэн сэтгэл”, “Дөрвөн цагийн тал”, “Шүүдэр цэцэг”, “Нарт тэнгэрийн доор” зэрэг уянгалаг бүтээлүүд багтсан бол Б талд “Орь залуу нас”, “Би чамд хайртай”, “Оргилуун залуу нас”, “Аяны шувууд” зэрэг үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд шинэ өнгө төрх, өвөрмөц найруулгаар эгшиглэжээ.

“Khuree Jazz Vol.1” цомгийн үнэ цэнэ нь зөвхөн олонд танил болсон бүтээлүүдийг нэг дор багтаасанд бус, харин Монголын хөгжмийн өв соёлыг жазз хөгжмийн хэлээр шинээр тайлбарлан, танил аялгууг цоо шинэ мэдрэмж, өнгө төрхөөр сонсогчдод хүргэснээрээ онцлог аж.

Энэхүү бүтээлийг Монголын жазз хөгжмийн урлагийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн “Баянмонгол” чуулгатай хамтран туурвисан байна. Ингэхдээ эх бүтээлүүдийн уран сайхны үнэ цэнэ, аялгууны өвөрмөц шинжийг хадгалж, жазз хөгжмийн эрх чөлөөт илэрхийлэл, орчин үеийн найруулгын шийдэлтэй хослуулан шинэ амьдрал бэлэглэжээ.

Ийнхүү Монголын хөгжмийн алтан сангийн бүтээлүүдийг дэлхийн жазз хөгжмийн хэлээр дахин амилуулсан “Khuree Jazz Vol.1” нь үндэсний хөгжмийн өв соёлыг шинэ үеийн сонсогчдод хүргэхийн зэрэгцээ Монголын хөгжмийн бүтээлүүд цаг хугацаа, хөгжмийн урсгалын хил хязгаарыг даван үнэ цэнээ хадгалж чаддагийн нэгэн тод илэрхийлэл болж байна.

Э.ЭГШИГЛЭН