Дэлхийн эдийн засаг өсөлтөө хадгалж байгаа ч энэ өсөлт жигд бус, тодорхойгүй байдал улам нэмэгдсээр байна. Геополитикийн зөрчил, эрчим хүчний үнийн хэлбэлзэл, худалдааны саад бэрхшээл болон санхүүгийн эмзэг байдал нь улс орнуудын эдийн засгийн төлөвт дарамт учруулсаар буй. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжиж буй ч түүний өгөөж, тогтвортой байдал олон асуулт дагуулж байна.

Энэ сэдвийг бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна. 

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн 2026 оны аравдугаар сарын Дэлхийн эдийн засгийн төлөв тайланд дэлхийн эдийн засаг энэ онд 3.1 хувиар өсөж, 2027 онд 3.4 хувийн өсөлттэй байх төлөв гарчээ.

Харин дэлхийн ерөнхий инфляц 2026 онд 4.7 хувьд хүрч, 2027 онд 4.1 хувь болж буурахаар тооцсон байна. Энэ нь эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа ч үнийн дарамт богино хугацаанд арилахгүй байж болзошгүйг харуулж байна. 

Өсөлт үргэлжилж байгаа ч эрсдэл нэмэгдэв

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь геополитикийн зөрчил, түүнээс үүдэлтэй эрчим хүчний зах зээлийн тодорхойгүй байдал юм. Газрын тос, шатахууны үнэ өсөх нь тээвэр, үйлдвэрлэл, хүнсний нийлүүлэлтийн зардлыг нэмэгдүүлж, улмаар өрхийн хэрэглээ болон бизнесийн үйл ажиллагаанд дарамт болдог.

Үүнээс гадна улс орнуудын худалдааны бодлогын өөрчлөлт, тарифын маргаан, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь олон улсын худалдааны урсгалд нөлөөлж буй юм. Импортын түүхий эд, эрчим хүчнээс ихээхэн хамааралтай эдийн засгуудын хувьд ийм өөрчлөлт илүү хүчтэй мэдрэгдэж байгаа аж.

ОУВС эдгээр эрсдэлээс гадна улсын өрийн дарамт, санхүүгийн эмзэг байдал, хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын хүлээлт бодит үр дүнтэй нийцэх эсэхийг анхаарах шаардлагатайг онцолжээ. 

Инфляц буурсан ч иргэдийн амьжиргаанд дарамт хэвээр

Инфляцын түвшин буурах нь бараа, үйлчилгээний үнэ өмнөх түвшиндээ эргэн очно гэсэн үг биш. Харин үнийн өсөлтийн хурд саарч байгааг илэрхийлдэг. Өмнөх жилүүдэд үнэ огцом өссөн бол инфляц буурсан ч өрхийн худалдан авах чадвар уруудах хандлага ажиглагдаж байгаа аж.

Ялангуяа хүнс, түлш, орон сууц, тээврийн зардал өрхийн төсөвт өндөр хувь эзэлдэг орнуудад үнийн өсөлт бага зэрэг нэмэгдэхэд ч бодит нөлөө их байдаг. Орлого нь үнийн өсөлттэй зэрэгцэн нэмэгдэхгүй бол иргэдийн хэрэглээ хумигдаж, бизнесийн борлуулалт болон эдийн засгийн идэвх суларч болзошгүй юм.

Тиймээс инфляцтай тэмцэх бодлого нь зөвхөн үнийн ерөнхий түвшнийг хянах бус, эмзэг бүлгийн иргэдийг зорилтот, түр хугацааны дэмжлэгээр хамгаалах асуудлыг давхар авч үзэх шаардлагатай билээ. ОУВС-гийн тайланд амьжиргааны өртгийн хямралын үед төсвийн боломжийг хадгалах, тусламжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна. 

Хиймэл оюун ухаан өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болох уу?

Дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нэг нь хиймэл оюун ухаан болон түүнд шаардлагатай дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Өгөгдлийн төв, тооцоолох хүчин чадал, хагас дамжуулагч, программ хангамжид чиглэсэн хөрөнгө оруулалт нь технологийн салбарын эрэлтийг нэмэгдүүлж, зарим улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй.

Гэвч энэ чиглэлийн хөрөнгө оруулалт хүлээлтэд хүрэхгүй, эсвэл зах зээлийн үнэлгээ бодит өгөөжөөс хэт зөрвөл санхүүгийн эрсдэл үүсэх боломжтой. Түүнчлэн технологийн өгөөж улс орон, салбар бүрд ижил хэмжээгээр хуваарилагдахгүй. Дижитал дэд бүтэц, мэргэжилтэй ажиллах хүч, хөрөнгө оруулалтын орчин сайтай эдийн засгууд илүү их ашиг хүртэх магадлалтай ажээ. 

Иймээс хиймэл оюун ухаан нь дэлхийн эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой ч өсөлтийн цорын ганц баталгаа биш юм. Технологийн боломжийг бодит үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт болгон хувиргах нь улс орнуудын бодлого, бизнесийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхаас хамаарах нь.

Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Дэлхийн эдийн засгийн төлөв Монгол Улсад онцгой ач холбогдолтой. Учир нь, манай улсын экспорт уул уурхайн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай бөгөөд гол худалдааны түншүүдийн эдийн засгийн идэвх, нүүрс, зэсийн эрэлт, дэлхийн зах зээлийн үнэ экспортын орлого, төсвийн орлого, валютын нийлүүлэлтэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг.

Дэлхийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт буурвал уул уурхайн экспортын орлого хумигдах эрсдэлтэй. Харин эрчим хүч, тээвэр, хүнсний олон улсын үнэ өсвөл импортын өртөг нэмэгдэж, дотоодын инфляцад дарамт үүсгэж болох талтай. Ийм нөхцөлд гадаад зах зээлийн нэг сөрөг өөрчлөлт экспортын орлого болон өрхийн амьжиргаанд зэрэг нөлөөлөх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.

ОУВС-гийн 2026 оны наймдугаар сарын Монгол Улсын эдийн засгийн үнэлгээнд эдийн засаг 2026 онд 5.8 хувиар өсөхөөр төсөөлсөн боловч хүнс, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц өндөр хэвээр байх эрсдэлийг тэмдэглэжээ. Дэлхийн банкны 2026 оны дөрөвдүгээр сарын тайланд энэ оны өсөлтийг 5.0 хувь гэж тооцсон байна.

Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлийн савлагаанд зөвхөн богино хугацааны арга хэмжээгээр хариулах бус, эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг бууруулах нь чухал. Үүнд төсвийн сахилга батыг хадгалах, уул уурхайн орлогын хэлбэлзэлд бэлтгэлтэй байх, экспортыг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого багтаж буй.

Мөн инфляцын дарамтыг бууруулахдаа мөнгөний бодлого, төсвийн зарцуулалт, зорилтот нийгмийн дэмжлэгийг харилцан уялдуулах шаардлагатай. Зөвхөн хэрэглээг богино хугацаанд нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого нь үнийн дарамт, гадаад тэнцлийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтойг олон улсын байгууллагууд анхааруулж байна. 

Эх сурвалж: REUTERS, IMF, WORLD BANK