Австри улсын цэргийн түүхч, цэргийн шинжээч Маркус Райснерийн үзэж буйгаар, Вашингтонд гаргаж буй шийдвэрүүд Украины Оросын довтолгооноос хамгаалах чадварт шууд нөлөөлж байгаа аж.
Тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа Украины батлан хамгаалах тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсгүүд АНУ-аас хэрхэн хамааралтай байдаг, Америкийн тусламж буурсан тохиолдолд Европ энэ орон зайг хэр хэмжээнд нөхөж чадах талаар тайлбарлажээ.
Украины батлан хамгаалах чадавх АНУ-аас хэр хамааралтай вэ?
Маркус Райснерийн хэлснээр, Украин сүүлийн хэдэн долоо хоногт өргөн хүрээтэй агаарын довтолгоонд өртөж, ялангуяа сүүлийн өдрүүдэд халдлага улам эрчимжсэн байна. Түүний үзэж буйгаар, энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд бууж өгөх шахалт үзүүлэх оролдлоготой холбоотой аж.
Тэр "Стратегийн агаарын цохилтоор Украины амин чухал дэд бүтцийг устгаж, хотуудын хэвийн амьдралыг алдагдуулахыг зорьж байна" гэж тайлбарлажээ. Ийм нөхцөлд АНУ болон Европын холбоотнууд Украиныг дэмжих нь нэн чухал боловч шинжээчийн үзэж буйгаар, энэ дэмжлэг хангалттай түвшинд хүрэхгүй байгаа аж.
Райснер Украины хувьд АНУ-аас хамааралтай хэд хэдэн чухал систем байдгийг онцолжээ.
Starlink — Украины цэргийн холбооны чухал тулгуур
Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров Starlink системийг Украины Зэвсэгт хүчний "судсан дахь цус" хэмээн тодорхойлж байсан тухай Райснер дурдсан байна. Тэр "Starlink нь цэргийн нэгжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах, харилцаа холбоог хадгалах чухал хэрэгсэл учраас уг системгүйгээр байлдааны ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учирна" гэж үзжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдол
Райснер Оросын довтолгооны гурван төрлийн аюулыг онцолсон байна. Үүнд:
- Өндөр хурдны тийрэлтэт хөдөлгүүртэй дронууд - «Герань-3», «Герань-4», «Герань-5» зэрэг загвар.
- Илрүүлэхэд хүндрэлтэй далавчит пуужингууд - өндөр хурдтай нисдэг, агаарын довтолгооноос хамгаалах системд хүндрэл учруулдаг зэвсэг.
- Баллистик пуужингууд — нислэгийн хурд, замналын онцлогоос шалтгаалан замаас нь устгахад төвөгтэй зэвсэг.
Эдгээр аюулыг сөрөхийн тулд дунд тусгалын агаарын довтолгооноос хамгаалах пуужин, түүний дотор Patriot системийн пуужингууд шаардлагатай ажээ.
Шинжээчийн үзэж буйгаар, АНУ өмнө нь Patriot системийн пуужинг тогтмол нийлүүлдэг байсан бол Дональд Трампын засаг захиргааны үед нийлүүлэлтийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан байж болзошгүй юм байна.
"Европ хангалттай зэвсэгжиж чадсангүй"

Райснер АНУ өөрийн цэргийн баазуудын хамгаалалт болон Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалан нөөцийн хомсдолтой тулгарч байж болохыг хүлээн зөвшөөрчээ. Гэвч тэр "Украины одоогийн батлан хамгаалах хэрэгцээг бүрэн хангах чадавх АНУ-д л байна" гэж үзэж буй юм байна.
Түүний шүүмжилснээр, Европ сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбараа хангалттай бэхжүүлж, зэвсгийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж чадаагүй. Үүний улмаас Украинд шаардлагатай тусламж үзүүлэхийн зэрэгцээ өөрийн аюулгүй байдлыг хангах боломж нь хязгаарлагджээ.
АНУ-ын тагнуулын мэдээлэл ямар ач холбогдолтой вэ?
Шинжээчийн үзэж буйгаар, Украины АНУ-аас хамаарах хамаарал нь зөвхөн зэвсэг, холбооны системээр хязгаарлагдахгүй. Тагнуулын мэдээлэл, бай илрүүлэх технологи, мэдээлэл боловсруулах программ хангамж ч мөн чухал байр суурь эзэлдэг.
Тэрбээр АНУ, Украины хамтын ажиллагаанд Германы Висбаден дахь НАТО-гийн бааз болон Task Force Dragon нэртэй ажиллагааны бүлгийн гүйцэтгэж ирсэн үүргийг дурджээ. Мөн АНУ-ын Palantir компанийн боловсруулсан системүүд Украины байлдааны ажиллагаанд ашиглагддаг талаар ярьсан байна.
Түүний тайлбарласнаар:
- Maven - байтай холбоотой мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, алсын тусгалын зэвсгийн ажиллагааг төлөвлөхөд ашиглагддаг систем.
- Prisma - баллистик болон далавчит пуужин, дроны нислэгийн замналыг шинжлэх, агаарын довтолгооноос хамгаалах нөөцийг илүү үр ашигтай ашиглахад чиглэсэн систем гэж ярилцлагад дурджээ.
Райснер "Эдгээр технологиос хамааралтай байх нь АНУ улс төрийн шийдвэрээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг хязгаарласан тохиолдолд Украинд нэмэлт дарамт үүсгэж болзошгүй" гэж анхааруулсан байна.
Европ АНУ-ын орон зайг нөхөж чадах уу?

Райснерийн хариулт бол Европ зөвхөн тодорхой хэмжээнд л нөхөж чадна гэсэн байр суурь аж. Тэр "Франц, Их Британи батлан хамгаалах болон тагнуулын салбарт тодорхой чадавхтай ч АНУ-ын хэмжээний мэдээлэл цуглуулах, бай тогтоох, пуужингийн довтолгоог илрүүлсний дараа шуурхай хариу арга хэмжээ авах бүхэл бүтэн тогтолцоог бүрэн орлох боломжгүй" гэж үзжээ.
Starlink-ийн хувьд ч Европын ямар ч улс, компани богино хугацаанд бүрэн орлуулах шийдэл гаргаж чадахгүй гэж шинжээч онцолсон байна. Гэвч тэр "Европ өөрийн батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, АНУ-аас хамаарах хамаарлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловч энэ үйл явц хэт удаан байна" гэж шүүмжилжээ.
SAMP/T ба Patriot системийн үйлдвэрлэлийн харьцуулалт
Райснер Европын Patriot системтэй төстэй үүрэг гүйцэтгэх боломжтой SAMP/T системийг жишээ болгон дурдсан байна. Энэ системийг Франц, Итали хамтран үйлдвэрлэдэг. Түүний ярилцлагад дурдсан тоон мэдээллээр Европ - SAMP/T 100-150, АНУ - Patriot 650 орчим, цаашид 1,000-д хүргэх зорилготой гэжээ.
Райснер Европын эрчим хүчний бодлогыг ч шүүмжилж, Европын холбоо Оросын шингэрүүлсэн байгалийн хийн худалдан авалтад их хэмжээний хөрөнгө зарцуулсаар байгааг дурджээ. Түүний үзэж буйгаар, Европ АНУ-ыг шүүмжлэхийн зэрэгцээ өөрийн стратегийн сул талуудыг ч шийдвэрлэх ёстой аж.
Европт аюул заналын бодит хэмжээг хангалттай ухамсарлахгүй байна
Райснерийн үзэж буйгаар, Европ эдийн засгийн хувьд хүчирхэг боловч цэргийн чадавхын хувьд өөрийн эдийн засгийн нөлөөтэй дүйцэх хэмжээнд хүрээгүй байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Европ стратегийн хувьд бие даасан, дэлхийд нөлөө бүхий хүч болох ёстой гэсэн байр суурийг дэмжжээ.
Шинжээчийн тайлбарласнаар, Европт тулгарч буй гол бэрхшээл нь зөвхөн мөнгө, технологи биш. Харин улс төрийн хүсэл зориг, үйлдвэрлэлийн хүчин чадал, батлан хамгаалах салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх шийдвэр дутагдаж байна.
Зэвсгийн үйлдвэрлэлийн өртгийн зөрүү
Райснер ярилцлагадаа их бууны сумны үнийг жишээ болгон дурджээ.
Тэрбээр "Европын үйлдвэрлэл хувийн компаниуд, хөрөнгө оруулагчдын ашигт ажиллагааны шаардлагад тулгуурладаг бол Орос улс дайны үеийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хямд өртгөөр их хэмжээний сум үйлдвэрлэхийг зорьж байна" гэж тайлбарлажээ.
"Өвлийг даван туулах чадвар дайны шийдвэрлэх хүчин зүйл болно"
Ярилцлагын төгсгөлд Райснер Украины дайны хувь заяанд зөвхөн фронтын тактикийн амжилт бус, энгийн иргэд өвлийн улирлыг хэрхэн даван туулах нь чухал нөлөө үзүүлнэ гэж онцолсон байна.
Түүний үзэж буйгаар, Оросын стратеги нь Украиныг нэг удаагийн цохилтоор ялах бус, харин эрчим хүч, дулаан, усан хангамж болон бусад амин чухал тогтолцоонд тасралтгүй дарамт үзүүлж, удаан хугацаанд туйлдуулахад чиглэж байгаа аж.
Тэрбээр Оросын цэргийн онолч Александр Свечиний дэвшүүлсэн элэгдлийн дайн гэсэн ойлголтыг дурджээ. Энэ стратегийн гол санаа нь өрсөлдөгчөө богино хугацаанд шийдвэрлэх цохилтоор ялах боломжгүй бол нөөц, үйлдвэрлэл, хүний хүч, эдийн засгийн чадавхыг нь аажмаар сулруулах явдал юм байна.
Райснерийн тайлбарласнаар, Орос улс пуужин, дроны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, Украины агаарын довтолгооноос хамгаалах нөөцийг шавхах, иргэдийн хэвийн амьдралыг алдагдуулах замаар дарамтаа үргэлжлүүлэхийг оролдож буй ажээ.

Эх сурвалж: DW