Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 19-ний даваа гарагт АНУ-ын сенатор Ричард Блументал болон Том Тиллис нартай цахимаар ярилцах үеэрээ "АНУ-ын эрх баригчид Киевийн холбоотнуудын PURL хөтөлбөрийн хүрээнд (Prioritised Ukraine Requirements List - Украины нэн тэргүүний хэрэгцээний жагсаалт) хэдийнэ төлбөрийг нь төлсөн пуужингуудыг Украинд нийлүүлэх ажлыг саатуулж байна" гэж мэдэгджээ.
Уулзалтын үеэр хэлсэн үгийнхээ бичлэгийг Зеленский өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудастаа нийтэлсэн байна. Зеленский хэлэхдээ "Харамсалтай нь, манай түншүүд PURL хөтөлбөрийн хүрээнд төлбөрийг нь хэдийнэ төлсөн пуужингуудын нийлүүлэлтийг Пентагон саатуулж байгааг бид мэдэж байна" гэжээ.
Түүний хэлснээр, Украинд шилжүүлэн өгөхөд бэлэн болсон пуужингийн багцын нэг нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн гарын үсгийг хүлээж байгаа ажээ.
Киев "Патриот" системийн пуужин авахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсооход бэлэн байна
Украины Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ "Европын орнуудыг оролцуулаад манай түншүүд өөрсдийн Европ дахь нөөцөөс "Патриот“ системийн сөнөөгч пуужингуудыг бидэнд нийлүүлэх зөвшөөрлийг АНУ-аас мөн хүлээж байна. Энэ бүхнээс үзэхэд бидэнд үзүүлэх дэмжлэгийг удаашруулах улс төрийн тодорхой шийдвэр гаргасан бололтой" гэжээ.
Владимир Зеленскийн мэдэгдсэнээр, сүүлийн үед ОХУ баллистик пуужингаар цохилт өгөх гэж байгааг АНУ-ын эрх баригчид Украинд гурван удаа урьдчилан анхааруулаагүй байна.
Түүнчлэн Киев Starlink хиймэл дагуулын холбооны системийн цэргийн зориулалттай үйлчилгээ болох Starshield-ийг ашиглахад тавьсан хязгаарлалтын талаар хангалттай, тодорхой тайлбар авч чадаагүй хэвээр байгаа ажээ.
Украины Ерөнхийлөгч эдгээр асуудлыг тайлбарлахдаа "Энэ бүхэн найз нөхдийн харилцаанд байж боломгүй, тайлбарлахад бэрх Америкийн талын шийдвэрүүд юм" гэжээ.
Зеленский мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагын дагуу Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө 30 хоногийн хугацаанд зогсооход бэлэн байгаагGG онцолсон байна. Гэхдээ үүний хариуд Вашингтон Украинд "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах системийн сөнөөгч пуужингуудыг нийлүүлэх ёстой гэсэн нөхцөл тавьжээ.
Эх сурвалж: DW