Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга,, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн зөрчил, Монгол Улсын уул уурхайн хамаарал, төсвийн тэлэлт, цалин, тэтгэврийн өсөлт болон цаашдын эдийн засгийн бодлогын талаар ярилцлаа.

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тааварлашгүй, геополитикийн зөрчил, дайн мөргөлдөөн үргэлжилж байна. Энэ нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Геополитикийн томоохон сөргөлдөөнүүд нэлээд удаан үргэлжилж байна. Үүн дээр Орос, Украины дайн, Ормузын хоолойтой холбоотой нөхцөл байдал, Иран, Америкийн хоорондын зөрчил зэрэг дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нэмэгдэж байна.

Гэсэн хэдий ч дэлхийн томоохон байгууллагууд эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа огцом бууруулаагүй. Дунджаар 3 орчим хувийн өсөлттэй байна гэсэн хүлээлт давамгайлж байна. Тиймээс дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарч, өсөлт зогсоно гэсэн ерөнхий төсөөлөл одоогоор алга.

Ялангуяа Азийн бүс нутгийн хувьд хүлээлт харьцангуй өндөр байна. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 4-5 орчим хувийн өсөлттэй байх төлөвтэй бөгөөд зарим байгууллага 4.6 хувийн өсөлт тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн ерөнхий өсөлтийн түвшинд одоогоор хэт их санаа зовохоор нөхцөл байдал үүсээгүй гэж бодож болно.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байна. Дэлхийн зах зээл дэх дээрх өөрчлөлтүүд манай эдийн засагт ямар боломж, ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Монгол Улс уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засагтай болчихсон. Үүнд бидний өөрсдийн бодлогын шийдвэрүүд ч нөлөөлсөн. Өнөөдөр төсвийн орлого, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас маш хүчтэй хамаарч байна.

Уул уурхайн орлого нэмэгдэж байсан үед бид төсвөө тэлж, тэр орлогыг янз бүрийн хэлбэрээр иргэдэд хуваарилж ирсэн. 2008 онд гэхэд улс төрийн голлох хүчнүүд иргэдэд 500 мянга, нэг сая төгрөг олгох зэрэг амлалтаар өрсөлдөж байсан. Үүний нэг үр дагавар нь өнөөдрийн 1072 хувьцаа, мөн уул уурхайн орлогоос иргэдэд бэлэн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр хуваарилсан бодлоготой холбоотой.

Ингэж уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр төсвөө тэлсэн учраас төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төсвийн зарлага уул уурхайн орлогоос хүчтэй хамааралтай болсон. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт өөрөө уул уурхайн салбараас хэт хамааралтай байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс уул уурхай төвтэй, уул уурхайн орлогыг төр төвлөрүүлж, дахин хуваарилдаг бүтэцтэй эдийн засагтай болсон. Ийм эдийн засагтай улсын хувьд дэлхийн зах зээлээс хамаарах хамаарал маш өндөр байх нь ойлгомжтой.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд эерэг үзүүлэлтүүд ч байна. Нүүрс, зэсийн экспортын хувьд харьцангуй таатай нөхцөл үүссэн гэж үзэж болох уу?

-Тийм. Эерэг тал бий. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой болж, бидний зорилтот түвшинд ойртож байна. Нүүрсний экспортын хэмжээ ч нэлээд тэлсэн. Мөн зэсийн хувьд эерэг нөхцөл байдал ажиглагдаж байна.

Нүүрс, зэсийн экспортын орлого нэмэгдсэнээр гадаад худалдааны болон экспортын тэнцэл сайжирсан. Энэ утгаараа макро эдийн засгийн зарим үзүүлэлт харьцангуй сайн байна.

Тиймээс Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөвхөн сөрөг гэж харахгүй. Эерэг, сөрөг тал аль аль нь бий. Харин хамгийн гол нь бид энэ нөхцөл байдлыг хэрхэн удирдах вэ гэдэгт асуудлын гол зангилаа оршиж байна.

-Макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа ч иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Энэ зөрүү юунаас үүсэж байна вэ?

-Макро тоонуудыг харахад эдийн засгийн өсөлт 6-7 хувьтай, төлбөрийн тэнцэл харьцангуй сайн, валютын нөөц болон гадаад худалдааны тэнцэл боломжийн байгаа мэт харагдаж байна. Гэхдээ эдгээр үзүүлэлт иргэдийн амьдралд яг адилхан тусаж байна уу гэдэг нь өөр асуудал.

Ялангуяа уул уурхайн бус салбарынхан, төрөөс хамаарал багатай орлого бүхий хүмүүсийн хувьд нөхцөл байдал сайнгүй байна. Бага орлоготой тэтгэвэр авагчид, бага цалинтай ажил эрхэлдэг иргэд, өрхүүдийн хувьд амьдралын нөхцөл үнэхээр хүнд байна.

Хөдөлмөрийн зах зээл төдийлөн сайн биш, худалдаа, үйлчилгээний салбаруудад сөрөг нөхцөл байдал ажиглагдаж байна. Иргэдийн бодит орлого буурсан хэвээр байна. Тиймээс макро түвшинд харьцангуй сайн харагдаж байгаа ч эдийн засгийн суурь түвшинд нөлөөлж буй асуудал нэлээд хүчтэй байна гэж би боддог.

-Улсын төсөв сүүлийн жилүүдэд тэлэх болсон гол шалтгаан юу вэ? Төсвийн өсөлт өнөөгийн эдийн засгийн бодит өсөлт, бүтээмжтэй хэр нийцэж байна вэ?

-Төсөв тэлж байгаа шалтгааныг зөвхөн Засгийн газартай холбож ойлгох нь өрөөсгөл. Өнөөдөр бидний хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлого, мөн улс төрийн болон бодлогын шийдвэрүүдийн үр дагавар энд бий.

Бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж ирсэн. Мөн татварын орлогыг бууруулах нөлөөтэй шийдвэрүүд гаргасан. Энэ хавар гэхэд татварын шинэчлэл хийсэн нь төсвийн орлого тодорхой хэмжээгээр буурах нөлөөтэй.

Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн болон нийгмийн даатгалын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх жил эмч, багш нарын цалинг нэмсэн. Энэ мэт бодлогын шийдвэрүүд төсвийн зарлага талдаа ачаалал бий болгож байна.

Тиймээс төсөв тэлж байгаа үндсэн шалтгааныг зөвхөн тухайн үеийн Засгийн газрын шийдвэр гэж харах бус, олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт, түүнтэй холбоотой улс төрийн шийдвэрүүдтэй холбон харах хэрэгтэй.

-Нэг салбарын цалин нэмэгдэхэд бусад салбарын цалин, улмаар төсвийн зардал дагаж өсөх нөхцөл үүсэж байна. Энэ дам нөлөө цаашид төсөвт ямар дарамт бий болгох вэ?

-Нэг салбарын цалинг нэмэхэд бусад салбарын цалинг мөн нэмэх шаардлага үүсдэг. Жишээлбэл, багш, эмч нарын цалинг нэмсний дараа төрийн бусад үйлчилгээний албан хаагчдын цалинг орхигдуулах боломжгүй болно.

Инфляц өндөр байгаа үед тодорхой бүлгийн цалинг нэмэгдүүлэх шийдвэр нь бусад бүлэгт ч нөлөөлж, улмаар цалин, тэтгэврийг нийтэд нь нэмэх дарамт бий болгодог. Нэг шийдвэр өөрийн шууд үр дагавраас гадна ийм дам нөлөөгөөр төсөвт нэмэлт ачаалал үүсгэж байна.

Гэхдээ хамгийн гол нь цалин, тэтгэвэр нэмэгдсэнээр иргэдийн бодит орлого үнэхээр нэмэгдэж байна уу, амьдралын чанар сайжирч байна уу гэдэг асуудал. Зөвхөн нэрлэсэн орлогыг нэмэгдүүлэх нь хангалттай биш.

-Төсвийн зардал нэмэгдэх нь богино хугацаанд эдийн засгийн өсөлт, хэрэглээ, ажлын байрыг дэмжих боломжтой. Харин урт хугацаанд тогтвортой үр дүн авчрахын тулд төсвийн хөрөнгийг ямар чиглэлд зарцуулах нь илүү үр өгөөжтэй вэ?

-Төсвийн тэлэлт эдийн засагт тодорхой хугацаанд нөлөөлдөг нь үнэн. Онолын хувьд төсвийн зардлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэл байдаг.

Төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа тохиолдолд тэр мөнгө эдийн засагт эргэлдэж, хэрэглээ, импорт, тоног төхөөрөмж, бүтээн байгуулалт зэрэг тодорхой үйл ажиллагааг дэмжинэ. Ямар салбарт, ямар зориулалтаар хөрөнгө оруулалт хийж байгаагаас шалтгаалаад тухайн үедээ ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх үр дүн гарч болно.

Гэхдээ энэ нь урт хугацаанд зөв бодлого мөн үү гэдэг дээр бид анхаарах хэрэгтэй. Судлаачдын хийсэн судалгаа, бидний хийсэн дүгнэлтээс харахад төсвийн тэлэлт өнөөдөртөө эерэг нөлөө үзүүлж болох ч урт хугацаандаа эсрэгээрээ дарамт болж байна.

Өөрөөр хэлбэл, инфляц нэмэгдэх, эдийн засгийн бүтцийн асуудлыг улам гүнзгийрүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

-Төсвийн огцом тэлэлт инфляц, валютын ханш, импорт болон хувийн хэвшилд ямар дарамт, эрсдэл үүсгэж болох вэ?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн бүтээмж бодитоор нэмэгдээгүй байхад уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогод тулгуурлан төсвийн зарлагаа тэлж, цалин, тэтгэврээ нэмэгдүүлж байгаа нь ирээдүйд эрсдэл дагуулах магадлал өндөр. Төсвийн зардал нэмэгдэхэд энэ мөнгө хэрэглээ болон импорт руу орж болно. Мөн эдийн засагт нэмэлт эрэлт бий болгосноор инфляцад дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Өнөөдрийн уул уурхайн орлого маргааш заавал ижил хэмжээнд байх баталгаа байхгүй. Гэтэл бид тэр орлогод тулгуурлан байнгын шинжтэй зарлага бий болгож байна. Нэг удаагийн орлогоор байнгын зардлаа санхүүжүүлэх нь эрсдэлтэй. Төсөвт цалин, тэтгэвэр, халамжийн зардал нэмэгдээд ирэхээр эдийн засгийн нөхцөл муудсан үед буцаад танахад маш хэцүү болдог.

-Төсвийн бодлого улс төрийн мөчлөгөөс хамаарах эрсдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зардал нэмэгдэх хандлага хэр их ажиглагддаг вэ?

-Өнөөгийн төсвийн тэлэлтийг зөвхөн нэг Засгийн газар, нэг улс төрийн хүчинтэй холбон авч үзэхээс илүүтэй сүүлийн 10 гаруй жилийн бодлого, шийдвэрийн үргэлжлэл гэж харах ёстой. Үүний улбааг олон жилийн өмнөөс харж болно. Би түрүүн 2008 оныг дурдсан. Яагаад бид халамжийн бодлого руу эрт орчихов гэдгийг бодох хэрэгтэй. Улс төрийн зорилго, сонгуулийн амлалт, улс төрийн ялалттай холбоотой шийдвэрүүд биднийг энэ зам руу оруулсан.

Үүнээсээ өнөөдрийг хүртэл бүрэн гарч чадаагүй байна. Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол болохгүй, халамж олгохгүй бол болохгүй, нийгмийн халамжийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэх мэтээр төсөв улам тэлэх нөхцөл үүссэн. Эндээс бид гарахын тулд төсвөөр бүх асуудлыг шийдэх гэсэн хандлагаасаа татгалзах хэрэгтэй.

-Уул уурхайн орлого төсвийн орлогын чухал эх үүсвэр хэвээр байна. Түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ төсөвт тооцсоноос буурах эрсдэл хэр бодитой вэ?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн бүтээмж уул уурхайн салбараасаа хэт хамааралтай хэвээр байна. Тиймээс дэлхийн зах зээл дээрх өөрчлөлт, түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ бидэнд шууд нөлөөлнө. Нүүрсний үнэ харьцангуй гайгүй болж, экспортын хэмжээ тэлсэн нь эерэг. Зэсийн хувьд ч мөн эерэг нөхцөл байдал байна. Үүний үр дүнд экспортын орлого, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг үргэлж ийм байна гэж тооцож болохгүй. Уул уурхайн орлогоос хамааралтай хэвээр байгаа учраас бид дэлхийн зах зээлийн эрсдэлийг үргэлж тооцох ёстой.

-Хэрэв төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол ямар зардлуудад хамгийн түрүүнд дарамт ирэх вэ? Байнгын шинжтэй цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг бууруулах боломж хэр байдаг вэ?

-Энэ бол хамгийн том асуудлын нэг. Нэг удаагийн буюу түр зуурын орлогын өсөлтөд тулгуурлаад байнгын зардлыг нэмэгдүүлчихээр эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөн үед буцаад зардлаа бууруулахад маш хэцүү болдог.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг зардал нь шууд бууруулахад хүндрэлтэй, байнгын шинжтэй зардлууд. Тиймээс ийм шийдвэр гаргахдаа тухайн жилийн төсөвт үзүүлэх нөлөөгөөр нь хязгаарлахгүй, ирээдүйд төсөвт ямар ачаалал үүсгэхийг тооцох хэрэгтэй.

-Өнөөгийн төсвийн тэлэлтээс иргэдийн амьдралд хамгийн бодит, урт хугацааны өгөөж өгөх зардал, хөрөнгө оруулалт юу байх бол?

-Төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар тухайн цаг хугацаанд эдийн засагт тодорхой хэмжээний хөдөлгөөн бий болгож болно. Мөнгө зарцуулагдаж байгаа л бол хэрэглээ, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг тодорхой нөлөө гарна.

Гэхдээ урт хугацаанд энэ нь бодлогын зөв сонголт мөн үү гэдгийг харах ёстой. Төсвийн зарлага эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бодит ажлын байр бий болгох чиглэлд зарцуулагдах нь илүү чухал.

Өнөөдөртөө эерэг нөлөө үзүүлээд, ирээдүйдээ дарамт болдог бодлогоос зайлсхийх хэрэгтэй. Төсвийн зарлага нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх эсэхийг хамгийн түрүүнд тооцох ёстой.

-Монгол Улс уул уурхайн орлогоос хамаарсан төсвийн тэлэлтийн мөчлөгөөс гарахын тулд цаашид ямар бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Бид төсвөөр бүх асуудлыг шийднэ гэсэн бодлогоосоо татгалзах хэрэгтэй. Өөр сонголт нь хувийн хэвшилд суурилсан, төрийн оролцоо харьцангуй бага, хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засаг руу бодитоор шилжих явдал. Төсвийн зарлагыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх нь эдийн засагт нөлөөлнө. Гэхдээ энэ бодлогыг цаашид тогтвортой үргэлжлүүлэх боломжгүй.

Монгол Улс уул уурхайн орлогод түшиглэн төсвөө тэлэхийн оронд эдийн засгийн бүтээмжээ нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлэх, хувийн хэвшилд ажиллах орчин бий болгох бодлого руу шилжих шаардлагатай.

Эцсийн дүндээ төрийн зарлага нэмэгдсэнээр бус, бодит ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшил өргөжиж, иргэдийн орлого бүтээмжээрээ өсдөг эдийн засагтай болох нь хамгийн чухал.

Төсвийн тэлэлт өнөөдөр тодорхой хэмжээний өсөлт бий болгож байгаа мэт харагдаж болох ч урт хугацаанд энэ бодлогоо үргэлжлүүлэх боломжтой юу гэдгийг бид одооноос бодох ёстой. Өөрөөр хэлбэл, төсвөөр бүх асуудлыг шийдэх хандлагаасаа татгалзаж, эдийн засгийн суурь бүтцээ өөрчлөх шаардлагатай байна.

Д.ЭРДЭНЭТУЯА