Хөвсгөл аймгийн Онцгой комиссын XII хуралдаан өнөөдөр (2026.10.19) болж, "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
"Могойн гол" ХК Хөвсгөл, Завхан аймгийн дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын нүүрсний хэрэгцээг хангах чиглэлээр 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийн 2026 оны хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл 25 хувьтай байгаа бөгөөд түлш, шатахуун, тэсрэх материалын хомсдол, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна.
Иймд "Могойн гол" ХК-ийн захирал Ц.Баттогтох нүүрс олборлолтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахын тулд шаардлагатай түлш, шатахуун, тэсрэх материал худалдан авах, техник түрээслэх төлбөрийг нүүрсээр барагдуулах эсвэл дараа төлбөрийг нөхөн төлөх нөхцөлөөр худалдан авалт хийх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Тус аймгийн Онцгой комиссоос 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Хөвсгөл, Завхан аймгийн дулаан хангамжид шаардлагатай нүүрсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор тус компанийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр болсон байна.