АНУ болон Украины харилцаа тагнуулын мэдээлэл солилцох, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг сулруулах, Украины Оросын эрчим хүчний байгууламжуудад хийж буй цохилт, дайныг энхийн замаар дуусгах асуудлаар улам хурцадмал болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хоорондын харилцан үл итгэлцэл ч гүнзгийрч байгаа ажээ.
Трамп Зеленскийг шүүмжилж, хэлэлцээр хийх өөр хүн хэрэгтэй гэж мэдэгдэв
Трамп даваа гарагт Зеленскийг юу ярьж байгаагаа ойлгохгүй байна хэмээн буруутгаж, Украины өмнөөс хэлэлцээ хийх өөр хүн гаргах цаг болсон байж магадгүй гэж мэдэгджээ.
Трамп өмнө нь Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилтуудыг "ичгүүртэй" гэж нэрлэж, Зеленскийтэй ойлголцох нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцахаас ч хэцүү гэж хэлсэн байна.

Зеленский ням гарагт өгсөн ярилцлагадаа "Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан алуурчидтай харилцахаас илүүтэй байр сууриа илэн далангүй, тодорхой илэрхийлдэг түншүүдтэй байх нь дээр" гэжээ. Энэ үг нь Трампын Оростой харилцах харилцааг шүүмжилсэн утгатай гэж CNN тайлбарласан байна.
Трамп мөн Зеленскийг Truth Social сүлжээндээ дайныг дуусгахыг хүсэхгүй байгаа, магадгүй анхнаасаа ч хүсээгүй гэж буруутгажээ.
Ийнхүү хоёр улсын удирдагчдын харилцаа 2025 оны хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хурц маргаант уулзалтаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч болзошгүй байгаа аж.
Украин Оросын газрын тосны байгууламжид өгч буй цохилтоо үргэлжлүүлэв
Аравдугаар сарын 18-ны амралтын өдрүүдэд Украин ОХУ-ын нутаг дэвсгэрт энэ онд хийсэн хамгийн том дрон довтолгоонуудын нэгийг үйлдэж, Санкт-Петербургийн газрын тосны терминалд цохилт өгсөн байна.
Уг терминал жилд 12.5 сая тонн хүртэл газрын тос боловсруулах, дамжуулах хүчин чадалтай гэж мэдээлжээ. Мөн Санкт-Петербург дэх логистикийн төв, Оросын VKontakte нийгмийн сүлжээний мэдээллийн төв халдлагад өртсөн тухай мэдээлсэн байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадан, орон сууцууд эвдэрчээ. Энэ нь Трампын Украинд тавьсан Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох шаардлагатай зөрчилдөж байгаа аж.
Трампын засаг захиргаа АНУ-д газрын тос, дизель түлшний үнийг бууруулахыг эрмэлзэж буй бөгөөд дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь удахгүй болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө улс төрийн дарамт болж буй юм байна.
Өөрөөр хэлбэл, Вашингтон Оросын эрчим хүчний салбарт чиглэсэн Украины довтолгоог хязгаарлах сонирхолтой байгаа бол Киев Оросын дайны чадавхыг сулруулахын тулд ийм цохилтуудыг үргэлжлүүлэхийг зорьж байгаа аж.
Трамп Орост тавьсан зарим хоригийг сулруулжээ
Трамп Оростой энхийн хэлэлцээр хийх боломжийг хадгалахын тулд Москвагийн эсрэг авсан зарим эдийн засгийн хязгаарлалтыг сулруулснаа зөвтгөсөн байна.
Эдгээр арга хэмжээнд Оросын дизель түлшний экспортод зөвшөөрөл олгох, АНУ-ын Конгрессын тогтоосон өргөн хүрээний эдийн засгийн хоригийн зарим хэсгээс Оросыг чөлөөлөх зэрэг багтжээ.
Трамп "Би Орос, Украины хоорондын дайныг зогсоох энхийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Оросыг хэлэлцээний ширээнээс холдуулах аливаа үйлдэл хийхийг хүсэхгүй байна" гэж мэдэгдсэн аж.
Харин Зеленский ийм хөнгөлөлтүүд нь Путины дайныг үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Тэрбээр АНУ Оросын талд орвол энэ нь "түүхэн алдаа" болно хэмээн анхааруулсан байна.
Украин болон Европын орнуудад Трампын засаг захиргаа Путинээр энхийн гэрээ зөвшөөрүүлэхийн тулд Москвад цаашид ч буулт хийж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа аж.
Зеленский энхийн хэлэлцээнд бэлэн ч аюулгүй байдлын баталгаа шаарджээ
Зеленский Украины аюулгүй байдлыг баталгаажуулж чадвал энхийн хэлэлцээ хийхэд бэлэн болохоо дахин илэрхийлсэн байна. Тэрбээр ням гарагт АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай ярилцаж, энх тайвныг тогтоохын тулд тасралтгүй харилцаж байгаагаа мэдэгджээ. Мөн ойрын өдрүүдэд Норвегид тэдэнтэй уулзаж магадгүй гэж хэлсэн байна.
Зеленский даваа гарагт АНУ-ын Конгрессын хоёр намын төлөөлөгчидтэй цахимаар уулзахдаа: "Энэ бол дайн эхэлснээс хойших хамгийн хүнд нөхцөл байдал" гэж тодорхойлжээ. Тэрбээр мөн Украинд үзүүлэх дэмжлэгийг удаашруулах улс төрийн шийдвэр гарсан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украинд үзүүлэх дэмжлэгийг зогсоосон гэх мэдэгдлийг няцааж, Зеленскийгээс энэ талаарх үгээ юунд үндэслэснийг өөрөөс нь тодруулах хэрэгтэй гэж хэлжээ.
Украингүйгээр АНУ, Орос, Хятад гурван талт уулзалт хийх тухай асуудал
АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид ирэх сард гурван талт уулзалт хийж магадгүй гэсэн мэдээлэл Киевт түгшүүр төрүүлжээ. Учир нь, ийм уулзалтаар Украины оролцоогүйгээр дайны асуудлыг хэлэлцэж болзошгүй юм байна.
Трамп Путин болон Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах боломжийг авч үзэж байгаагаа хэлсэн ч уг уулзалтын гол сэдэв нь Украины дайн бус, цөмийн зэвсгийг хорогдуулах асуудал байна гэж тайлбарлажээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига ийм уулзалт энх тайванд тус болохгүй, харин ч Путиныг дайнаа үргэлжлүүлэхэд урамшуулна гэж шүүмжилсэн байна.
Кремль даваа гарагт уг уулзалт болон түүний хэлэлцэх асуудлын талаар тодорхой санал, тохиролцоо гараагүй гэж мэдэгджээ.
Оросын довтолгоо үргэлжилж, тагнуулын мэдээллийн асуудлаар маргаан үүсэв
Зеленскийн мэдэгдсэнээр, Трамп эрчим хүчний байгууламжуудад харилцан цохилт өгөхөө зогсоох тухай мэдэгдсэнээс хойш Орос Украины эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарт 76 удаа зориудаар довтолсон байна.
Зеленский мөн даваа гарагт Харьков мужид Оросын дроны довтолгооны улмаас гурван хүүхэд багтсан зургаан хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ АНУ Украины армид өгдөг хиймэл дагуулын тагнуулын мэдээллийг хязгаарласан эсэх талаар хоёр тал маргалдаж байгаа аж.
- Starlink, Starshield-ийн асуудал: Зеленский Starlink системд орсон өөрчлөлтүүд Украины дронуудын ажиллагааг хязгаарлаж байгааг хэлээд үүнийг Америкийн засгийн газраас өгч буй дохио гэж тайлбарлажээ.
- АНУ-ын байр суурь: Трампын засаг захиргаа уг үйлчилгээг хязгаарлах тушаал өгсөн гэх мэдэгдлийг няцаасан байна. Трамп өөрөө хэн хязгаарлалт хийснийг мэдэхгүй ч учрыг нь олох хүсэлтэй байгаагаа хэлжээ.
- Баллистик пуужингийн анхааруулга: Зеленский Оросын пуужингийн довтолгооны талаар АНУ-ын түншүүдээс урьдчилан анхааруулга аваагүй гэж мэдэгдсэн бол Рубио тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг зогсоогоогүй гэж хариулсан байна.
АНУ-ын хиймэл дагуулын сүлжээ нь Украины армид ирж буй пуужингийн довтолгоог урьдчилан илрүүлэхэд чухал үүрэгтэй. Иймээс энэ асуудал зөвхөн хоёр улсын дипломат харилцаанд бус, Украины иргэд болон дэд бүтцийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: CNN