Монголын уудам говийг туулан, Хятадын хил рүү өдөр шөнөгүй цуврах нүүрс тээврийн мянга мянган автомашины дунд амьдралын төлөө тэмцэж яваа цөөн эмэгтэй жолоочийн нэг бол С.Майхүү.
Тэрбээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэл, аюул осол ихтэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалт хангалтгүй орчинд ажиллаж, амьдралаа залгуулдаг. Түүний амьдрал, тэмцэл, сонголтыг найруулагч Ч.Хоролдорж зургаан жилийн турш баримтжуулж, “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) хэмээх баримтат киног бүтээжээ.
Найруулагч Ч.Хоролдорж уг бүтээлээ Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films” компанитай хамтран туурвисан бөгөөд олон улсын үзэгчдэд 2026 оны зургаадугаар сараас эхлэн хүргэж эхэлсэн байна.
Кино олон улсын кино урлагийн томоохон наадмуудад амжилттай оролцож, кино шүүмжлэгчдийн өндөр үнэлгээг хүртжээ. Тухайлбал, Нью-Йоркийн нэр хүндтэй “Трайбека” кино наадам болон Их Британийн “Шеффилд ДокФест” баримтат кино наадмын уралдаант хэсэгт сонгогдсон бол Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэн байна.
Мөн Бусаны олон улсын кино наадмын “Wide Angle” хөтөлбөрт шалгарч, Монголын уран бүтээлийг олон улсын тавцанд таниулжээ. Харин Монголын үзэгчид тус бүтээлтэй 2026 оны аравдугаар сарын 19-нд Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр албан ёсоор танилцсан билээ.
“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн салбарын хурдацтай тэлэлт, асар их мөнгөн урсгалын цаана үлдэж буй хүний амьдрал, хөдөлмөрийн бодит нөхцөлийг хөндсөнөөрөө онцлог болжээ.
Байгалийн баялгийн олборлолт, экспортын эдийн засгийн үр өгөөжийн тухай ярианы цаана хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, өдөр тутмын эрсдэлтэй нүүр тулдаг эгэл хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдгийг С.Майхүүгийн түүхээр дамжуулан үзүүлсэн байна.
Киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний орд, Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурин болон нүүрс тээврийн зам дагуух бодит орчинд хийсэн нь бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа аж.
Үзэгчид уул уурхайн салбарын өнгөц дүр төрхөөс цааш харж, түүний ард ажиллаж, амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын амьдрал, тулгардаг бэрхшээл, тэсвэр тэвчээрийг илүү ойроос ийн мэдрэх боломжтой болжээ.
Найруулагч Ч.Хоролдорж өмнө нь ч олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байсан уран бүтээлч юм. Түүний “Зүүд” (2010) богино хэмжээний кино Каннын кино наадмын “Short Film Corner” хөтөлбөрт оролцож, “Шарга даага” (2013) уран сайхны кино нь Бусан болон Фрибургийн кино наадмуудад толилуулагдаж байв.
Түүнчлэн “Говийн бүсгүй” (2023) бүтээлээрээ Их Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагнал хүртсэн нь түүний уран бүтээлийн замналын нэгэн томоохон амжилт юм.
Байгалийн баялаг, эдийн засгийн өсөлтийн тухай өргөн хүрээний асуудлыг нэгэн эмэгтэйн бодит амьдрал, сонголт, тэмцлээр дамжуулан өгүүлсэн “Цагаан хадны өнгө” баримтат кино тун удахгүй бүх IPTV платформоор үзэгчдийн хүртээл болох ажээ.