Трамп Оростой холбоотой шийдвэрүүдээ өөрчилж, Украинд үзүүлэх дэмжлэгээ хумиж магадгүй гэсэн болгоомжлол Европт нэмэгдэж байгаа аж. Украины тал пуужингийн довтолгооны урьдчилсан сэрэмжлүүлэг авч чадахгүй байгаа тухай мэдэгдсэн бол Starlink сүлжээний ажиллагаанд тавьсан хязгаарлалт ч Киевийн цэргийн чадавхад нөлөөлж болзошгүй юм байна.
Эцсийн дүндээ Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа чухам юу хэлдэг бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Долоо хоногийн өмнө хоёр улсын төрийн тэргүүний утасны яриа Сибирьт тахал дэгдэх эрсдэл үүссэн гэх мэдээлэлтэй холбоотой яаралтай тодруулга хийх зорилготой мэт харагдаж байв. Гэвч удалгүй Оросын дизель түлш худалдан авахтай холбоотой маргаантай тохиролцоо яригдаж, энэ нь Украины дургүйцлийг төрүүлэв. Үүний дараа Трамп Украинд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
АНУ Украины цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг хязгаарлаж магадгүй гэсэн болгоомжлол Европ даяар хэдэн өдрийн турш нэмэгдсэн байна. Харин сүүлийн 48 цагийн үйл явдлууд энэ болгоомжлол бодит байдал болж эхэлж байж болзошгүйг харуулжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хоёр удаа мэдэгдэл хийхдээ Оросын баллистик пуужингийн довтолгооны талаар түнш орнуудаасаа ердийн журмаар урьдчилан сэрэмжлүүлэг аваагүй гэж хэлжээ.
АНУ-ын хиймэл дагуул болон бусад тандалтын систем Оросын пуужин хөөргөх ажиллагааг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй. Вашингтон энэ мэдээллийг Украины талд дамжуулснаар пуужин газардах хүртэлх богино хугацаанд энгийн иргэд хоргодох байранд орох боломж бүрддэг. Харин өнгөрсөн шөнө Орос Украины нутаг дэвсгэр рүү 39 пуужин харвасан байна.
Трамп тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаагаа зогсоосон гэх мэдээллийг няцааж, мягмар гарагт “Бид тэдэнд тусалж байгаа, мөн тагнуулын мэдээлэл хуваалцаж байна” гэж мэдэгджээ. Гэхдээ энэ нь Украинд дамжуулж буй мэдээллийн хэмжээ багассан, эсвэл мэдээллийг өмнөх шиг шуурхай дамжуулахгүй байгаа бололтой.
Оросын довтолгооны улмаас амь үрэгдэгсдийн тоо заримдаа хэдэн арваар хэмжигдэж, Москва энгийн иргэдэд учруулах хохирлоо улам нэмэгдүүлж буй энэ үед пуужингийн довтолгооны талаарх эрт сэрэмжлүүлгийг гэнэт зогсоовол олон украин хүний амь нас эрсдэх аюултай.
Гэхдээ Зеленский ийм мэдэгдэл хийсэн өөр шалтгаан ч байж болох аж. Тухайлбал, тэрбээр цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдалд урьдчилан байр сууриа илэрхийлсэн, мөн цаг агаарын таагүй нөхцөл, техникийн саатлаас болж сэрэмжлүүлэг ирээгүй байх боломжтой юм байна.
Starlink-ийн хязгаарлалт Украины цэргийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй
Лхагва гарагт Украины талд үзүүлж байсан тусламжийн өөр нэг хэлбэр хязгаарлагдсан мэт харагдсан нь Трампын засаг захиргаа Киевт үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж байж болзошгүй гэсэн таамгийг улам нэмэгдүүлжээ.
Starlink хиймэл дагуулын интернэтийн төхөөрөмжүүдийн ажиллагаанд хурдны хязгаарлалт тавьсан байна. Starlink Украины дунд болон алсын тусгалтай дронуудыг байдаа хүрэхэд, мөн Оросын агаарт удаан хугацаанд эргэлдэн довтолдог дронуудыг саармагжуулах зориулалттай сөнөөгч дронуудын ажиллагаанд ашиглагддаг.
Энэ хязгаарлалт нь Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоровын SpaceX-ийн эзэн Илон Масктай тохиролцож бүрдүүлсэн нэмэлт боломжийг хязгаарласан хэрэг байж болзошгүй аж.
Үүнийг Маск өнгөрсөн оны зун Оросын нутаг дэвсгэрт Starlink-ийн үйлчилгээг бүрэн зогсоосон шийдвэртэй адилтгаж болохгүй. Тэр шийдвэр Оросын фронтын шугам дахь ажиллагаанд ихээхэн саад учруулжээ.
Гэсэн ч одоогийн хязгаарлалт нь Украины хувьд бодит ажиллагааны үр дагавартай бөгөөд Киевийн албан тушаалтнуудын үзэж буйгаар ийм шийдвэрийг Цагаан ордны хүсэлт, оролцоогүйгээр гаргах боломжгүй ажээ.
Украин болон Европын албан тушаалтнууд Киев Оросын дизель түлшний байгууламжууд руу довтлохоо зогсоохгүй бол Вашингтон тагнуулын мэдээлэл болон бусад хамтын ажиллагааг хязгаарлаж магадгүйг хэдэн өдрийн турш анхааруулсаар ирсэн байна.
Трамп Украины Оросын газрын тосны байгууламжуудад хийж буй довтолгоог АНУ-ын шатахууны үнэ өсөх шалтгаануудын нэг хэмээн тайлбарласан. Гэвч CNN-ийн нийтлэлд дурдсанаар, тэрбээр дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон нөлөө үзүүлж буй Ормузын хоолойн нөхцөл байдлын нөлөөг үл тоомсорлож байгаа аж.
Иймд Starlink-ийн ажиллагаанд тавьсан хязгаарлалт болон пуужингийн довтолгооны талаарх урьдчилсан сэрэмжлүүлэг тасалдсан байж болзошгүй нөхцөл байдал нь АНУ-ын өмнө нь анхааруулж байсан дарамт бодит үйлдэл болж эхэлсний шинж тэмдэг байж магадгүй аж.
Трамп үүнийг үгүйсгэж буй ч түүний мэдэгдэл дангаараа ийм зүйл огт болоогүйг батлах хангалттай үндэслэл биш юм байна. Путинтэй ярилцсанаасаа хойш Трампын байр суурь дахин өөрчлөгдсөн нь ч анхаарал татаж байгаа аж.
Тэрбээр өмнө нь Украиныг өөрийн Patriot пуужингийн сөнөөгч системийг үйлдвэрлэх боломж олгохоор шийдсэн. Энэ нь удаан хугацаанд эргэлзэж ирсэн ч Украины батлан хамгаалалтад чухал ач холбогдолтой алхам байв.
Гэтэл удалгүй Трамп энх тайванд хүрэхэд саад болж буй гол хүн нь Оросын довтолгоонд өртсөн Украины Ерөнхийлөгч Зеленский мэтээр мэдэгдсэн. Зеленский харин жил гаруйн турш нэн даруй гал зогсоохыг шаардаж ирсэн билээ.
Орос Украины эрчим хүчний байгууламжууд руу довтолсон ч Трампын байр суурь өөрчлөгдөхгүй байна
Трамп өөрийн зарласан “эрчим хүчний гал зогсоох” тохиролцооны үеэр Орос Украины эрчим хүчний байгууламжууд руу довтолж байхад төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа мэт харагдаж буй аж.
Мөн Оросын талын хүмүүс Вашингтон хотод Кремлийг шүүмжилдэг нэгэн хүний аминд хүрэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл гарах, Украины нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын бизнесүүд удаа дараа халдлагад өртөх зэрэг нөхцөл байдал ч Трампын байр суурийг өөрчилж буй шинж ажиглагдаагүй байна.
Зарим үед Трамп Украиныг хохироож, тус улсын хэлэлцээний болон цэргийн байр суурийг сулруулахад чиглэсэн мэт үйлдэл хийж байгаа нь илт харагддаг. Гэвч тэр яагаад ийм байр суурь баримталдаг, эсвэл Путин түүнд юу хэлж, үзэл бодлоо ийм давтамжтай өөрчлөхөд хүргэдэг талаар бид хэзээ ч бүрэн мэдэхгүй байж магадгүй.
Нэгэн таамаглал дэвшүүлж болно. Үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг байсан Трамп хэлэлцээрийг урагшлуулахын тулд гэрээний нэг талд шахалт үзүүлдэг арга барилаа энд хэрэглэж байж болох аж. Энэ тохиолдолд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Украиныг шахаж, харин эцсийн тохиролцоогоор ашиг хүртэхийг хүсэж буй тал нь Оросын Ерөнхийлөгч Путин байж болох нь.
Дайны явц болон энх тайвны хэлэлцээрийн нөхцөлд Путин нөлөө бүхий байр суурь эзэлж байгааг Трамп зөв үнэлсэн байж болох ч түүний үзүүлж буй дарамт хэлэлцээр бодитоор урагшлах дөхсөн үед гарч ирдэггүй, заримдаа логик үндэслэл нь ч тодорхой бус байдаг.
Трампын Оросын дизель түлштэй холбоотой хоригийг цуцлах шийдвэр АНУ-ын шатахууны үнийг Конгрессын завсрын сонгуулиас өмнө бууруулахад төдийлөн нөлөөлөхгүй гэж олон шинжээч үзэж буй аж. Харин энэ нь Кремлийн сан хөмрөгт нэн шаардлагатай мөнгө оруулах магадлалтай юм байна.
Зеленский болон Европын холбоотнууд нь Трампын ийм байр сууриа өөрчлөх явдлыг олон удаа харсан тул үүнд сэтгэл хөдлөлөөр хандахаа больсон байж магадгүй. Тэд Трампын одоогийн байр суурь хэр удаан үргэлжлэх бол гэдэгт ч хэт санаа зовохоо больсон байж мэднэ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Трамптай дахин ярилцах, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте утасдах, мөн Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони айлчлахад АНУ-ын Ерөнхийлөгч байр сууриа дахин өөрчилж болох аж. Үнэхээр ч Зеленский лхагва гарагт Лондонд айлчилсан бөгөөд Украины асуудал тэнд яригдсан нь гарцаагүй.
Трампын Оростой холбоотой байр суурь хоёр талд эрсдэл дагуулж байна
Трамп Оросын байр суурийг удаа дараа ойлгож, дэмжиж байгаа мэт харагддаг нь өнөөгийн олон улсын харилцааны тайлагдашгүй асуудлуудын нэг хэвээр байна.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, ийм арга барил нь Трампын өөрийнх нь зорьж буй энх тайвны хэлэлцээрт хүрэх магадлалыг нэмэгдүүлэхгүй байж болзошгүй аж. Мөн АНУ-ын урт хугацааны аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэхгүй.
Түүнчлэн Иранд тусалж буй Москвагийн үүргийг үл тоомсорлож байгаа хэрэг гэж тэд шүүмжилдэг. Ираны асуудал нь Трампын хувьд хүндрэл үүсгэсээр буй бөгөөд Америкийн цэргийн алба хаагчид ч хохирол амсаж байгаа юм.
Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал Трамп болон Путинд өөрсдөд нь ч эрсдэл дагуулж байна. Нэгдүгээрт, Трамп Атлантын далайг дамнасан харилцаандаа ийм их зөрчил үүсгэвэл Европын холбоотнууд нь түүнийг үл тоомсорлож, Конгрессын завсрын сонгуулийн дараах 18 сарын хугацаанд түүний засаг захиргаатай идэвхтэй хамтран ажиллахгүй байхаар шийдэж магадгүй.
Ингэснээр Ойрхи Дорнодод улам тэлж болзошгүй, шийдвэрлэхэд бэрх мөргөлдөөний асуудлаар Трампын маневр хийх боломж улам хумигдана.
Путины хувьд ч эрсдэл бий. Хэрэв Европ болон Украин АНУ-ын дэмжлэггүйгээр цаашид өөрсдийн хүчээр тэмцэх шаардлагатай болвол тэд батлан хамгаалах чадавхаа бэхжүүлж, шинэ арга зам эрэлхийлж, зэвсэглэлдээ зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлэхээс өөр аргагүй болно. Энэ нь Кремлийг давамгай байр сууринд үлдээхгүй.
Москва Европын орнуудтай сөргөлдөх тусам Европ зэвсэглэлээ нэмэгдүүлнэ. Улмаар урт хугацаандаа Европын армийн хамгаалалтын чадавх Орост илүү том сорилт болж болзошгүй. Украин шинэ нөхцөл байдалд бүтээлчээр хандаж, дасан зохицох онцгой чадвараа олон удаа харуулсан. Энэ чадвар цаашид ч үргэлжилж, ирэх жилүүдэд дайны арга барил, цэргийн ажиллагааны орчныг дахин өөрчлөх магадлалтай аж.
Үүний нэгэн адил Орос улс их хэмжээний хохирлыг тэсвэрлэх чадвартай. Гэвч тус улсын тэсвэрлэх хязгаар хаана байгааг гаднаас нь харахад амаргүй. Заримдаа хуримтлагдсан бухимдал гэнэт, хүчтэй илэрдэг. Үүний жишээ нь 2023 онд Оросын алдарт хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн тэргүүн бослого гаргасан явдал. Тэр бослого богино хугацаанд үргэлжилсэн ч Кремлийн дотоод тогтвортой байдалд эргэлзээ төрүүлсэн билээ.
Гэвч ойрын хугацаанд өнөөгийн стратегийн эрсдэлийг хамгийн хүндээр үүрэх тал нь Украин хэвээр байна.
Оросын шөнийн довтолгоонд Украины хүүхдүүд, эхчүүд амь үрэгдсээр. Хотын иргэд шөнө бүр түгшүүр дунд нойргүй хонож байна. Харин тус улсын цэргийн тусламж хоёр хүчирхэг эрийн хоорондын учир битүүлэг дотно харилцаа, байр суурийн өөрчлөлтөөс хамаарах эрсдэлтэй нүүр тулжээ.
Эх сурвалж: CNN