Оросын зэвсэгт хүчний 2026 оны аравдугаар сарын 15-ны орой эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгооны улмаас Украины Киев хот болон Киев мужийн зарим хэсэгт цахилгаан тасарсан талаар Украины Эрчим хүчний яам болон Киев хотын дарга Виталий Кличко мэдээлжээ.
Украины Эрчим хүчний яамны мэдээлснээр, аюулгүй байдлын нөхцөл боломж гармагц засварын багууд цахилгаан хангамжийг сэргээх ажлыг эхлүүлэх аж. Мөн Киев мужийн эрчим хүчний байгууламжууд гэмтсэний улмаас нийслэлийн зарим хэсэгт усны даралт буурсан байна.
Луцк хотод цахилгаан, усан хангамж доголджээ
Аравдугаар сарын 15-ны орой Оросын зэвсэгт хүчин Украины Волынь муж руу мөн довтолсон байна. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний устгасан нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн хэлтэрхий цахилгаан дамжуулах шугамыг гэмтээсний улмаас мужийн төв Луцк хотод цахилгаан болон усан хангамж доголджээ. Энэ талаар Волынь мужийн цэргийн захиргааны тэргүүн Роман Романюк мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, оройн агаарын түгшүүрийн үеэр Волынь мужийн агаарын орон зайд тийрэлтэт хөдөлгүүртэй гурван нисгэгчгүй төхөөрөмж нэвтэрсэн бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин тэдгээрийг устгажээ.
NYT: Оросын төлөвлөгөө Киев, Харьков, Одессын эрчим хүчний системийг онилжээ
The New York Times сонин аравдугаар сарын 15-нд нийтэлсэн мэдээлэлдээ, Украины Европын албан тушаалтнуудад танилцуулсан гэх Оросын довтолгооны төлөвлөгөөний талаар бичжээ. Тус сонины мэдээлснээр, уг төлөвлөгөө нь Украины эрчим хүчний системийг ажиллагаагүй болгох, Киев, Харьков, Одесс хотуудын цахилгаан, ус, дулаан хангамжийг тасалдуулахад чиглэсэн байна.
Сонинд дурдсан тооцоогоор, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
- 70 орчим баллистик пуужин;
- Алсын тусгалын 720 нисгэгчгүй нисэх төхөөрөмж;
- 150 орчим удирдлагатай бөмбөг шаардлагатай ажээ.
The New York Times-ийн мэдээлэлд дурдсанаар, ийм хэмжээний довтолгоо амжилттай хэрэгжвэл дээрх гурван хотын цахилгаан эрчим хүчний хүчин чадал ойролцоогоор 90 хувиар буурч, дулаан хангамж мөн 90 хувиар багасах эрсдэлтэй аж. Түүнчлэн усан хангамж, бохир ус зайлуулах системд ноцтой доголдол үүсэж болзошгүй гэжээ.
Сонины эх сурвалжуудын үзэж буйгаар, Орос улс Украины агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн хомсдол, ялангуяа Patriot системийн пуужин-таслан устгагчийн хүрэлцээ муу байгааг ашиглахыг оролдож болзошгүй байгаа аж.
Эх сурвалж: DW