Салбуурун буюу Иссык-Кулийн уулсын сүрлэг агшин

Салбуурун гэдэг нь киргиз хэлнээс орчуулбал “анчин хүний онцгой эрдэм, арга ухаан” гэсэн утгатай. Энэ нь Киргизийн нүүдэлчин ард түмний эртний ан агнуурын арга бөгөөд өдгөө үндэсний спортын нэгэн төрөл болжээ. Бүргэдүүд ч энэ уламжлалын салшгүй хэсэг бөгөөд махчин шувуугаар ан хийх ёс Киргизийн соёлтой гүн гүнзгий холбогдсон байна.

Нүүдэлчдийн хууч яриа, уламжлалт түүхээс үзвэл салбуурун нь 4000 гаруй жилийн түүхтэй аж. Эртний киргизүүдийн хувьд энэ нь амьд үлдэх, махчин амьтдаас өөрийгөө хамгаалах арга байжээ. Нүүдэлчид эр бүргэдээсээ илүү хүчтэй эм бүргэд, тайган буюу анч нохойн үүлдэр, мөн нум сум ашиглан ан хийдэг байсан байна.

Бүргэдийг өндөр хад асгаас тавихад тэрээр өгөөш рүү аянга мэт хурдтайгаар дайрна. Махчин шувууд олзоо 4 километрийн зайнаас олж харах чадвартай бөгөөд хүчтэй сарвуугаараа 7 кг хүртэл жинтэй зүйл өргөж чаддаг. Харин тайган нохойгоор арай жижиг ан амьтан бариулдаг байжээ.

XX зууны төгсгөл гэхэд энэхүү уламжлал мартагдах аюулд орсон байна. Чөлөөт бөхөөр спортын мастер байсан Алмаз Акунов эртний ёс заншлаа сэргээхээр шийдэж, “Салбуурун” холбоог байгуулжээ.

Өдгөө салбуурун тэмцээн, арга хэмжээ нь жил бүр түүхэн өлгий нутаг болох Ысык-Көл мужийн Боконбаево тосгонд зохион байгуулагддаг гэж тэрээр ТАСС-ын сурвалжлагчид ярьжээ. Энэ нь зөвхөн бүргэдээр ан хийхээс гадна төрөл бүрийн соёл, наадмын хөтөлбөрийг багтаадаг байна. Мөн Ысык-Көлд анчдад зориулсан “Беркутчы” сургууль ажилладаг, энэ чиглэл Нарын мужид ч хөгжиж буй аж.

Янз бүрийн “нисэлттэй” шувууд

Киргизийн анчид бүргэдийг эрхэмлэдэг нь учиртай. Сэг зэмээр хооллодог махчин шувууд, жижиг мэрэгч баригч шувууд болон могильник хэмээх бүргэдийн төрөл ан хийхэд тохиромжгүй. Харин элээ, хотон шувууг ашигладаггүй. Учир нь тэд гол төлөв хулгана барьдаг аж.

“Бүргэд үнэнч, урт насалдаг. Бүргэдийг гаршуулж чадвал тэр удаан хугацаанд гэр бүлийн нэгэн гишүүн болдог. Харин шонхор богино насалж, янз бүрийн өвчинд өртөмтгий” гэж Акунов ярьжээ.

Харцага, тэр дундаа тетеревийн харцага хэмээх төрөл бүр харьцангуй ховор ашиглагддаг байна. “Салбуурун” холбооны үүсгэн байгуулагчийн хэлснээр тэдгээрийг ихэвчлэн есдүгээр сард барьж, нэгдүгээр сар хүртэл ан хийлгэдэг аж.

Ийм шувуугаар ятуу, гургуул болон туулай агнах нь хамгийн тохиромжтой. Учир нь, Киргиз орон уулархаг, бут сөөг ихтэй газар нутагтай бөгөөд тетеревийн харцага хад чулуу, бут сөөгний дундуур маш сайн маневр хийж чаддаг байна.

Харин шонхор ийм төрлийг агнахад төдийлөн тохиромжтой биш. Учир нь, дуу чимээ их гаргаж, чанга дуугаар орилон олзоо үргээдэг. Шонхор өөрийн жинхэнэ орчин болох агаарт, Ысык-Көлийн салхийг сөрөн нисэхдээ хамгийн шилдэг нь. Тэнд түүний далавчаа бүрэн дэлгэхэд саад болох зүйл үгүй.

Шонхор болон харцага нь бүргэдтэй харьцуулахад илүү их хоол иддэг. Харин бүргэдийг 3-4 хоногт нэг удаа хооллодог, заримдаа 10 хүртэл хоног хоолгүй байж чаддаг байна. Бүргэдийг хэт их хооллодоггүй. Учир нь, хэт цадсан шувуу хүний үгэнд орохоо больдог аж.

Акунов “Бүргэдээр үнэг, цөөвөр чоно агнадаг. Таван нас хүрснээс нь хойш зөвхөн цөөвөр чоно агнуулах нь бий. Чоно агнах гэж оролдож байсан ч орчин үеийн практикт амжилттай болсон тохиолдол цөөн” гэж нэмж хэлэв.

Анчин бүргэдийг 2×2 метрийн хэмжээтэй жижиг тороор барьдаг байна. Торны дотор туулай, эсвэл жижиг шувууг өгөөш болгон тавина.

Шувууг нэг настайд нь, хамгийн ихдээ гурван нас хүрэхээс нь өмнө гаршуулах шаардлагатай. Учир нь, нас бие гүйцсэн бүргэд хүний үгэнд хэзээ ч бүрэн ордоггүй аж.

Олзны шувуудыг олзлогдсон нөхцөлд 20 хүртэл жил байлгаад, дараа нь Киргизийн уулсын оргилд буцаан тавьдаг байна.

Дураараа омголон шувууг номхруулах нь

Дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл буюу өд сөдөө гуужуулах үе хүртэл бүргэдүүдийн нүдийг ихэнх хугацаанд нүдэвчээр халхалдаг байна.

Акуновын хэлснээр, энэ үед шувуу мал руу дайрах тохиолдол гарч болох ч өд сөдөө сольж байх хугацаанд аюул багатай байдаг.

Анчин шувуугаа гар дээрээ суулгасан үед, эргэн тойронд хүмүүс байвал нүдэвч зүүдэг. Нүдэвчгүй үед бүргэд сандарч, анхаарал нь сарнин, байн байн хөдөлж, далавчаараа цохин өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг гэмтээж болзошгүй.

Мөн ан хийхийн өмнө бүргэдийн нүдийг халхалж, анхаарлыг нь төвлөрүүлдэг. Олз руу нисэхийн өмнө нүдэвчийг авч, дайрч олзоо барьсны дараа дахин зүүдэг. Энэ нь шувууг тайвшруулахаас гадна олзоо буцааж авахад хэрэгтэй. Учир нь, гаршсан бүргэд хүртэл барьсан олзоо хүнд дуртайяа өгдөггүй.

Хүний гар дээр сууж байхдаа ч бүргэд аюулгүй байдлын үүднээс нүдэвчтэй байдаг. Учир нь, шувуу хэт цочромтгой үедээ эзэндээ ч аюул учруулж болзошгүй.

Эхлээд бүргэдийг хүний гар дээр тайван суудаг болгож сургана. Үүний тулд анчин шувуугаа гар дээрээ суулгаад удаан хугацаагаар авч явж, хүний үнэр, хөдөлгөөн, оршихуйд дасгадаг.

Дараа нь бээлийтэй гар дээрээс мах өгч эхэлнэ. Ингэснээр бүргэд хүнийг өөрийн “эцэг, эх” мэт хүлээн авч, түүнд дасаж, хамааралтай болдог байна. Хооллож байхдаа шувууг илж, хүнийг аюул занал гэж хүлээж авахгүй болгоно. Мөн хоолтой нь холбоотойгоор хүнээс болж атаархах, түрэмгийлэх хандлага үүсэхээс сэргийлдэг аж.

Буцаад ирэхийг заах нь

Бүргэд хүний гар дээр бүрэн дасмагц эзнийхээ дуудлагаар буцаж ирэхийг сургана. Шувууг урт оосор буюу пут-аар бэхлээд, анчин өөрөөсөө тодорхой зайд зогсоно. Дараа нь гартаа жижигхэн мах барин бүргэдээ өөртөө дуудна.

Аажмаар зайг нэмэгдүүлж, сүүлдээ махыг нь авч хаяна. Ингэснээр бүргэд зөвхөн эзнийхээ дуудлагыг сонсоод буцаж ирдэг болно. Бүргэд хүний гар дээр айж сандралгүй сууж, дуудсан үедээ эргэлзэлгүй буцаж ирдэг болсны дараа л ан хийх сургалтад оруулдаг байна.

Бүргэдийн “тулааны клуб”

Сургалтыг бут сөөг багатай газар нутагт явуулна. Анчин уулын оройд гарч, тэндээс бүргэдээ олз руу нисгэнэ.

Уулын хавцлаас туулай, үнэг, цөөвөр чоно гэнэт гарч ирэх нь элбэг. Тэр үед анчны үнэнч далавчит анд болох бүргэд олзыг шүүрэн авч, Киргизийн нүүдэлчдийн эртний анч уламжлалын хүч чадлыг харуулдаг байна.

Эх сурвалж: TASS