Гуравдагч хөршийн бодлого сонголт уу, эсвэл тусгаар тогтнолоо хадгалах стратеги уу?
Монголын тухай гадаадын хэвлэлд нэг асуулт байнга давтагддаг. Орос, Хятадын дунд орших Монгол Улс энэ хоёр их гүрний харилцаа, өрсөлдөөний дунд хаана зогсдог вэ?
Энэ асуултыг өнөөдөр Европын Төв Ази, Монголын асуудлаар дагнан мэдээлдэг Novastan дахин хөнджээ. Тус хэвлэлд нийтлэгдсэн судлаач, нийтлэлч Л.Болортой хийсэн ярилцлагад Монгол Улс Орос, Хятадын аль нэгийг сонгох шаардлагагүй, харин хоёр хөрштэй харилцаагаа хадгалсан хэвээр “гуравдагч хөрш”-ийн хүрээг тэлэх стратегийг баримталж ирснийг онцолсон байна.
Гэхдээ энэ ярилцлагын цаана нэг том асуулт байна. Монгол Улс хоёр хөршөөсөө хамааралтай хэвээр байх уу, эсвэл энэ хамаарлыг олон талт харилцаагаар тэнцвэржүүлж чадах уу?
Хоёр хөрш сонголт биш, бодит байдал
Монголын газарзүйн байрлалыг өөрчлөх боломжгүй. Хойд талаараа Орос, урд талаараа Хятадтай хиллэдэг. Далайд гарцгүй Монголын эдийн засаг, худалдаа, эрчим хүч, тээвэр хоёр хөрштэй шууд холбогддог. Үүнийг сүүлийн үеийн шатахууны хомсдол маш тодорхой харуулж буй.
Оросын нийлүүлэлтэд гарсан доголдлын улмаас Монголд шатахууны хомсдол үүсэж, үнэ өсөж, хязгаарлалт хийх хүртэл нөхцөл байдалд хүрсэн талаар Reuters мэдээлсэн. Монголын түлшний гол нийлүүлэгч нь Орос хэвээр байгаа нь энэ хямралыг зүгээр нэг дотоодын зах зээлийн асуудал биш, гадаад хамаарлын бодит эрсдэл болохыг харуулж буй.
Нөгөө талд Хятад Улс Монголын хамгийн том худалдааны түнш, уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл. Өөрөөр хэлбэл, Монголын хувьд Орос, Хятад хоёр хүссэн үедээ сольж болох түншүүд биш. Газарзүй нь бодит байдлыг тогтоож өгдөг. Харин гадаад бодлого тэр бодит байдлыг хэрхэн удирдахыг шийддэг.
“Гуравдагч хөрш” гэж хэн бэ?
Гуравдагч хөрш гэдэг нь Орос, Хятадыг орлох гурав дахь улс гэсэн үг биш. Харин Монгол Улс хоёр хөрштэй харилцаагаа хадгалж үлдэхийн зэрэгцээ Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Европын холбоо, АНУ зэрэг улс, бүс нутагтай улс төр, эдийн засаг, технологи, эрчим хүч, аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэхийг хэлж буй.
Novastan-д өгсөн ярилцлагадаа Л.Болор ч үүнийг онцолжээ. Түүний тайлбарласнаар, “гуравдагч хөрш” нь Орос, Хятадтай тогтоосон харилцааг орлох хувилбар бус, харин Монголын геополитикийн тэнцвэрийг хадгалах нэмэлт механизм аж. Энэ бол маш чухал ялгаа.
Монгол “Орос уу, Хятад уу?” гэж сонгох тухай биш. Харин “Орос, Хятадтай зайлшгүй харилцахын зэрэгцээ өөр ямар сонголттой байж болох вэ?” гэдэг асуудал юм.
Монголын газарзүй сул тал уу, боломж уу?
Сүүлийн өдрүүдийн нэг үйл явдал энэ асуултыг бүр ч сонирхолтой болгож байна. Орос Хятад руу чиглүүлэн төлөвлөж буй 2600 км урт хийн хоолойгоо “Power of Baikal” хэмээн нэрлэхээр болсон. Уг хоолой Монголын нутгаар дамжин Хятадад жилд 50 тэрбум шоо метр хий хүргэхээр төлөвлөгдөж буй.
Төслийн зарим гол асуудал, тэр дундаа үнийн тохиролцоо өмнө нь саад болж ирсэн ч Монголын газарзүйн байрлал энэ төслийн хувьд стратегийн ач холбогдолтой хэвээр байна.
Эндээс нэг сонирхолтой дүр зураг харагдана. Монголын газарзүй нэг талаас хамаарал үүсгэдэг. Нөгөө талаас геополитикийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Орос, Хятад хоёрын дунд оршдог нь Монголыг эмзэг болгодог ч мөн хоёр их гүрний хоорондох худалдаа, эрчим хүч, тээврийн коридорт чухал байр суурь эзлэх боломж олгодог.
Гуравдагч хөршийн бодит шалгуур юу вэ?
Хамгийн том сорилт. Гуравдагч хөршийн бодлого зөвхөн олон улсын уулзалтад түншлэл байгуулах, хамтарсан мэдэгдэл гаргах төдий зүйл биш. Түүнийг эдийн засгийн бодит үр дүнгээр хэмжих шаардлагатай билээ.
Хөрөнгө оруулалт орж ирэх үү?, Технологи нэвтрэх үү?, Шинэ зах зээл нээгдэх үү?, Эрчим хүчний хамаарал буурах уу?, Монголын бүтээгдэхүүн хоёр хөршөөс өөр зах зээлд хүрч чадах уу? Эдгээр асуултын хариу л “гуравдагч хөрш”-ийн бодит үр дүнг тодорхойлно.
Иймд Монголын хувьд гуравдагч хөршийн бодлого гэдэг дипломат нэр томьёо бус, эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал юм.
Монголын хамгийн том эрсдэл хоёр хөршдөө биш байж болох нь
Судлаач Л.Болор ярилцлагадаа мөн "Гадаадын ажиглагчдын Монголын талаар ярьдаг өөр нэг асуудал бий. Тэр нь дотоодын улс төрийн тогтворгүй байдал. Бодлого ойр ойрхон өөрчлөгдөх, засгийн газар солигдох, хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдал үүсэх нь гуравдагч хөршийн сонирхлыг бодит төсөл болгоход саад болдог" гэж дурджээ.
Энэ өнцгөөс харвал Монголын асуудал зөвхөн “Орос, Хятад хоёрын дунд хавчуулагдсан улс” гэдэг бус, харин өөрийн стратегийн давуу талыг хэр тогтвортой ашиглаж чадах вэ гэдэгт байгаа юм.
Монголд асар их ашигт малтмалын нөөц бий. Байршил нь стратегийн ач холбогдолтой. Ардчилсан тогтолцоотой. Олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Гуравдагч хөршүүдтэй харилцаагаа хөгжүүлэх суурь ч бий.
Гэхдээ эдгээр боломжийг бодит давуу тал болгохын тулд тогтвортой бодлого, урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулагчдын итгэл хэрэгтэй билээ.
Монгол Орос, Хятадын аль талд зогсож байна вэ?
Хамгийн зөв хариулт нь "Монгол Улс аль нэг талд нь зогсохыг хүсэхгүй байна" байж магадгүй. Монголын гадаад бодлогын гол зорилго нь хоёр хөршөөсөө нүүр буруулах бус, харин хоёр хөрштэйгээ сайн харилцаатай хэвээр байж, өөр олон түнштэй болох замаар сонголтын орон зайгаа тэлэх явдал.
Өнөөдөр гадаадын хэвлэлүүд Монголыг зөвхөн Орос, Хятадын дунд орших жижиг улс гэж харалгүй, стратегийн ашигт малтмал, эрчим хүч, тээврийн коридор, “гуравдагч хөрш”-ийн бодлого зэрэг олон хүчин зүйлээр нь авч үзэх болжээ.
Тиймээс Монголын өмнө байгаа гол асуулт “Орос уу, Хятад уу?” биш, харин “Хоёр хөрштэйгээ харилцаагаа хадгалсан хэвээр, өөрийн сонголтыг хэр олон болгож чадах вэ?” гэдэг асуулт юм. Энэ нь Монголын гадаад бодлогын хамгийн том сорилт төдийгүй хамгийн том боломж ч байж мэднэ.