Монголбанкны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал анхаарал татаж эхэллээ. Тодруулбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны зургаан жилийн томилгооны хугацаа 2026 оны тавдугаар сард дууссантай холбоотойгоор түүний дараагийн хүний томилгооны асуудал хөндөгдөж буй юм.

Г.Энхтайваныг 2020 оны тавдугаар сарын 7-нд УИХ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн түүнийг нэр дэвшүүлж байв. 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар томилдог. 

Г.Энхтайваны оронд хэн томилогдох вэ? Энэ албан тушаалд Монголбанкны Удирдлага төлөвлөлтийн газрын захирал Ж.Батхуягийн нэр яригдаж байна. Тус газар нь Монголбанкны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын уялдаа холбоог хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон бодлогын мэдээллийг зохицуулах зэрэг өргөн хүрээг хамарсан чиг үүрэгтэй. 

Ж.Батхуяг Монголбанканд олон жил ажилласан нь өмнөх албан ёсны баримтуудаас харагддаг. Тухайлбал, Монголбанкны 2021 онд нийтэлсэн мэдээлэлд түүнийг тухайн үед мөн Удирдлага, төлөвлөлтийн газрын захирлаар ажиллаж байсныг дурдсан байна. 

С.Наранцогтын хувьд Монголбанкны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үйл явцыг хэдийнэ эхлүүлсэн. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож, 2026 онд Төв банкны удирдлагын багийг бүрдүүлэх ажил үргэлжилж буй аж. Тухайлбал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн орон тоонд Э.Анар нэр дэвшиж, УИХ-ын түвшинд сонсгол болон томилгооны үйл явц өрнөсөн билээ. 

Ж.Батхуягийг одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогтын хүн бөгөөд түүний улс төрийн дэмжлэгээр Монголбанканд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл мөн яригдаж буй. Мөн Ж.Батхуягийг хүний их эмч мэргэжилтэй гэх мэдээлэл бий. Монголбанкны албан ёсны танилцуулгад түүний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил болон боловсролын дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар нийтлэгдээгүй байна.

Хэрэв Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Ж.Батхуягийг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлвэл уг асуудал цаашид парламентын түвшинд хэлэлцэгдэж, нэр дэвшигчийн сонсгол болон томилгооны үйл явц үргэлжлэх юм.