Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурав.

Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон уг Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох асуудлаар мэдээлэл солилцох хэлэлцүүлгийн ерөнхий хүрээг тодорхойллоо.
"БлэкРок ФМА" нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, технологийн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, төрийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн улс орнуудын үндэсний хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангуудад дэмжлэг үзүүлдэг туршлагатай компани юм.

Энэхүү хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны хуралдааны шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг хангаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраар ахлуулсан тус Ажлын хэсэгт Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл багтаж буй.
Олон улсын сайн туршлагад нийцүүлэн энэхүү цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг дэлхийн тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу тус байгууллага оролцох сонирхлоо илэрхийлжээ. Засгийн газар болон “БлэкРок ФМА” хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судлахаар харилцан тохиролцсоны үр дүнд мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор санамж бичиг байгуулж байна.
Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашиг сайжрахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, Монгол Улсыг чиглэсэн урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтын шинэ, бат бөх сувгийг бий болгох ач холбогдолтой юм.


