Илон Маскийн амьдрал, бизнесийн замнал том дэлгэцнээ баримтат кино болон гарч буй юм байна. “Musk” нэртэй уг бүтээл зохиолч, найруулагч Алекс Гибнигийн бүтээл бөгөөд их наядтан бизнес эрхлэгчийн амьдрал, эрх мэдэл, нөлөөллийг хөнджээ.

Кино аравдугаар сарын 16-нд кино театруудаар гарах аж. Харин есдүгээр сарын 8-нд 83 дахь Венецийн кино наадамд нээлтээ хийхийн өмнө шинэ трейлерээ танилцуулжээ. Бараг дөрвөн цаг үргэлжлэх уг баримтат киноны шинэ трейлер олны анхаарлыг татсаар байгаа аж.

Трейлерт пуужин сансарт хөөрөх дүрсний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Маскийн талаар янз бүрээр тодорхойлсон дуу хоолой сонсогдоно. Түүнийг “өнөө цагийн хамгийн агуу зохион бүтээгч байж магадгүй”, “бодит амьдралын Төмөр хүн” хэмээн магтахын зэрэгцээ “эмх замбараагүй, таамаглашгүй, ааш араншин нь хувирамтгай”, “илт хэрцгий, хувиа хичээсэн” гэх мэтээр тодорхойлжээ.

Трейлерийн төгсгөлд Илон Маскийг “Дэлхий дээрх хамгийн хяналтгүй хүн” хэмээн нэрлэсэн бичиг гарч, нэгэн дуу хоолой түүнийг “ухаан санаагаа алдсан хүн” хэмээн тодорхойлдог. Пуужин сансарт хөөрснийхөө дараа дэлбэрэх мэт дүрслэлээр киноны нэр гарч ирдэг байна.

Маск өөрөө уг баримтат киног бүтээхэд оролцоогүй. Тэр 2023 онд уг бүтээлийг “дайралт хийх зорилготой кино” хэмээн X платформоор шүүмжилж байжээ. Харин найруулагч Алекс Гибни түүнд хариулахдаа “Та яаж мэдэж байгаа юм бэ?” хэмээн бичсэн байна.

Elon Musk and Alex Gibney
Алекс Гибни, Илон Маск
Гэрэл зураг: Dia Dipasupil/Getty Images; Benjamin Fanjoy/Getty Images

Торонтогийн олон улсын кино наадмын танилцуулгад Маскийг “Марвелийн комиксын дүртэй адил хэмжээнд эрх мэдэл хуримтлуулсан хүн” хэмээн тодорхойлжээ.

Тус танилцуулгад мөн Маскийн байгуулсан компаниудын нөлөөг онцолсон байна. Tesla цахилгаан автомашины хэрэглээг түгээн дэлгэрүүлж, Starlink интернэтийн хүртээмжийг өргөжүүлж, Twitter-ийг худалдан авсан нь олон нийтийн анхаарлын төвд орсон бол АНУ-ын төрийн бүтцэд хийсэн өөрчлөлтүүд нь мөн ихээхэн маргаан дагуулсан гэжээ.

Үүнээс гадна Маск хиймэл оюун ухааны салбарын хөгжлийн төвд байж, SpaceX компанийн хувьцаа олон нийтэд санал болгогдсоноор дэлхийн хамгийн баян хүн болсон хэмээн дурдсан байна.

Кинонд сэтгүүлч Кара Свишер, философич Сэм Харрис нарын тайлбар, мөн Маскийн анхны эхнэр Жастин Маск оролцжээ.

“Enron: The Smartest Guys in the Room”, “Taxi to the Dark Side”, Элизабет Холмсын тухай “The Inventor: Out for Blood in Silicon Valley” зэрэг баримтат киног бүтээсэн, Эмми болон Оскарын шагналд нэр дэвшиж байсан Алекс Гибни энэ удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэгний тухай бүтээлээрээ дахин анхаарлын төвд орсон байна.

Эх сурвалж: PEOPLE