“Мы-Украина” телевизийн эвдэрсэн барилга
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины үндэсний нэгдсэн телевизийн марафоны шууд нэвтрүүлэг явуулж байсан “Мы-Украина” (“Бид-Украин”) телевизийн сувгийн байранд дроны цохилт өгчээ. Үүний улмаас тус телевиз түр хугацаанд нэвтрүүлгээ зогсоосон, ойрын хэдэн өдөрт сэргээхээр төлөвлөжээ.
Шууд нэвтрүүлгийн үеэр цохилт өгчээ
ОХУ-ын цэргийн хүч Киев хот дахь “Мы — Украина” телевизийн байр руу цохилт өгсөн байна. Дроны халдлага мягмар гарагийн өдөр буюу 9-р сарын 8-нд болох үед тус телевиз Украины үндэсний “Единые новости” (“Нэгдсэн мэдээ”) телевизийн марафоныг шууд дамжуулж байжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлсэн байна.
Зеленский Telegram сувгаар “Өдрийн цагаар, яг сэтгүүлчид шууд эфирт ажиллаж байх үед болсон. Барилга хэсэгчлэн сүйдсэн. Одоо шаардлагатай бүх алба газар дээр нь ажиллаж байна. Онцгой байдлын алба гал түймрийг унтраасан. Одоогийн байдлаар таван хүн гэмтэж, шархадсан нь тодорхой болоод байна. Харамсалтай нь, энэ тоо нэмэгдэж болзошгүй” гэж бичжээ.
Тэрээр телевизийн суваг руу хийсэн халдлагыг “Оросын доройтлын шинэ хуудас” хэмээн нэрлээд, олон улсын хамтын нийгэмлэгийг уг халдлагад хариу арга хэмжээ авахыг уриалсан байна.
“Украин болон украинчуудын амь насанд чиглэсэн нэг ч цохилтыг шийтгэлгүй үлдээж болохгүй. Оросыг зогсоох хэрэгтэй бөгөөд үүнийг зөвхөн хамтын хүчин чармайлтаар хийх боломжтой” гэжээ.
Телевиз ойрын өдрүүдэд нэвтрүүлгээ сэргээнэ
“Мы-Украина” телевизийн ерөнхий продюсер Юрий Сугак "Цохилт мэдээний редакци болон ажилтнуудын ажлын өрөөнүүд байрладаг хэсгийг чиглэсэн" гэж мэдээлжээ. Тухайн үед эдгээр өрөөнд ажилтнууд шууд нэвтрүүлэг дээр ажиллаж байсан бөгөөд зургаан хүн шархадсан гэж тэр тодруулсан байна.
Халдлагын дараа “Мы-Украина” телевизийн нэвтрүүлэг түр зогссон ч баг нь нэгээс хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж буй талаар телевизийн мэдэгдэлд дурджээ.
Телевизийн удирдлагын мэдээлснээр, энэ нь “Мы-Украина” телевизийн байранд гарсан хоёр дахь халдлага аж. Наймдугаар сарын 20-ны шөнө Киевийг хамарсан томоохон халдлагын үеэр гарсан дэлбэрэлтийн долгионы улмаас тус телевизийн оффис мөн хохирч, хэсэг цонх хагарсан байна.
“Нэгдсэн мэдээ” телевизийн марафон
Украины 24 цагийн турш үргэлжилдэг “Единые новости” буюу “Нэгдсэн мэдээ” телевизийн марафон нь ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн. Уг нэвтрүүлгийг Украины хэд хэдэн телевизийн суваг хамтран дамжуулдаг байна.
Эх сурвалж: DW