Реппер Mrs.M-ийн 2020 онд к-попын уран бүтээлч Кайны талаар хийсэн маргаантай нийтлэл дахин сөхөгдөж, есдүгээр сарын 19-нд болох “Super Concert”-ийн оролцогчдын жагсаалтаас нэр нь хасагджээ.
Тодруулбал, Mrs.M 2020 онд өөрийн Instagram хуудсандаа Өмнөд Солонгосын Kai-ийн зургийг нийтлэхдээ эрэгтэйлэг төрхийг нь шүүмжлэн, бэлгийн чиг хандлагатай нь холбон ойлгогдож болохуйц үг хэллэг ашигласан байна.
Тухайн үед уг нийтлэл нь к-попын шүтэн бишрэгчдийн дунд шүүмжлэл дагуулж, “TХT Mongolians” фэйсбүүк хуудсаар дамжин асуудлыг хөндсөн нийтлэл гарчээ.
Уг нийтлэлд Mrs.M-ийг Кайны нэр хүндэд халдсан, мөн түүний талаар зохисгүй агуулгатай мэдэгдэл хийсэн хэмээн буруутгаж, тухайн үеийн Кайны харьяалагддаг агентлаг болох Big Hit Entertainment-д хандахаа мэдэгдсэн байна. Харин энэ асуудал зургаан жилийн дараа буюу 2026 онд дахин сөхөгджээ.
Ирэх есдүгээр сарын 19-нд Монголд зохион байгуулагдах “Super Concert”-д PSY, Baek Z Young, LeeHi зэрэг олон улсын уран бүтээлчид оролцохоор зарлагдсан бөгөөд анхны мэдээллээр Mrs.M мөн тус тоглолтын тайзнаа гарах байж.
Гэвч түүний 2020 онд бичсэн дээрх нийтлэл олон нийтийн сүлжээнд дахин тархаж, к-попын фэнүүдээс “Super Concert”-ийн зохион байгуулагч “Evandis Entertainment”-д Mrs.M-ийг тоглолтын бүрэлдэхүүнээс хасах шаардлага тавьсан байна.
Улмаар “Super Concert”-ийн уран бүтээлчдийн талаар гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Mrs.M-ийн нэр оролцогчдын жагсаалтаас хасагджээ.