Талбай дээр бөөлжиж, бие нь татаж, эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцсэн Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээн буюу US Open-ий эхний тойрогт Аргентины Мариано Навонед таван сетээр ялагдав.
24 удаагийн “Их дуулга”-ын аварга, 39 настай Жокович наймдугаар сарын 30-нд болсон тоглолтод 7-6(5), 5-7, 4-6, 6-2, 6-1-ээр хожигджээ. Тоглолт 4 цаг 36 минут үргэлжилсэн нь Жоковичийн “Их дуулга”-ын тэмцээний эхний тойргийн хамгийн удаан үргэлжилсэн тоглолт болсон байна.
Тоглолтын турш Сербийн теннисчин биеийн байдалтайгаа бүх хүчээ шавхан тэмцэлдсэн аж. Тэрбээр нэг удаа бөөлжиж, улмаар зүүн хөлөө барин булчин нь татсан шинж үзүүлжээ. Дөрөвдүгээр сетийн дараа эмнэлгийн тусламж авах үеэр эмчийн өгсөн эмийг ууж, нуруундаа массаж хийлгэсэн байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(799x0:801x2):format(webp)/novak-djokovic-US-open-083126-3-fa17a69095ce454598e84b720c80ad6f.jpg)
Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байсан Жокович тоглолтын турш 70 алдаатай цохилт хийж, шийдвэрлэх тавдугаар сетэд ердөө нэг тоглолт авч чаджээ. Тоглолт шөнө дунд болохоос нэг минутын өмнө өндөрлөсөн байна.
Жокович тоглолтын дараа сэтгүүлчдэд хандан “Талбай дээрх мэдрэмж үнэхээр аймшигтай байсан. Би тоглолтын нэг ч мөчийг таашааж чадаагүй” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн сүүлийн үед тоглолт бүрийн үеэр бөөлжих, улмаар бүх бие нь татаж өвдөх зэрэг асуудал давтагдаж буй талаар хэлсэн байна.
Жокович “Энэ жил бараг бүх тоглолтод надтай хамт явж байгаа зүйл. Бөөлжих, дотор муухайрах зэрэг ноцтой асуудал байна. Дараа нь бүх бие татаж, өвдөж эхэлдэг. Эцэст нь нуруу, мөр маань даагдахаа больдог” хэмээн тайлбарлажээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(999x0:1001x2):format(webp)/novak-djokovic-US-open-083126-2-303568adf62b48078f4f16bcd6961100.jpg)
Түүний хувьд энэ нь US Open-ий эхний тойрогт хожигдсон анхны тохиолдол юм. Мөн “Их дуулга”-ын тэмцээний эхний тойрогт хожигдсон нь сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа тохиожээ.
Харин 25 настай Мариано Навоне карьерынхаа анхны таван сетийн ялалтыг дэлхийн шилдэг теннисчдийн нэгийг буулган авснаар байгуулжээ.
Аргентин тоглогч багадаа Жоковичийг шүтэн биширч өссөн бөгөөд тоглолтын дараа “Та энэ талбай дээр ‘GOAT’-той тоглож байна. Миний хувьд талбай дээрх хамгийн сайхан зүйл байлаа” хэмээн сэтгэл хөдлөлөө хуваалцсан байна.
Жоковичийн хувьд энэ ялагдал нь бүр ч "онцгой" байжээ. Учир нь, тэр US Open-д анхны тоглолтоо хийснээсээ хойш яг 21 жилийн дараа тэмцээнийг эхний тойрогт орхисон аж.
Түүнчлэн энэ удаагийн ялагдлын дараа түүний хувьд US Open төдийгүй “Их дуулга”-ын тэмцээнүүдэд дахин оролцох эсэх нь тодорхойгүй болжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(799x0:801x2):format(webp)/novak-djokovic-US-open-083126-4-f384ea083e6d44a29237120e6d6e532b.jpg)
Жокович ирээдүйнхээ талаар тодорхой шийдвэр хэлээгүй бөгөөд одоо өөрт нь тохиолдож буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, цаашид энэ байдлаар хэр удаан тоглож чадахаа ойлгохыг хичээж буй талаараа хэлсэн байна.
Тэрбээр US Open-ээс хэдхэн долоо хоногийн өмнө Цинциннатигийн тэмцээнд хожигдсоныхоо дараа мөн адил олон жилийн турш үргэлжилж буй эрүүл мэндийн асуудалтайгаа анх удаа ил тод ярьсан аж. Түүний хэлснээр, өндөр чийгшил, халуун цаг агаарын нөхцөлд уг асуудал нь илүү сэдэрдэг байна.
Эх сурвалж: PEOPLE