Нэгэн цагт рестораны аяга таваг угааж, зөөгч хийж явсан хүү өнөөдөр хиймэл оюуны ирээдүйн талаар дэлхийн удирдагчидтай ярилцаж байна. Түүний амьдралын түүх амжилтын тухай гэхээсээ илүүтэй алдаа, тэсвэр, эрсдэл болон ирээдүйг бусдаас түрүүлж төсөөлж хардаг тухай бид энэ удаа "HUMAN" буландаа онцолж байна.
Зарим хүмүүс ирээдүйг хүлээдэг. Зарим нь ирээдүйд дасан зохицдог. Харин цөөн хэдэн хүн ирээдүй ямар байхыг өөрсдөө төсөөлж, тэр төсөөллөө бодит зүйл болгохын төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөдөг. Женсен Хуанг (Jensen Huang) бол тэдний нэг.
Өнөөдөр түүний нэрийг сонсоход NVIDIA, хиймэл оюун ухаан, GPU, суперкомпьютер, технологийн хувьсгал гэсэн үгс хамгийн түрүүнд санаанд орно. NVIDIA-г 1993 онд байгуулсан Хуанг өнөөдөр ч компанийнхаа үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хэвээр байна.
Тус компани 1999 онд GPU-г бий болгосноор компьютер графикийн салбарыг өөрчилж, улмаар GPU-д суурилсан тооцоолол нь орчин үеийн хиймэл оюуны эрин үеийн суурийн нэг болжээ. Энэ түүх технологийн аварга компаниас эхлээгүй. Энэ түүх нэгэн хүүгийн бага наснаас эхэлжээ.
Тайвань хүү Америкт

Женсен Хуанг Тайваньд төрж, багадаа гэр бүлийн хамт АНУ-д очжээ. Тэрбээр Орегон мужийн их сургуульд цахилгааны инженерийн чиглэлээр суралцаж, дараа нь Стэнфордын их сургуульд цахилгааны инженерийн магистрын зэрэг хамгаалсан байна.
NVIDIA-г байгуулахаасаа өмнө тэрбээр LSI Logic болон Advanced Micro Devices компанид ажиллаж байжээ. Түүний амьдралын эхний ажил технологийн компанийн удирдлагын өрөө биш байж. Тэр 15 настайдаа Орегон мужийн Портланд хотын Denny’s ресторанд ажиллаж эхэлжээ.
![]()
Аяга таваг угаана. Ширээ цэвэрлэнэ. Зөөгч хийнэ. Кофе зөөнө. Олон жилийн дараа тэр өөрөө “Хэнээс ч илүү олон кофены аяга зөөж чадна” хэмээн дурссан байдаг. Энэ жижигхэн ресторан хожим түүний амьдралын нэгэн бэлгэдэл болжээ.
Учир нь, 1993 онд Женсен Хуанг, Крис Малаковски, Кертис Приэм нар яг тэр Denny’s-ийн нэгэн ширээнд сууж, персонал компьютерт илүү бодит мэт 3D дүрслэл бий болгох шинэ төрлийн чип бүтээх санаагаа ярилцжээ.
Тэр үед хэн ч тэднийг дэлхийн технологийн ирээдүйг өөрчлөнө чинээ санаагүй биз ээ. Тэд өөрсдөө ч ирээдүйд юу болохыг бүрэн мэдээгүй. Гэхдээ тэд эхэлж чаджээ.
Гурван хүн. Нэг санаа. NVIDIA
1993 оны дөрөвдүгээр сарын 5-нд Женсен Хуанг болон түүний хоёр хамтрагч NVIDIA-г байгуулжээ. Тэдний анхны зорилго хиймэл оюун ухаан биш байв. Тэд компьютер тоглоом, мультимедиа орчинд илүү чанартай 3D график бий болгохыг хүсэж байсан аж.
Технологийн ертөнцөд заримдаа өнөөдөр хийж буй зүйл маргааш ямар ач холбогдолтой болохыг хүн өөрөө ч мэддэггүй. 1999 онд NVIDIA GPU буюу график боловсруулах процессорыг хөгжүүлжээ. Энэ нь компьютерийн графикийг өөрчилсөн түүхтэй.
Хожим GPU-ийн зэрэгцээ тооцоолох чадвар нь шинжлэх ухаан, судалгаа, өндөр хүчин чадлын тооцоолол болон хиймэл оюуны хөгжлийн гол технологийн нэг болж эхэлжээ. 2006 онд NVIDIA CUDA архитектурыг танилцуулж, GPU-г зөвхөн график боловсруулах бус, олон төрлийн тооцоололд ашиглах боломжтойг харуулж эхэлсэн байна.
2012 онд GPU нь AlexNet хэмээх мэдрэлийн сүлжээний томоохон амжилтыг дэмжсэнээр орчин үеийн AI-ийн эрин эхлэхэд чухал түлхэц болсон байна. Өөрөөр хэлбэл, тэдний 1990-ээд онд шийдэх гэж оролдож байсан асуудал хэдэн арван жилийн дараа дэлхийн хамгийн чухал технологийн суурь болж хувирсан юм.
Амжилтын цаана байсан хамгийн том алдаа
NVIDIA-ийн замнал шулуун байсангүй. Хуанг өөрийнхөө ярьсан илтгэлүүдэд компанийн эхний жилүүдийн томоохон алдаануудын талаар нээлттэй дурссан байдаг.
Тэд SEGA компанитай тоглоомын төхөөрөмжийн чип боловсруулах томоохон гэрээ байгуулжээ. Гэвч салбарын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, NVIDIA гэрээгээ хэрэгжүүлэхэд асар их хүндрэлтэй болсон байна.
Компанийн хувьд энэ нь бараг сүйрэлд хүргэх хэмжээний цохилт байв. Хуанг үүнийг хожим “биднийг бараг мөхөөсөн” алдаануудын нэг хэмээн дурдсан аж. Харин тэр алдаагаа нуухын оронд хүлээн зөвшөөрч, тусламж хүссэн нь компанийг авч үлдэхэд чухал алхам болсон гэж ярьжээ.
Хуангийн хувьд алдааг амжилтын эсрэг зүйл гэж үздэггүй. Алдаа бол суралцах үнэ. Заримдаа бүр ирээдүйнхээ төлөө төлөх хамгийн үнэтэй сургалтын төлбөр аж.
Бусдын хараагүй ирээдүйг харах
NVIDIA-ийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь 2007 онд гарчээ. Тус компани GPU-г зөвхөн компьютер графикт ашигладаг технологи хэвээр үлдээхгүй, ерөнхий зориулалтын тооцоололд ашиглах боломжийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулсан байна.
Тухайн үед энэ шийдвэр бүх хүнд ойлгомжтой байгаагүй ч Хуанг нэг зүйлийг ойлгожээ. GPU зөвхөн зураг зурах машин биш байж болохын зэрэгцээ тооцоолох чадвар ирээдүйд асар олон төрлийн асуудлыг шийдэж чадна гэдгийг.
Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, түүний хэл боловсруулах дэвшилтэт загварууд, робот, өөрөө жолооддог автомашин, шинжлэх ухааны тооцоолол гэх мэтээр ярьж байгаа нь тэр урт хугацааны технологийн замналын үргэлжлэл юм.
Тиймээс Хуангийн хамгийн том амжилтыг зөвхөн NVIDIA-г байгуулсан явдал гэж хэлэхэд хангалтгүй. Түүний жинхэнэ амжилт бол компьютер хэрхэн тооцоолох тухай ойлголтыг өөрчлөхөд оролцсон явдал аж.
Өнөөдөр тэр ирээдүйн тухай ярьж байна
Хуангийн нөлөө технологийн салбараар хязгаарлагдахаа больжээ. 2026 оны есдүгээр сарын 2-нд тэрбээр АНУ-ын Хойд Каролина мужийн Чапел Хилл хотод болсон технологид төвлөрсөн G20-ийн уулзалтад оролцож, хиймэл оюуны зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр AI-ийн зөвхөн таамагласан эрсдэлд тулгуурласан хэт өргөн зохицуулалт хийхээс болгоомжилж, бодитой үүссэн асуудалд чиглэсэн зохицуулалт хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ бол нэгэн цагт Denny’s-д аяга таваг угааж байсан хүү өнөөдөр дэлхийн томоохон эдийн засаг, технологийн бодлогын хэлэлцүүлгийн ширээнд сууж байгаагийн илэрхийлэл.
Гэхдээ энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь албан тушаал биш, түүний амьдралын эхлэлээс өнөөдрийн байр суурь хүртэлх зам аж.

“Би амжилттай байсан. NVIDIA-г эхлүүлэх хүртлээ...”
Хуанг нэгэн удаа оюутнуудтай уулзахдаа NVIDIA-г байгуулсны дараа асар том алдаануудтай тулгарч, зарим нь компани оршин тогтноход хүртэл заналхийлж байсан талаар ярьжээ. Түүний хувьд амжилт гэдэг хэзээ ч алдаа гаргахгүй байхын нэр биш, харин унасан үедээ босож сурах гэсэн үг аж.
Тэр нэгэн илтгэлдээ залууст “Яв, гүй” гэсэн санаа дэвшүүлж, гэхдээ гүйх үедээ бүдрэхэд бэлэн байх ёстойг сануулсан байна. Тэр бол зөвхөн технологийн бизнесмен биш. Алдаа гаргаж, эргэлзэж, багагүй бүтэлгүйтэж байжээ. Гэхдээ тэр огт зогсоогүй аж.
Ирээдүйг бүтээдэг хүмүүс
Өнөөдөр NVIDIA-ийн технологийг дэлхийн олон салбарт ашиглаж байна. Компанийн өөрийн мэдээллээр, 40 мянга гаруй байгууллага NVIDIA-ийн AI технологийг ашиглаж, дөрвөн сая гаруй хөгжүүлэгч тус компанийн технологийн экосистем дээр ажилладаг байна.
Хуанг 2026 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр томилогдон, Үндэсний инженерийн академийн гишүүнээр сонгогджээ. Түүнийг TIME, Fortune, The Economist зэрэг байгууллагууд дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес, технологийн хүмүүсийн нэгээр нэрлэсээр иржээ.
Гэхдээ түүний түүхийг зөвхөн энэ амжилтаар хэмжихэд бас учир дутагдалтай аж. Учир нь, хүний амьдралын үнэ цэн заримдаа хаана хүрсэндээ бус, хаанаас эхэлснээ мартдаггүйд оршдог.
Портландын нэгэн рестораны гал тогоонд аяга таваг угааж байсан хүү дэлхийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Түүний амьдрал бидэнд нэг л зүйлийг хэлж байна. Тодруулбал, “Чи заавал тэрбумтан болох ёстой” гэж хэлдэггүй.

Өнөөдөр жижигхэн санагдаж байгаа санаагаа битгий гол. Өнөөдөр гаргасан алдаагаа битгий амьдралынхаа төгсгөл гэж бод. Бусад хүн хараад итгэхгүй байсан ч өөрийнхөө харж буй ирээдүйд итгэх зоригтой бай. Хамгийн гол нь амжилтаас илүү удаан тэсэх чадвар хүнийг хол авч явдаг байна.
Нэгэн цагт ирээдүйгээ хаана хүрэхийг мэдэхгүй байсан хүү өнөөдөр дэлхийн ирээдүй ямар байх талаар бусадтай ярилцаж байна. Түүний түүхийн хамгийн сайхан хэсэг нь магадгүй энэ:
Тэр ирээдүйг хүлээж суусангүй. Түүнийг өөрөө бүтээлцсэн билээ.
Эх сурвалж: NVIDIA NEWSROOM, NVIDIA CORPORATE HISTORY, NVIDIA BLOG, REUTERS.